Дэгээнд унадаггүй дархан Арслан

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 21 -нд

30 гаруй жил улсынхаа дэвжээнд хүч үзэж, арвантаа шөвгөрсөн улсын арслан Ж.Хайдав хавирах, баруун хөл аваад татаж суулгах мэхээрээ алдлартай. Арслан шиг зүүн золгон шуудагдаж хавирдаг бөх одоо хэр нь төрөөгүй байгаа гэдэг. Тухайн үеийн бөхчүүд бүгд л өөр өөрсдийн “дархан мэх”-тэй байсан. Ж.Хайдав Арслангийн хувьд хав дөрвөлжин барьцнаас шуудагдан татаж хавирдаг мэх дархан байсан. Мөн баруун хөл сууж аваад, хойш ухарч бөгсөөр нь татаж суулгах, тохой алгадаж хавирах, зөрүүлж хавирах, зүүн суганд явж хонгодох зэрэг мэхнүүдийг даацтай сайхан хийж барилддаг. Ж.Хайдав Арслан дэгээнд унана гэж харин байдаггүй байсан гэж бөхийн хорхойтнууд ярьдаг. Хав дөрвөлжин барьцнаас хутгасан дэгээг хариулж, хамгаалахад эвгүй байдаг. Гэсэн ч Булганы Арслан дэгээ Батчулуун, Өвгөнхүү Харцага зэрэг дэгээ сайн хийдэг техник, бяр сайтай бөхчүүдтэй барилдаад унаагүй түүхтэй. Тэрээр АХ-ын 50 жилийн ойн баяр наадмаар түхайн үедээ хоёр Мөнх аваргатай ана мана үзэлцэж байсан Галдандагва Начинг тавын даваанд баруун хөлийг авч, араар нь суулгах мэхээрээ хаяж олныг шуугиулж байсан бол Дэмүүл Арсланг тохой алгадаж хавирах мэхээрээ давж байсан гэдэг. 1972 онд долоогийн даваанд Даян Аварга С.Цэрэнг хав дөрвөлжин барьцнаас хавирах мэхээрээ давж, домог болсон аваргыг үзэгчдын суудалд суулгаж байсныг наадамчин олон одоо хэр нь мартаагүй байдаг юм билээ. Аливаа мэхийг хийхийн тулд нэгдүгээрт барьцандаа хүрэх нь хамгийн чухал байдаг. Шуудгаа яаж олж авах вэ, хонхор суга, сэрвүү барьцанд яаж хүрэхээс шалтгаалж, мэхийг төгс хийж болдог хэмээн залуу хойч үеийнхэндээ өөрийнхөө нууцыг харамгүй задалсан.

Дэрлэх мэх

Мэх хийхэд барьц маш чухал. Мөрийн арын барьцаа хонхор суганы барьц болгож, гарыг сугандаа хавччихна. Тэгээд нөгөө гараараа шуудагнаас барина. Шуудгаа тавиулах гээд хойшоогоо хөлөө хаяхаар нь дэрлээд уначихдаг юм.

Хавирах мэх

 Дэрлээд унахгүй бол нэг гар шуудагны барьцтай, нөгөө гараараа суганы барьцнаас бариад татчихдаг. Хавирах мэхийг хийхэд гарын бяр, таталт маш сайн байх ёстой. Цээжийг сайн наалдуулж татаж хавирсан нөхцөлд хүн унахгүй байна гэж байхгүй. Цээж хөндий байвал хавирах мэх хийхэд тохиромжгүй байдаг.

Татаж суулгах мэх

Ухасхийсэн хүний баруун хөлийг нь аваад ухарчихаар нөгөө хүн дагуулж мэх хийх ямар ч боломжгүй болно. Тэгэхээр нь суганд нь толгойгоо хийгээд эргээд юм уу шуудагных нь араас аваад тойрохоор тэр хүн аяндаа араараа суудаг.

Д.Энхтуяа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна