Йорданы гүнж эрхэм дээдэс Хайя гүнж Олон улсын морин спортын холбоог тэргүүлдэг

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 13 -нд

1912 онд морин спорт, нарийвчилбал конкурыг хамгийн анх Олимпийн тоглолтонд оруулсан түүхтэй. Ингэж оруулснаар морин спортын зохион байгуулалттай холбоотой шийдэх ёстой маш олон асуудал байгааг сөхөн гаргаж ирсэн юм. Олимпийн уралдаанд оролцсон морин спортын олон тамирчид дүрэм шаардлага хангахгүй байгаа, шүүгч боловсронгуй биш байна г.м. олон тооны гомдол гаргасан байдаг.
Энэ болон бусад олон тооны асуудал зөрчлүүдийг шийдэх үүднээс олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Пьер де Кубертен нь  Олон улсын олимпийн конгресс дээр өрнө дахины морин спортын бүх л нэр нөлөө бүхий хүмүүсийг цуглуулан  олон улсын тэмцээн уралдааны нэгдсэн дүрэм зэрэг асуудлуудыг хэлэлцэн зохицуулах оролдлого хийсэн байдаг. Гэвч ийм ээдрээтэй асуудлыг ганц удаагийн уулзалтаар шийдэх боломжгүй нь яваандаа тодорхой болжээ.
Шийдэх ёстой олон асуудлуудын дотроос орон орны үндэсний холбоодоор хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн нэг дүрэм, тэмцээн явуулах журам хамгийн ихээр үгүйлэгдэж байлаа. Харин энэ бүхнийг нэгдсэн нэг байгууллага нь гарган хэрэгжүүлж, хяналт тавих боломжтойг бүгд ойлгож байсан болохоор 1921 оны 5-р сард Франц, Шведийн морин спортын үндэсний холбоод нь Олон улсын морин спортын холбоо буюу FEI нэртэй байгууллага байгуулах саналыг гаргажээ. Энэ хоёр улсын саналыг дэмжиж FEI-ийг анхны гишүүд ба үүсгэн байгуулагчдаар нь Швед, Дани, Бельги, АНУ, Франц, Итали, Япон, Норвегийн үндэсний морин спортын холбоод оролцжээ.
Эдгээр улсууд нь зүгээр нэг тохиолдлын байдлаар FEI-ийн үүсгэн байгуулагчид болчихсонгүй. Тухайн үеийн морин спортод Франц, Шведэд манлайлж байсан бол цөөнгүй зарим нь зохион байгуулалтын муугүй туршлага хуримтлуулаад байсан юм. Жишээлэхэд, АНУ-ын үндэсний холбоо нь 1919 оноос, Швед 1912 оноос, Бельгийн холбоо 1885 оноос тогтмол үйл ажиллагаа явуулан олон тооны уралдаан тэмцээнийг зохион байгуулсан туршлагатай байв.
Холбоог зохион байгуулах найман орны холбоодын ерөнхийлөгч, төлөөлөгчид нь 1921 оны 11-р сарын 24-25 онд Парис хотноо цуглан FEI-ийн анхны дүрэм ба олон улсын уралдаан явуулсан нэгдсэн журмыг баталжээ. Бүх бичиг баримтуудыг Францын үндэсний холбооны төлөөлөгчид боловсруулсан байхаар тооцсон учраас FEI-ийн албан ёсны хэлээр франц хэлийг сонгожээ. Мөн анхлан баталсан FEI-ийн далбаан дээр могойг жадлаж байгаа Ялагч Георгийн дүрмийг цагаан талбар дээр дүрслэн харуулсан байдаг. Энэ дүрмийн тойрсон хар хүрээн дээрх Олон улсын морин спортын холбоо гэсэн бичгийг мөн л франц хэл дээр хийсэн байдаг.
Хаад ноёдын суудал
FEI-ийн анхны ерөнхийлөгчөөр барон дю Тейл гэгч францын язгууртан сонгогджээ. Түүний дараагаар 1927 оноос эхлээд голландын Жерит Йохансен Марис 1929 он хүртэл тэргүүлж, залгаад мөн л голландын Чарльз ван Уффорд 1931 он хүртэл ажилласан юм.
Харин 1931-1935 онуудад FEI-ийн ерөнхийлөгчөөр АНУ-ын генерал, АНУ-ын морин цэргийн дарга Гай В.Генри ажиллаж байлаа. Дараа нь германы барон Макс вон Холзинг-Берстет сонгогдсон ч жилийн дараа нь голландын Чарльз ван Уффорд дахин сонгогджээ. 1939 онд финляндын Магнус Ридман сонгогдсон байдаг. Гэвч дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн болохоор FEI үйл ажиллагаа ёс төдий явагдаж байсан гэж болно. Дайн дууссаны дараа буюу 1946 оноос Бельгийн барон Гастон де Трайнно 1954 он хүртэл FEI-ийг удирдав. Энэ хүн бол FEI-ийг ерөнхийлөгчийн суудалд суусан хаан угсааны бус сүүлчийн хүн болсон юм. Түүний дараагаар Олон улсын морин спортын холбоог 10 жилийн хугацаатайгаар Нидерландын хунтайж Бернарт тэргүүлсэн байна.
FEI –ийг Британы хунтайж, Эдинбургийн герцог Филип 1964-1986 хүртэл 22 жил удирдах хугацаандаа ихээхэн өөрчлөлт шинэчлэлт оруулсан юм. Хунтайжийн санаачлагаар морин спортын албан ёсны төрлөөр драйвинг сонгогдож байв.
1986 FEI-ийн ерөнхийлөгчөөр Филипп хунтайж ба Английн хатан хааны охин Анна гүнж сонгогдсон юм. Анна гүнж нь энэ суудалд сонгогдсон анхны эмэгтэй болсон бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ суудалд дан эмэгтэйчүүд сонгогдсон ажиллаж байгаа юм. Анна гүнжийн дараагаар Испаны угсаа залгамжилсан гүнж Пиляр де Бурбон сонгогдсон 2006 оноос эхлэн Йорданы гүнж эрхэм дээдэс Хайя гүнж тэргүүлж байгаа юм.
Үйл ажиллагаа
Байгуулагдсан цагаасаа хойш FEI нь дэлхийн хоёрдугаар дайн эхлэх хүртэл үр бүтээлтэй ажиллаж байв. Энэ хооронд дотоод дүрмээ дөрвөн удаа шинэчлэн сайжруулж, гишүүд нэмж элсүүлж байсан бөгөөд 1936 оны байдлаар Европ, Ази, Америк, Африк, Австралийн 31 орны үндэсний холбоод элссэн байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайн FEI-ийн үйл ажиллагааг долоон жилийн турш зогсоосон юм.  1946 оноос хойш өнөөдрийг хүртэл FEI нь тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд одоогийн байдлаар 130 гаруй үндэсний холбоод багтаж байна.
FEI нь найман төрлийн морин спортыг хариуцан ажилладаг. Үүнд: конкур, сургалт, гурван төрөлт гэсэн олимпийн төрлүүд, мөн драйвинг, холч морьдын уралдаан, рейнинг, вольтижировк, параолимпик морин спорт. FEI олон жилийн туршид морин спортыг Олон улсын олимпийн хорооны явуулгаас аварч гарах шаардлагатай болж байв. Тухайлбал, Олон улсын Олимпийн хороо нь гурван төрөлтийг аюултай гэдгээр шалтаглан хасах, оролцогчдын тоог цөөрүүлэхийн тулд багийн оноо тоололтыг зогсоох, сургалтыг ойлгомжгүй гэж хасахыг оролдож байсан ч тухай бүрт FEI нь олимпийн төрлүүдийг нэр төртэйгээр хамгаалж чадаж байлаа.
Морин спортыг зөвхөн олимпийн төрлөөр хязгаарлах нь өрөөсгөл байсан болохоор FEI нь дэлхийн олон улсад алдартай ч олимпийн биш төрлүүдийг бүртгэн албан ёсоор зөвшөөрч эхэлсэн байдаг. Ингэснээр 1970 онд драйвинг хамгийн анх FEI –ийн төрөлд багтаж байсан бол 1983 онд холч морьдын уралдаан ба вольтижировка орж байсан. 2000онд АНУ-ын хүчтэй лоббины дарамтаар рейнинг нь Олон улсын морин спортын холбооны төрлөөр сонгогдсон.  Үүний дээр морин спортын паралимп хороо нь  FEI-ийн эгнээнд элссэн  юм.
Бүтэц ба санхүүжилт
FEI –ийн бүтэц нь сүүлийн 65 жилийн туршид бараг өөрчлөгдөөгүй. Удирдах дээд алба нь FEI-ийн Ерөнхий Ассемблей бөгөөд жил болгон хуралддаг. Энэ хуралдаанд FEI-гийн бүрэлдэхүүнд багтдаг үндэсний бүх холбоодын төлөөлөгчид оролцох ёстой. Ассемблей дээд удирдлагыг сонгохоос эхлээд бүх чухал асуудлуудыг шийддэг.
Ерөнхий Ассемблейн хуралдаан хооронд FEI-ийн товчоо нь удирдах дээд байгууллага нь болдог. Товчооны бүрэлдэхүүнд FEI-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид, спортын төрөл тус бүрээр нь техникийн хороодын тэргүүлэгчид, бүс нутгийн бүлгийн тэргүүлэгчид, санхүүчид  орно. FEI-ийн гүйцэтгэх зөвлөл нь хяналт ба удирдлагыг гүйцэтгэдэг. Гүйцэтгэх зөвлөлд нь зөвлөлийн ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгч, санхүүч, бүс нутгийн аль нэг бүлгийн тэргүүлэгч, стратеги төлөвлөлтийн хорооны тэргүүлэгч орно.
Техникийн хороод нь тус тусын хариуцсан төрлийн дүрэм ба олон улсын тэмцээн зохион байгуулж явуулахыг ажлыг FEI-ийн өмнө хариуцаж байдаг. Одоогоор FEI-ийн бүрэлдэхүүнд конкур, сургалт, гурван төрөлт, драйвинг, рейнинг, вольтижировк, холч морьдын уралдаан, хүүхдийн морин спорт, пони спорт, паралимпик спортын техникийн хороод ажилладаг.
FEI-ийн бүрэлдэхүүн дэх мал эмнэлгийн хороо нь мал эмнэлгийн дүрэм боловсруулах, тэмцээн уралдаан дээрх эмнэлгийн хяналт тавих ажлыг хариуцдаг. Мал эмнэлгийн хорооны бүрэлдэхүүнд анагаахын дэд хороо байж байдаг.
FEI-ийн ёс зүйн хороо нь маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг гэж болно. Энэ хороо нь адуутай харьцах ёс зүйн журам, тамирчдын аюулгүйн асуудал, сайн дурынхан ба туслахуудын ажлын дүрэм, хэвлэл мэдээллийн хэрэгслээр морин спортын эерэг имиж бүрдүүлэх зэрэг ажлыг хариуцдаг.
Үүнээс гадна FEI-ийн бүрэлдэхүүнд дараах хороод багтаж байдаг, үүнд: стратеги төлөвлөлтийн хороо (морин спортын төрөл тус бүрийг хөгжүүлэн түгээхтэй холбоотой урт хугацааны төлөвлөлтийг хариуцдаг),  шүүх хороо (шүүгчдийн бэлтгэл, шүүлттэй холбоотой ажлыг хариуцна), нарийн бичгийн газар, санхүүгийн хороо. Санхүүгийн хороо нь тус байгууллагын санхүүгийн цагдаа ба нягтлан бодох ажлыг зэрэг гүйцэтгэдэг.  2005 оноос эхлэн  санхүүгийн менежер гэсэн шинэ албан тушаал нэмэгдээд байгаа юм.
FEI-ийн орлого нь дараах зүйлсээс бүрдэж байдаг, үүнд:
• Тэмцээн зохион байгуулагчдаас, тухайлбал тухайн тэмцээнийг FEI-ийн жилийн цагалбарт тэмцээнийг оруулсны төлөөх хураамж
• Зохион байгуулалтын хураамж (шагналын сангийн %-аар хэмжигдэнэ)
• Тэмцээн дээрх эмнэлгийн хяналтын хураамж (шагналын сангийн %  - аар тооцно)
• Адууны нэрийг сольсны төлөөх хураамж
• Олон улсын тавцанд шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх
Сүүлийн хэдэн жил дэлхийн хэмжээний эдийн засгийн уналт, санхүүгийн хямрал зэргээс үүдэлтэйгээр тэртээ тэргүй өндөр зардал шаардлагатай байдаг морин спорт нь багагүй хүнд үеийг туулан гарах хэрэгтэй болсон. Тиймээс ч энэ болон бусад олон асуудлыг шийдэх амаргүй зорилт Олон улсын Морин спортын холбооны өмнө тулгараад байгаа билээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна