Хүнд ачлагын адууны үүлдэрүүд

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 30 -нд

БРЕТОН АДУУ
хүнд ачлагын адуу
Жин ихтэй тэргэнд хөллөхөд зориулагдсан энэхүү үүлдрийг Францын баруун хойд бүс нутагт байдаг Бретон нэртэй нутагт гаргаж авсан болохоор ийнхүү нэрлэх болжээ. Олон зуун мянган жилийн түүхтэй болохоор зарим нь Европоор нүүдэлж явсан аричүүдын үлдээсэн өв гэх. Харин нөгөө хэсэг нь кельт овгийн дайчдын унадаг байсан адууны удам гэж тайлбарладаг. Ямар ч байсан нэгээр тогтохгүй олон зуун жилийн турш үргэлжилсэн шилэлт сонголтын үр дүн гэдэг нь тодорхой.
Бретон адууны толгой том, дөрвөлжиндүү, хажуу талаас талаас харахад шулуун. Хүзүү богино, хүчирхэг, бага зэрэг гулзайсан. Бие богино, зузаан, хавирга товгор, тод зааглагдсан хүчирхэг хондлойтой. Мөч богино ч маш хүчирхэг. Сэрвээгээрээ 152-165 см өндөр, зүс хээр голдуу, цөөн тохиолдолд саарал. 1951 оноос хойш Бретон үүлдрийн адуу үржүүлэгчдийн холбооноос үүлдрийн цэвэр байдлыг маш хатуу чанд шалган сахих болсон. Төрсөн унага бүрийг олон янзын сонжоо, шалгуураар шалгаад зүүн талд нь Л гэсэн тусгай тамга тавьж жинхэнэ бретон үүлдрийнх гэдгийг баталгаажуулсны дараа л цэвэр цусных мөн гэж үздэг.
ВЛАДИМИРЫН
хүнд ачлагын адуу
Сэрвээгээрээ 165 см хүртэл өндөр, бие томтой ачлаганд зориулж тусгайлан гаргаж авсан үүлдэр. Оросын Владимирын мужид анх гарган авсан болохоор ийнхүү нэрлэх болжээ. Анх 1946 онд тусдаа бие даасан шинэ үүлдэр гэж бүртгэгдсэн байдаг.
Өлчир чийрэг, хөдөлгөөн сайтай, алхаа хатираандаа хөнгөн, дайчин, гадаад хэлбэр бүдүүн бараг. Зүс нь гол төлөв хээр.  Үсэрхэг.
ЗӨВЛӨЛТИЙН
хүнд ачлагын адуу
Хуучин ЗХУ-д ачлаганд зориулан гаргаж авсан болохоор ийнхүү нэрлэжээ. Ачлаганы угшил сайтай гүүг брабансон үүлдрийн азаргануудад гишгүүлэх замаар гаргаж авсан. Сэрвээгээрээ 160 см хүртэл өндөр, яс томтой, маш булчинлаг. Нарийн арчилгаа шаардаад байдаггүй, тэжээл голдоггүй давуу талтай.
Ааш зан сэргэлэн, алхаа хатираанд хурдан, хүнд жин чирэх чадвартай. Гүүний саамын гарц өндөр. Дийлэнх нь улаан, улаан буурал зүсмийн, цөөнх нь хээр зүсмийнх байдаг.
КЛЕЙДЕСДАЛЬ 
буюу Шотландын хүнд ачлагын адуу
Шотландын Клейд голын хөндийгөөс эхтэй болохоор ийнхүү хоёр янзаар нэрлэдэг. 19-р зуунд нутгийн гүүнүүдийг фландр ба шайр азарганд гишгүүлэх замаар цус сэлгэн тусдаа үүлдэр болгож гарган авсан. Цус хамгийн сайтай морьдын өндөр нь сэрвээгээрээ 165-172 см, цээжний тойрог 190-200 см. Булчинлаг, яс томтой ч газар хороохдоо сайн, хатирахад зөөлөн явдалтай. Зүс нь гол төлөв хээр. Хурдан өсч томордог, ажлын чадвар өндөр ч арчилгаа, тэжээл ихээр шаарддаг.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна