ОХУ-д үржилд ашиглаж байгаа угшил сайтай адуунд жил бүр вирусын аборт гэх өвчний эсрэг вакцин хийдэг

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 07 -нд

(Огтхон ч илүүдэхгүй вакцинууд) 
Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн ухаалаг бөгөөд зардал багатай арга бол вакцинжуулалт юм. Адуунд ч энийг хэрэглэж болох нь таатай. Дөнгөж төрсөнөөс эхлээд вакцинжуулах замаар элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж болдог байна. Мэдээж улс болгон өөрийн байгаль, цаг агаарын онцлогоос шалтгаалаад ялгаатай вакцинжуулт хийдэг юм.
Жишээлэхэд, манай хойд хөрш ОХУ- д боомын эсрэг вакциныг жил болгон заавал хийх ёстой. Мөн адууны томууны вакциныг ч ялгаагүй хийлгэсэн байххэрэгтэй гэнэ.
Мөн лептоспироз нэртэй бас нэгэн өвчний эсрэг вакциныг хийлгэхийг зөвлөдөг. Энэ өвчнийг өөрөөр халдварт шар, эсвэл Васильев Вейлийн өвчин гэж нэрлэх нь ч бий. Адууны элэг, бөөр, мэдрэлийн системийг гэмтээдэг бөгөөд дэлхий дээрх хамгийн түгээмэл халдварт өвчний тоонд ордог байна. Учир нь энэ өвчин Антарктид буюу Өмнөд мөсөн туйлаас бусад газар өргөн тархсан байдаг. Арьсаар дамжин халдварладаг болохоор ялихгүй шархнаас үүдэж мэдэх учраас урьдчилсан сэргийлэлтийг эрт эхэлсэн нь дээр гэж үздэг ажээ.
Мөн өвчлөл урд нь гарч байсан бол үлд, бичил мөөгөнцөр зэргийн эсрэг вакциныг заавал хийлгэсэн байхыг мэргэжлийнхэн зөвлөдөг.
Үржилд ашиглаж байгаа угшил сайтай адуунд жил болгон вирусын аборт гэж нэрлэгддэг өвчний эсрэг вакцин хийдэг. Үүнээс гадна 2-3 жил тутамд татрангийн эсрэг вакцин, хэрвээ галзуу өвчн гарч байсан бол жилд гурван удаа галзуугийн эсрэг вакцин заавал хийлгэх ёстой гэж үздэг байна.
Энэ мэт заавал хийлгэх ёстой вакцин гэж байсан бол 1999 оноос хойш эзэн нь өөрөө мэдэх болжээ.
Дахин сануулахад энэ бол манай хойд хөрш Орост хийлгэдэг вакцинууд. Гэхдээ манай хоёр улс хил залгадаг, цаг агаар нь ялангуяа Сибирь хэсгээрээ адил төстэй болохоор эдгээрийн заримыг нь манай улсад ч гэсэн заавал хийлгэдэг байхад илүүдэхгүй  юм. Гэхдээ малын эмчийн заавраар гэдгийг зориуд сануулмаар байна.
Нэмж хэлэхэд Орост морийг хил давуулан худалдах, тээвэр, уралдаанд оролцох болгонд эдгээр өвчнийг илрүүлэх шинжилгээг хийж вакцин хийлгээгүй, эсвэл өвчин илэрвэл тухайн нутаг, сум, аймгаас гаргахыг эрс хориглодог. Ингэснээр элдэв халдварт өвчин газар авахаас сэргийлж байгаа нь ойлгомжтой.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна