СТА Д.Цэвээнсүрэн: Ханийнхаа захиасыг биелүүлж, цайгаа хувааж уух хүнтэй болсон

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 05 -нд

МУГЖ Д.Банзрагч агсны гэргий СТА Д.Цэвээнсүрэн: Ханийнхаа захиасыг биелүүлж, цайгаа хувааж уух хүнтэй болсон

-Ард түмнийхээ сэтгэлд дуу хоолойгоороо мөнхрөн үлдсэн ханийн тань тухай ярилцах гэж байгаадаа таатай байна. Яриагаа та хоёрын анх танилцаж байсан дурсамжаар эхэлье?
-Намайг чуулгад дөнгөж ормогц бидний залуу дуучдыг аймгуудад 45 хоногоор урлагын бригадаар явуулсан юм.  Хоролсүрэн гавъяат, талийгаач бид гурав нэг гал болж явсан тэр үеэс л ханьтайгаа танилцаж, дотноссон юм. Өөрөөр хэлбэл урлаг л бид хоёрын амьдралыг холбосон доо. Тухайн үед хань маань ар гэртэй байсан ч амьдралд нь цав суучихсан, сэтгэлээр гундуухан явж байхад нь би таарчихсан шиг байдаг юм. Бид хоёр хэдэн жил хамтдаа сайхан амьдарч, нэг охинтой болсон. Тэр маань мартагдахын аргагүй сайхан хань байсан даа. Сэтгэл сайхантай, уран бүтээлийн хувьд агуу, хүнд тусархуу. Яахав жаахан өөлөхөд тургэн зантай боловч тэр нь дорноо алга болчихдог. Дэндүү шулуун шударга үгтэй, дарга цэрэг  хэнд ч хамаагүй үнэнийг нь хэлчихдэг болохоор жаахан хавчигддаг байсан байх.
-Хайрынхаа төлөө сайн муу олныг сонсож явсан байх. Д.Банзрагч гуай олонд нэртэй дуучин байсан болохоор түүнийг сонирхох эмэгтэйчүүд олон байсан гэх юм билээ?
-Цайны газар ороод хоол идсэн ч, гадуур хамт явсан ч хүмүүс хараад хоорондоо шивнэлдэхэд нь эхэндээ жаахан хэцүү байсан. Сүүлдээ дасаад тоохоо байчихдаг юм билээ. Хайрлаж хүндэлдэг дуучин гээд хүмүүс гудамжинд таарахаараа нэг шил юм аваад л өгнө. Тэр үед манай хүн архинд орчихож магадгүй л байсан. Тэгэхэд хүний өгсөн юмыг аваад сэржим өргөж амсчихаад буцаагаад өгнө. Тэр хүн нь үнэхээр танд зориулсан юм гэхээр нь халаасандаа хийгээд гэртээ аваад ирдэг байсан. Нөгөө талаар уран бүтээлд нь хайрладаг, дурладаг хүмүүс байсан. Янз бүрийн охид хүүхнүүдээс захиа их ирнэ. Бүр өнгөрөхөөс нь хоёр гурван жилийн өмнө ч захиа ирж байлаа шүү дээ. Нэг захиа нь одоо ч надад байдаг юм. Нэг бүсгүй арван жилд байхаасаа л манай хүний дууг сонсдог байгаад олон жилийн дараа захиа бичсэн байсан. Өнөөдрийн ажиллах эрч хүчийг та надад өгдөг, сэтгүүл сонинд гарсан ярилцлага, зургийг чинь бүгдийг хайчилж хураадаг гэсэн утгатай захиа байсан. Дараа нь ажил дээр нь очиж уулзахад надад их баяр баясгалан бэлэглэсэн гэсэн утгатай захиа ирүүлсэн байсныг нь би хожим олж үзсэн. Тэр эмэгтэй манай хүнээс хорь гаруй дүү байсан байхаа. Өвгөнийхөө тухай дурсамж ном гаргавал энэ захиаг бүрнээр нь оруулна гэж боддог юм. Үүнийг нь хань минь олныхоо дунд ийм нэр хүндтэй юм байна шүү гэж би бахархалтайгаар хүлээж авдаг байсан. Түүнээс надад элдэв муу зүйл бодогддоггүй байлаа. Бүр арван жилийн охидоос хүртэл захиа ирдэг байлаа шүү дээ.
-Тэр олон бүсгүйчүүдээс таныг л онцлох болсон нь бас учиртай байх?
-Үнэхээр сайхан хань байсан даа. Хэдий хорвоог орхисон ч өдөр хоног өнгөрөх тусам сайхан нь үлдээд, саар зүйл байгаагүй юм шиг санагддаг. Гадаад дотоод явахдаа надад хэлэхгүйгээр их бэлэг авчирч өгнө. Азербайджаны ардын урлалын цэцэгтэй бөгж авчирч өгч байлаа. Орос хэлд тааруухан болохоор орос монголоор хольж байж л авсан гэдэг. Гутал авчрахаараа “Хөгшний минь хөл сарвайтал харагдаад барагцаалаад авчихсан яг таарсан байна шүү” гэдэг юм. Лаос явж ирээд “Чамд гоё хослол авах гэсэн мөнгө хүрдэггүй дараа явахдаа заавал авчирна” гээд дараа нь явахдаа хослол авчирч өгч байж билээ.
-Эцсийн мөч хүртлээ уран бүтээлээ ярьсаар байсан гэдэг юм билээ?
-Өвгөн маань элэгний ракаар өвдөөд хэвтэрт хоёр сар гаруй болсон. Эхэндээ анальгин тариад өвчин намддаг байгаад сүүлдээ үйлчлэхээ больж, хар тамхины хольцтой тариа хийдэг болсон. Тариа хийлгэхээр хоёр гурван цаг л өвчин нь намддаг. Тэгэхэд “Хөгшин нь уг нь энэ “Мандал жүүжээ”-г /уртын дуу/ бичүүлчихмээр байна” гээд аялдаг байлаа. Тэгэхэд нь би “Яах юм бэ миний хөгшин биеэ зүгээр болохоор дуул” гэдэг байсан. Эцсийн мөч хүртэл босчих болов уу гэж горьддог юм билээ.Өөрөө ч “Орон дотроосоо ч гэсэн та хоёрынхоо амьдралыг аваад явахсан” гэдэг байсан. Би ч их арчаагүй, ханийнхаа гарыг хараад сурчихсан байсан болохоор охин бид хоёрт их л санаа нь зовдог байсан даа. Өвчин нь бүх биенд нь нөлөөлж, тариа хийхгүй л бол их хэцүү байдаг байсан. Болдогсон бол тал өвчнийг нь гэсэн авч зовлонг нь хуваалцахсан гэж хүртэл боддог байлаа. Өнгөрхөөсөө хориод хоногийн өмнө шээс нь гарахаа больж, хаван нь тулаад танилын шугамаар 2-рт эмнэлэгт хэвтүүлсэн. Тэнд 18 хоног хэвтсэн. Сэхээнд хүн сахиулах нь битгий хэл эргэлт оруулдаггүй байсан ч бид хоёрыг удахгүй хагацна гэдгийг мэдэж байсан учраас намайг 18 хоног сахиулсан. Сүүлдээ юм ууж чадахаа байгаад хэл нь хатчихна. Ургамлын тос, зөгийн бал, тараг гээд өөрийн дуртай юмаар минут тутамд хэлийг нь чийглэнэ. Нэгэнт наашлахгүй юм чинь та аваад гарна уу даа гэж эмч нь хэлсэн. Гэр рүүгээ ирэхдээ түргэний машинд хамт явсан Жамьяансүрэн гэж шавьдаа “Багш нь ингээд хэлээ гозойлгоод явж байна даа” гэж хэлж байсан гэсэн. Өвчинтэйгээ тийм тэвчээртэй тэмцсэн юм. Тухайн үед өвгөнийгөө аврах гэж яваагүй газар, уулзаагүй хүн гэж байхгүй. Сайн гэсэн болгонд үзүүлж харуулж байсан. Эмнэлгээс гараад гурав хоноод л яваад өгсөн. /уйлав/ Тэр өдөр өнөөдөр л юм шиг санагдаж байна даа. Өөрийгөө араас нь удахгүй явчих байх гэж боддог байсан шүү. Өнгөрөхийнхөө өмнө өрөөнд байсан хүмүүсийг гарч бай гэхээр нь би их эрх байсан болохоор “Би бас гарах юм уу” гэсэн чинь “Чи ч гэсэн гар” гээд ширүүхэн хэлж байна. Амьдралдаа ширүүн дуугарч байгаагүй болохоор захиасаа захих нь гэдгийг нь мэдсэн. Тэгэхэд дүү Жадамбаадаа захиасаа хэлж бичүүлсэн байсан. “Авсанд улаан хар даавуу оруулж болохгүй шүү. Алтан өлгийд тавихгүй бол эх орны аль ч газар яахав. Хөшөөг баруун аймгийн чулуугаар тавиарай. Хөшөөгөө битгий халуун сав шиг жижигхэн юм тавьчихаарай. Битгий төмөр хайс бариарай, цементэлж болохгүй. Байгальдаа л шингэг. Тайзан дээрээс гаргахдаа “Наран эрдэнийн эх орон”, буцахдаа “Будал цолмон хүрэн” дууг тавиараа гэсэн байсан. Намайг хүүхэд шиг өөрийнх нь гар хараад сурчихсан байсан болохоор бүх юмаа зохицуулчихсан байсан учраас надад ажил явдлынх нь үеэр хэцүү зүйл гараагүй. Захиснаар нь хөшөөг нь Хөвсгөл нутгийнх нь гурван тонн боржин чулуугаар, хайрцгыг нь цэнхэр ногоон даавуугаар бүрсэн. “Наран эрдэнийн орон” дуу нь яг л сүүлийн замдаа явж байгаа юм шиг утгатай юм билээ. /нулимс унагав/ Тиймээс би энэ дууг дуулчихья гэж бодож явдаг юм. Тэр үед “Будал цолмон хүрэн” гэдэг дууны ганцхан бадгийг мэддэг байлаа.
“Будал цолмон хүрэнг
Буцахынхаа аянд хаяарай
Буруу зөв хоёрыг
Буурал ээжээсээ асуугаарай” гэж.
Яагаад заавал энэ дууг тавиарай гээд байгаа юм болоо гэж гайхаж байсан л даа. Тэгээд нутаглуулчихаад буцах замдаа машинд тэр дууг нь сонсоход
            Цацал тойрмын усыг
            Цомбон хүрнээрээ туулна
            Цал буурал аавтайгаа
            Цаадах төрөлдөө уулзана
                Тохой тойрмын усыг
                Торомгор хүрнээрээ туулна
                Тун чиг янаг хүүгийнхээ
                Аашийг нь санаад хоргодно
Гэсэн үгтэй, надад захиас болгож байгаа дуу байсан. /уйлав/ Жил бүр газар дээр нь очиж цэцгийн үр аваачиж тарьдаг.
-Таныг ханийнхаа дурсгалд зориулж хөрөг хийлгэсэн гэдэг?
-Өнгөрөөд нэг жилийнх нь ой дээр хивсэн дээр хөрөг дүрийг нь мөнхөлж үлдээсэн юм. “Лусын дагина” гэж хувийн гар хивсний жижиг үйлдвэрийн хүмүүс бид хоёрын зурагтай хивс хийж өгсөн. Талийгаачийн зурагтай хивс одоо хэр нь манайд бий, үнэхээр адилхан шүү. 1998 онд хоёр жилийн ойд нь “Хүний заяа” нэртэй уран сайхны баримтат киног ах дүү найз нөхөдтэйгээ хамтарч хийсэн. Талийгаачийн дүү Жадамбаа гэр бүл хүүхдүүдийнхээ хамтаар ивээн тэтгэж хийлгэсэн. Тэд өнөөг хүртэл надад тусалж явдаг юм. Тэр кино приставкаар гардаг хуурцагтай. Приставка гэж одоо бараг байхгүй болчихсон болохоор үзэж болдоггүй нэг юм хураалттай байгаа. Тухайн үед хүмүүс их аятайхан юм болчихож гэж байсан.
-Талийгаачийг хамгийн олон радиогийн фондтой хүн гэдэг. Дуунуудаас нь шилж цомог болгох бодол бий юу?
-Манай хүн радиод 150-иад дуу бичүүлсэн байдаг юм. Монголдоо бараг нэг номер байх. Боломж нь байдаг бол уртын дуу, ардын дуу гээд тус тусад нь гаргачихмаар байдаг юм. Надад зориулж Б.Явуухулангийн шүлэг, Б.Жанцанноровын ая “Монгол бүсгүй” гэж дуугаа дуулсан. “Хөөрхөн бор монгол бүсгүй
    Хөдөө талын цэнхэр яргуй
    Наран таалах тэнгэрийн хаяа
    Найдан хүлээх сэтгэлийн уяа” гээд залуухан байхдаа дуулсан дуу бий. Би бүх л дуунд нь дуртай. Сонсох бүрд л уран нугалааг нь өөртөө шингээж авахыг хичээдэг. Ардын дууг гүйцэд, цааш нь илүү сайн дуулах аргагүй дуулсан байдаг.
-Уучлаарай, таныг цайгаа хувааж уух хүнтэй болсон гэж сонссон юм байна?
-Охин маань аавыгаа өнгөрснөөс хойш жилийн дараа хүү төрүүлсэн. Тэр маань охин бид хоёртоо буцаж ирсэн нь тэр байж. Охин маань уруулын будгаар аавынхаа баруун далан дээр нь тавьсан тэмдэг хүүгийнх нь зүүн нүдний зовхин дээр байдаг юм. Алтан хайрцгыг нь нээхэд эрдэм номтой хүү болно гэхээр нь тэр лам өвгөнөөс би гэрт нь төрүүлж өгөхийг гуйсан. Хүү маань хоёр гурван настай байхдаа намайг “хөгшөөн хөгшин” гэж дуудна. Таван настай байхдаа намайг “Чи одоо хүнтэй суумаар юм даа” гэж байсан юм. Энэ бол манай талийгаач амьд байхдаа надад хэлж байсан үг л дээ. “Миний хөгшин элдвийн юм бодолгүй цайгаа хувааж уух хүнтэй болоод цаашид амьдрал зохиогоорой” гэж байсан юм. Тиймээс ч би өвгөнийхөө дурсгалд зориулсан “Хүний заяа” киног хань маань эргэж төрж байгаа гэдэг санаагаар зээгийнхээ тоглож гүйж байгаа хэсгээр дуусгасан. Талийгаач бид хоёр бөх сонирхдог болоод хоёр жааз дүүрэн бөхийн зурагтай байсан. Хүү маань “Би чамд олоод өгнөө” гээд нөгөө жаазнаас “Энэ хүнтэй суух уу” гээд Ишгэн зааны зургийг заахад нь “Миний хүү наад хүн чинь нас барчихсан шүү дээ” гэсэн. Тэгээд нээрээ хүүгийнхээ зааснаар Ишгэн зааны найзтай суусан.
-Бөх хүн юмаа даа?
-Нэрийг нь хэлээд яахав. Улсын начин цолтой монголын нэг сайхан бөх бий. Манай энэ хүний эхнэр нь чуулгад ажилладаг байгаад өөд болсон учраас бид хоёр нэг нэгэндээ бараа болж, нэгнийгээ түшиж тулж явна даа. Үнэхээр сайн ханьтай байсан болохоор өөр хүнтэй ханилна гэж санаанд багтдаггүй байлаа. Ганцаардана гэдэг үнэхээр хэцүү байдаг юм билээ. Өнгөрсөн найман жилийг яаж ганцаараа туулсан юм болоо гэж боддогддог. Яахав найман жилийн дараагаас цайгаа хувааж уух хүнтэй болсон.
Ярилцсанд баярлалаа.
                    Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна