Адууны жүчээнд заавал байх ёстой эм бэлдмэл, эрүүл мэндийн хэрэгсэл

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 12 -нд

Барууны орнуудын жүчээнд нэн тэргүүнд шаардлагатай эм бэлдмэл, хэрэгсэл бүхий эмийн сантай байхыг шаарддаг. Адууны амь нас, эрүүл мэндэд аюул учирсан тохиолдолд гарын доорх тэдгээр зүйлсээр анхны тусламж үзүүлэн мэргэжлийн малын эмч иртэл торгоох, хүлээх үүрэгтэй юм.
Цус тогтоогч бүс
Манайхан цус тогтоогч бүсийг жгут гэлцдэг. Мөчинд цус алдалт бүхий том шарх авсан үед боолт тавьж цусыг тогтоох боломжтой. Шархнаас тод өнгөтэй цус лугших байдлаар гарч байгаа бол артерийн судас гэмтсэний шинж. Ийм үед цус тогтоогч бүсийг шархны дээгүүр татдаг. Бүсний доор даавуу, хөвөн гэх мэт зөөлөн эд тавих хэрэгтэй.
Венийн судас гэмтсэн үед цус хар өнгөтэй, лугшилт байдаггүй бөгөөд цус тогтоогч бүсийг шархны доогуур тавина. Цус тогтоогч бүс нь чангарсны дараа өөрөө сулардаггүй болохоор удаан хугацаанд байлгах нь аюултай байдаг. Учир нь цусгүй болсон эд эс аажмаар хүчилтөрөгч, болон тэжээлийн дутагдалд орж үхэждэг.  Тиймээс зуны цагт тогтоогч бүсийг 1.5-2 цаг, өвөл 1 цагаас удаан тавьж болохгүй. Мөн шархыг чанга дарж боох байдлаар цусыг тогтоож болно. Шархыг цэвэр усаар угааж, повидон йод, монклавит, хлоргексидины 0.05% уусмал зэрэг ариутгагч бодисоор цэвэрлэх хэрэгтэй.
Туурайнаас гарах цусыг хурдан тогтоохын тулд марганцын нунтаг хэрэглэж болно. Ийнхүү цус алдалтыг түр зогсоосны дараагаар дуудсан эмчийг ирэх хүртэл этамзилат, эсвэл дицинон зэрэг цус тогтоох үйлчилгээтэй тариа хийдэг. Зарим нь хүнд хийдэг Викасол нэртэй тариаг хийх замаар цус алдалтыг зогсоох гэдэг нь буруу юм. Учир нь Викасол нь цусны бүлэгнэх чанарыг нэмэгдүүлдэг К-3 витамин мөн ч гэлээ адуунд К-1 гэдэг онцгой витамин нь цусны бүлэгнэх чанарыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.
Антисептик
Жижиг шарх, шалбархай нь мөн элбэг тохиолддог асуудал. Арьс гэмтэнэ гэдэг хөрсөнд, жүчээнд асар олноороо байдаг өвчин үүсгэгч янз бүрийн халдвар нэвтрэх үүд нээгдсэнтэй адил. Тиймээс шарх авсан, шалбарсан бол удаалгүйгээр антисептик буюу үжлийн эсрэг уусмалаар ариутгах хэрэгтэй. 3%-ийн устөрөгчийн давхар исэл буюу перекисийн уусмал бол элдэв хориг байхгүй, хамгийн түгээмэл хэрэглэгддэг, хямд антисептик юм. Перекись шингээсэн хөвөн, тампоноор шалбархайг арчиж, тариурт соруулан шүрших замаар гүн шархыг угааж болно. Шарх маш өнгөц, арьсыг дөнгөж шалбалсан байлаа ч угаасны дараагаар йод, эсвэл түлдэг ногооны спиртийн уусмал түрхэж өгөх, эсвэл тусгай уусмал шүршиж өгнө. Ингэснээр цаашид шарханд бохир, нян орохоос сэргийлнэ. Шарх гүн үед оёо тавьдаг. Ингэхдээ спиртийн уусмалыг хэрэглэж болохгүй бөгөөд усан суурьтай тусгай уусмалаар шархыг норгон ариутгасан боолтоор боодог. Түлдэг ногоон, йод, спиртийн уусмал нь нянгаас сайн сэргийлдэг ч зөвхөн өнгөц гадар шарханд тохиромжтой бөгөөд арьсанд хэт их түрхсэн үед арьсны эсийн ургалтыг удаашруулдаг гэдгийг бас л тооцож байх хэрэгтэй. Марганцын сулавтар ягаан өнгөтэй уусмалыг ч бас морины шарх, түлэнхийг ариутган цэвэрлэх уусмал болгон хэрэглэж болно.
Бактерийн эсрэг үйлчилгээтэй тос
Жүчээнд байгаа адуу нь чийг бамтай холбоотой нойтон яранд баригдах нь цөөнгүй. Тиймээс жүчээ болгонд нойтоны ярны эсрэг үйлчилгээтэй тос заавал байх ёстой. Нойтон ярыг эмчлэхдээ гэмтсэн хэсгийг ариутгалын уусмалаар эхлээд цэвэрлэнэ. Цэвэрлэн тавыг хуулсны дараагаар хатаагаад бактерийн эсрэг үйлчилгээтэй “Мастиет форте”, “Тридерм” зэрэг тос түрхэнэ. Харин шархыг сайн хатаах хэрэгтэй бол цайрын тос түрхэж болно. Оросын “Зорька” нэртэй тос ч бас бий.
Нүдний эм
Нүдний гэмтэл маш ноцтой тул нэн даруй малын эмчид хандахыг зөвлөх байна. Бие даан эмчлэх гэх нь хараагүй болох хүртэл ноцтой үр дагавартай болохоор заавал мэргэжлийн тусламж авах хэрэгтэй. Малын эмчтэй зөвлөлдөн нүдний гэмтэл авсан эхнй үед яаралтай тусламж үзүүлэх зорилгоор хэрэглэх эм, бэлдмэлүүдийн жагсаалт гаргаж эмийн сандаа хийнэ.
Хөргөх хэрэгсэл
Гэмтэл авсны дараах эхний гурав хоногт шархыг сэрүүн байлгах хэрэгтэй. Тиймээс ил шархан дээр тусгай хөргөгч уут, эсвэл ариутгасан алчуурт ороосон мөс, цас тавьж болно. Шаврыг шөрмөс, холбоосын гэмтлийн үед хэрэглэх нь илүү тохиромжтой. Хөргөгч гелийг арьс нь гэмтээгүй газар нь түрхэж болно.
Боолт
Орчин үеийн боолтын хэрэгсэл нь шарханд наалдаггүй, бактерийн эсрэг үйлчилгээтэй, хэрэглэхэд хялбар гэдгээрээ уламжлалт самбай боолтоос ялгаатай. Жишээлэхэд, «Анималинтекс» боолт байна. Мөн түлэгдэлт, өнгөц шарханд Hartmann Hydrosorb боолт. Хөлөнд боолт хийхэд Vetrap уян боолт их эвтэй байдаг.
Шарх эмчлэх хэрэгсэл
Ноцтой, гүн шархыг малын эмч заавал цэвэрлэж боох ёстой ч жижиг шархыг өөрөө эмчилж болно. Ийм зорилгоор «Алюмизоль» нэртэй шүршлэгийг ашиглаж болох юм. Үүний дээр «Террамицин», “Чеми»  зэрэг шүршлэг  ч бий.
Антибиотикууд
Зөвхөн малын эмч л антибиотик хэрэглэх заалт өгч болно. Бие даан антибиотик эмчилгээ хийх нь сөрөг үр дагавар ихтэй. Гэхдээ эмч үзээд заалт өгсний цаг алдалгүй хэрэглэхийн тулд эмийн сандаа заавал байлгаж байх хэрэгтэй антибиотекүүд байна. Үүнд: Неопен байна. Энэ бол пенициллин ба неомицин агуулсан өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотик бөгөөд өдөрт 1 удаа булчинд хийх замаар хэрэглэдэг.
Пенстреп бас байна. Энэ антибиотик нь стрептомицин ба пенициллинийг агуулж байдаг. Дээрхтэй адил гэж болно.
Харин Кобактан нь маш хүчтэй бэлдмэл. Түүнийг судсаар болон булчинд хийх хэлбэртэйгаар гаргасан байдаг.
Ингэхдээ тосорхог, хэсэг болон задардаг уусмал буюу суспензуудыг хэзээ ч судсаар хийдэггүй гэдгийг тогтоож авахад илүүдэхгүй. Антибиотикийг өвчний бүх шинж тэмдгийг арилтал, нэмээд ахиад хоёр хоног гэсэн дүрмээр хийдэг.
Өвчин намдаагч ба үрэвслийн эсрэг бэлдмэл
Өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг троксевазин, вольтарен гэх мэтийн тосон түрхлэг, цацлага, шүршлэг зэрэг нь хэрэглэхэд эвтэй. Ийм эмийг гол нь ил шархан дээр бус харин тойрсон эрүүл, гэмтээгүй хэсэгт нь түрхдэг гэдгийг санаж байх хэрэгтэй. Харин тарьж, эсвэл уулгаж хэрэглэдэг "Фелиджет", "Фенилбутазон", "Флюниксин", "Бутадион", "Дальтазон" зэрэг эмийг эмчийн заалт, зөвлөгөө, хяналттайгаар хэрэглэх хэрэгтэй.
Харшлын эсрэг бэлдмэл
"Схайрцаграстин",  "Пипольфен" нь зэрэг нь харшлын эсрэг үйлчилгээтэйгээс гадна тайвшрулах, загатнахын эсрэг, бага хэмжээгээр базлалтын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрийг янз бүрийн харшил болон амьсгалын замын өвчний үед хаван, ханиалгын эсрэг хийдэг.
Базлалтын эсрэг бэлдмэл
Базлаж өвдөх нь маш түгээмэл асуудал болохоор базлалтын эсрэг бэлдмэл заавал байх ёстой. Ийм эм нь "Баскопам".
Зүрхний эм
Зүрхний дутагдал, эсвэл зүрхний гаралтай шокийн үед гарын доор шаардлагатай эмийн жагсаалтанд сульфокамфокаин байх нь хамгийн түгээмэл бэлдмэл юм. 
Энэ бол онолын үндэслэл бөгөөд практик дээр эмийг нэрээр нь дурдвал дараах байдалтай байж болно, үүнд:
Анальгин - 1 хайрцаг
Димедрол – 1 хайрцаг
Сульфокамфокаин - 1 хайрцаг
Кордиамин - 1 хайрцаг
Лазикс - 1 хайрцаг
Но-шпа - 1 хайрцаг
Новасул - 1фл
Фенилбутазон - 1 фл
Дексаметазон - 1 хайрцаг (или дексафорт  1 фл)
Шприц буюу тариур 20 мл - 10 ширхэг
Шприц буюу тариур 10 мл - 10 ширхэг
Шприц буюу тариур 5 мл - 10 ширхэг
Шприц буюу тариур 2 мл - 5ширхэг
Дусал – 3 ширхэг
Магнийн сульфатын давс – 10 уут
Хөвөн - 1 ширхэг
Ариутгасан боолт /бинт/ - 5 ширхэг
Гемастатичнеская хөөс - 2 ширхэг
Цус тогтоогч бүс - 1ширхэг
Эсмархийн аяга - 1ширхэг
Термометр - 1ширхэг
Нэг удаагийнг резинэн бээлий - 1 пара
Дицинон (этамзелат) - 1ширхэг
Вазилин - 1 литр
Натрия хлорид 0,9% - 1литр
Глюкоз 5% - 400мл
Монклавит - 1фл.
Халаагч гель
Хөргөгч уут, эсвэл хөргөгч гель
Наалддаг боолт /бинт/ - 1 ширхэг
Левомиколь - 1ширхэг
Новокаин 0,5% - 1 хуруу шил.
Нарийвчлан Монголын ахуйд илүү тохируулахын тулд өөрийн туршлага дээр тулгуурлаж, дээр нь малын эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна