АНУ-ын хамгийн анхны лицензтэй жокей эмэгтэй

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 30 -нд

Кэти Кюшнер нь АНУ-ын морин уралдааны түүхэнд хамгийн анх жокейн лиценз авсан эмэгтэй юм. Тэрээр 10 наснаасаа эхлэн морь унаж эхэлсэн бөгөөд олон тооны уралдаанд түрүүлэн амжилттай уралдаж байжээ. Улмаар АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж 1964 оны Токиогийн Олимп, 1968 оны Мехикогийн Олимп, 1972 оны Мюнхений Олимпд морин спортын төрлөөр оролцож байсан юм. Мюнхений Олимпоос мөнгөн медаль авсан байдаг.
Үүнээс гадна 1963 онд Сан Паулуд болсон Панамерикийн тоглолтод оролцон алтан медаль авсан байна. 1963, 1964 онуудад АНУ-ын шигшээгийн бүрэлдэхүүнд өндөр амжилт гаргасан төдийгүй 1966 онд олон улсын Гран-при уралдаанд түрүүлж, дараа жил нэг жилийн дотор өндөр зэрэглэлийн хоёр чухал уралдаанд хоёр жил дараалан нэг мориор түрүүлсэн анхны хүн болсон юм.
Ингээд тэрээр 1967 онд Мерилэнгэд мужид мэргэжлийн жокейн лиценз авах хүсэлтээ гаргасан боловч лиценз олгогчид нь бодитой шалтгаан дурдалгүйгээр түдгэлзсэн хариу өгсөн байна. Үүний дараагаар тэрээр “Жокей болоход техник, ур чадвар нь бяр чадлаас илүү чухал. Энэ бол эрэгтэй хүнтэй шатар тоглохтой л адил. Тиймээс би тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ. Жилийн дараа буюу 1968 онд Мерилэнг мужийн шүүхээс түүнд хүйсээр ялгаварлан гадуурхаж лиценз олгоогүй гэж үзээд лиценз олгох шийдвэр гаргасан юм. Ийнхүү тэрээр Америкийн түүхэн дэх хамгийн анх лиценз авсан эмэгтэй жокей болсон билээ.
Ийнхүү мэргэжлийн жокей болсноор өндөр бооцоотой цэвэр цусны хурдан морьдын уралдаанд оролцох эрхтэй болдог билээ.
Харамсалтай нь хөлөө гэмтээснээс болж уралдаанд оролцож чадаагүй ч дараа жилээс нь 9-р сарын Поконо Даунсын уралдаанд түрүүлсэн юм. Гэвч тэрээр жин хурдан нэмэх болсон тул мэргэжлийн жокейгээрээ хурдны морины уралдаанд удаан оролцож чадаагүй юм. Гэхдээ тэрээр сонирхогчдын морин спортод оролцох болж АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж 1972 оны Мюнхений олимпоос медаль авсан. Түүний нэрийг Конкурын алдрын тэнхимд мөнхөлсөн юм.
Кюшнер зөвхөн морин спорт, хурдан морины уралдаанд авьяаслаг төдийгүй чадварлаг нисгэгч, марафон гүйлтийн нэртэй тамирчдын  нэг бөгөөд 1997 онд Вермонтод болсон 100 милийн тэсвэрийн уралдааныг 27 цаг 37 минутын дотор туулж байсан байдаг.
Түүнд 2005 онд АНУ-ын морин спортын хүндэт медаль гардуулжээ.
Тэрээр одоо дасгалжуулагч, сургагч, шүүгчээр ажиллаж байна.

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна