Хурдан морины уралдаан бол төрийн хэрэг

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 05 -нд

Орчин үеийн буюу өрнөдийн хэлбэрийн морины уралдааныг анхлан англичууд Японд оруулж иржээ. Англичууд 1861 онд одоогийн Йокогамагийн нутагт анхны хурдан морины клуб байгуулж, 1880 онд гэхэд энэ клубын морин тойруулга дээр одоогийн эзэн хааны цом (Tenno Sho)-ын анхны уралдаан явагдсан аж. Тэр үед энэ уралдаан нь Микадогийн Ваар гэж нэрлэгддэг байсан бол 1905 оноос эхлэн уралдааны ялагчад Мэйжи эзэн хааны нэрийн өмнөөс цом гардуулан өгдөг болжээ. 1937 онд уралдааныг Токио руу шилжүүлснээс хойш Эзэн хааны цомын уралдаан буюу Тэнно Шо гэж албан ёсоор нэрлэгдсэн түүхтэй.

Орчин үед бол Эзэн хааны цомын уралдаан нь жилд хоёр удаа явагддаг. Хавар, дөрөвдүгээр сард Киотогийн морин тойруулга дээр 3200 метрт, намар, аравдугаар сард Токиогийн морин тойруулга дээр 2200 метрт уралдна. 

20-р зууны эхэн үе гэхэд Японы бүх том хотууд өөрийн гэсэн морин тойруулгатай болсон бөгөөд 1906 оноос эхлэн Японы зсгийн газар бооцооны тасалбар борлуулахыг шууд бусаар хөхүлэн дэмжих бодлого гэгчийг баримтлах болжээ. Тэрхүү мөнгөөр хурдан морины уралдааны цаашдын хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх болов. Гэвч нийгэмд үзүүлэх сөрөг дагавар их гэж үзээд удалгүй бооцоо тавихыг хориглон морин тойруулга, морин спортыг хөгжүүлэхэд шаардлагатай бүх хөрөнгийг төрөөс шууд олгох системд шилжсэн юм. Энэ журам өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд морин спорт өндөр хөгжсөн бусад улс орнууд талархан хүлээн авдаг.
1923 онд хурдан морины 11 клуб байгуулагдсан бөгөөд тэднийг эзэн хааны нийгэмлэгийг захиргаанд шилжүүлжээ. Сорилын албан ёсны дүрмийг баталж, хурдан морийг бүртгэх журмыг нэвтрүүлж, жокейүүдийг заавал лицензжүүлдэг болсноос гадна морины дасгалжуулагчдын тусгай сургалтын хөтөлбөрийг бий болгосон байна. 1936 онд сорилын системийн хууль зүйн үндэслэлийг гаргаж өгсөн “Хурдан морины уралдааны тухай” хууль батлагдажээ. 1954 онд  Японы нутаг дэвсгэр дээр хурдан морины уралдааныг зохион байгуулах, хянах бүх л үүргийн хариуцсан Японы хурдан морины холбоо буюу  JRA байгуулагдсан байна.

1932 онд Токио хотын төв морин тойруулга дээр Японы анхны Дерби явагдсан бол удалгүй бүх л сонгодог уралдаанууд явагдсан аж. Бүх цувралд түрүүлсэн анхны япон хурдан хүлгээр Ст. Лайт тодорсон байдаг. 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна