Анхны бага хурал, ахмадуудаа дурссан харваа

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 21 -нд

Үндэсний сурын харвааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 133 дугаар зарлиг буулгасны 10 жилийн ойн хүрээнд МҮСХ-оос цөөнгүй ажил зохиож байна. Саяхан МҮСХ, Монголын уламжлалт харваачдын холбоо (МУХХ), аймгийн ЗДТГ, аймгийн Нэгдсэн музей хамтран "Монгол Улсын үндэсний сурын харваа" сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг Сүхбаатар хотод явуулав. Энэ бага хуралд "Үндэсний сурын харвааны үүсэл хөгжил" /Сурын холбооны хүндэт Ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, профессор, спортын мастер С.Батхуяг/, "Эртний монгол цэргийн гол зэвсэг" /Түүхийн ухааны доктор, профессор Ж.Базарсүрэн/,  "Монголын уламжлалт харваа" / МУХХ-ны дэд тэргүүн, спортын мастер М.Зоригт/, "Сэлэнгэ аймгийн үндэсний сурын харвааны түүх" /Мэргэчүүдийн зөвлөлийн дарга, аймгийн сурын холбооны тэргүүн, улсын мэргэн Ж.Сүхбаатар / , "Удам дамжсан харваачид"  / Улсын мэргэн, спортын мастер П.Гарамдорж/ зэрэг түүхэн баримт дэлгэсэн сонирхолтой илтгэлүүд тавигдаж, бага хуралд оролцогчдоор шүүн хэлэлцүүлэв. Энэ үеэр Алтанбулаг хотод байгаа аймгийн Нэгдсэн музейд үндэсний сурын харвааны түүхэн хөгжлийг харуулсан үзвэрийн булан нээж, музейн сан хөмрөгийг баяжуулсан юм. Бага хуралд оролцогчдыг аймгийн ЗДТГ хүлээн авч хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул сурын холбооны хүндэт мэргэн Даржаагийн Жамбаагийн нэрэмжит хүүхдийн харваа сурын талбайд болж, уг харваанд 50-иад өсвөрийн харваачид оролцон цэц мэргээ уралдуулав. Хөвгүүдээс Т.Дамдинбазар /Төв/ 23 онож түрүүлэн, удаах байрт Г.Содбилэг /Петровис/, М.Сосорбарам /Булган Бүрэгхангай/, Ш.Шинэмөрөн /Төв/, А.Сайнболд /Хэнтий/ нар шалгарсан. Охидоос Б.Мөнхтуяа /Улаанбаатар/ 23 онож манлайлан, Д.Энэрэл / Төв/, Г.Бямбасүрэн /Орхон/, Э.Биндэръяа /Өмнөговь/, Б.Санчирнаран/Төв/ нар  шагналт байр эзлэв. Мөн хүүхдийн харвааны дараа Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул үндэсний сурын ууган мастер, улсын мэргэн Шагдарын Жамбасамбуугийн нэрэмжит харваа 21 дэх удаагаа амжилттай болж өндөрлөв. Энэ харваанд Төв, Хэнтий, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өммөговь, Дорноговь аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээс 120-иод харваачид оролцсон юм. Эрэгтэй харваачдаас 40 сумаас 29 оносон спортын мастер Б.Жалбаа, Р.Амарболд, Н.Өлзийбилэг нар тэргүүн байрын төлөө товх харвахад аль хэдийнэ 70 нас зооглосон ахмад харваач, спортын мастер Б.Жалбай /Петровис/ анхны сумаар онож, залуу мастеруудыг ардаа орхин урамтай сайхан түрүүлж, харваачдаа баярлууллаа. Түрүү байрын товхоос мултарсан хоёр залуу мастер сум уралдуулсаар сүв эргэх мөчид Н.Өлзийбилэг /Багануур/ онож хоёрдугаар байр ззлэн Р.Амарболд / Хэнтий/ гуравдугаар байрт орж, спортын мастер Ц.Энхчулуун, Улсын мэргэн, спортын мастер Б. Баярсайхан  нар дөрөв, тавдугаар байрны шагнал хүртэв. Эмэгтэйчүүдээс энэ оны нээлтийн харвааг магнайлсан Улсын мэргэн, спортын мастер Х.Оюунчимэг /Төв/ 40 сумаас 26 онож түрүүлэн, Улсын мэргэн спортын мастер С.Энхтунгалаг /Алдар/, спортын мастер С.Цэрэнбуу /Алдар/, Б.Пунсапдулам / Өвөрхангай/, Б.Бямбаа / Өмнөговь/ нар  шагналт байрт шалгарсан юм. Ийнхүү сурын талбайд нэр алдраа мөнхөлсөн Сурын холбооны хүндэт мэргэн Д.Жамбаа, Улсын мэргэн, спортын мастер Ш.Жамбасамбуугийн үр хүүхэд, ач зээ нар энэ харваануудыг ивээн тэтгэж, харваачдынхаа хамт эрхэм буурлуудаа эргэн дурсаж хүндэтгэл үзүүллээ. Хравааны үеэр шиврээ бороо  үе үе ширүүсч, харваанд зарим бэрхшээл тулгарсан ч уухайн түрлэгт тэнгэр бурхан уяран харваа амжилттай болсон. Харваачид маань удахгүй болох улсын аваргын харваандаа  цэц мэргээ уралдуулах бэлтгэлээ базаахаар уухайгаа аялан нутаг нутгийн зүг хөлгийн жолоогоо залан алсын замдаа гарцгаалаа. П.Гарамдорж /Улсын мэргэн, спортын мастер/

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна