Ялалтын оргилд хүрсэн өнчин хүү буюу Насибовын домог

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд

Европ маягийн морин уралдаан гэхээр манайхан яагаад ч юм бэ сүүлийн үед хойд их хөршөө хасаад цаашаа хардаг болж. Гэтэл оросууд ЗХУ байхад ч дэлхийд нэр алдар нь түгсэн жокейтэй, хурдан морьдтой байсан. Одоо ч байсаар байгаа бөгөөд Европ, Америкийн уралдаануудад амжилттай оролцож байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүний нэг жишээ нь бүр социалист ба капиталист гэсэн хоёр нийгэм хоорондоо хүчээ үзэж байсан хүйтэн дайны үед аль аль тал нь агуу их жокей гэж хүлээн зөвшөөрсөн Николай Насибов юм.
Тэ?ээр Европын шагналыг гурван удаа авч чадсан дэлхийн цорын ганц жокей юм. Цаашлаад Оросдоо 654 уралдаанд, хилийн чанадад 175 уралдаанд түрүүлсэн бөгөөд 14 жил Берлин, Праг, Көлн, Варшав, Стокгольм, Осло зэрэг хотуудын дэлхийд нэр алдар нь түгсэн морин тойруулгуудад уралдан олон удаа ялалт байгуулж, социализмын буюу тухайн үеийн ханшаар 1 сая алтан рублийн орлогыг эх орондоо хандивласан эх оронч хүү. 2 грамм гаруй цэвэр алт нь 10 алтан рубль болдог байсан гээд үзвэл  энэ бол тун ч муугүй үзүүлэлт шүү.


Николай Насибовын бага нас Куларын морин заводод өнгөрсөн. Тэрээр өнчин хүүхэд юм. Эцэг эхийнхээ нэрийг мэдэхгүй атлаа хурдан морьдын нэрийг андахгүй тэрээр 1944 оны хавар нэг доор 40 уралдаанд түрүүлж хүмүүсийг алмайруулснаар гайхамшигт амжилт өөд хүрэх замаа эхэлсэн түүхтэй. Энэ үед Насибов дөнгөж 13-тай байлаа. Хурдан моринд төрөлхийн авьяастай жаалхүүг Ростов хотын, өөрөөр хэлбэл арай том морин тойруулгын жокей болгон явуулсан байна. Хүү тийшээ явахдаа сүлжмэл сагстай, сагсан дотроо эм тахиатай, энгэрийн ардаа тарнитай сүлбээр зүү гэсэн өмчтэй л очсон гэдэг.
Ийнхүү Зөвлөлт Оросын төдийгүй дэлхийн хэмжээний жокей болох гараагаа ийнхүү  эхэлжээ. Тухайн үеийн морь сонирхогчид морин тойруулга руу  зөвхөн түүнийг л харах гэж ирдэг байсан гэхээр хэн байсан нь төвөггүй ойлгогдох биз.  Тэр нь ердөө 120 секунд үргэлжилдэг уралдаан шүү дээ.  1950-аад оны эхээр тэрээр домогт Галоптэй хамт уралдан түрүүлж байсан бол хар хүрэн Гарнирийн хамтаар Зөвлөлтийн хурдан морины түүхэнд анх удаа Вашингтоны олон улсын тэмцээнд оролцон ялсан түүхтэй. Гэхдээ Насибовын хамт хамгийн олон ялалтанд хүрсэн хүлэг бол цэвэр цусны Анилин нэртэй азарга байлаа.
1960-д онд Насибов Анилин хүлэгтэйгээ уралдана гэхэд л ямар ч муу морин тойруулга зүү орох газаргүй болтлоо дүүрдэг байсан нь түүхэн үнэн. Эрдэнэт хүлэг, эрдэмт жокей гэсэн энэ хоёрын зураг тухайн үедээ дэлхийн бүх л том сэтгүүлүүдийн нүүрэнд заларч сая сая хүмүүсийн танил болсон нь мөн л түүхэн үнэн юм.
Насибовын онцлог гэж нэг юм байна. Жинхэнэ жокей болохоор жижиг сажиг гэж орхилгүй бүгдийг анзаардаг. Насибов ч яг ийм хүн байсан.
Насибов нь “Барианы өмнөх тэсрэлт” нэртэй тусгай аргатай байлаа.  Морины уяа, сойлгыг төгс мэдэрдэг байсны хувьд барианы шулуун дээр хэсэгхэн зуур жолоог сул тавьж, ташуурдаж давиралгүй явуулаад, дараагийн эгшинд ташуур өгч дайчлан хурдалснаар ялалтын өмнөх хэдхэн метрийг алгасдаг гарамгай аргатай нэгэн байв. Хэдийгээр энэхүү агуу жокей өдгөө байхгүй ч морины хурд, жокейн чадвар гэдэг нийгмийн тогтолцооноос хамаардаггүй юм гэдгийг харуулсан билээ

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна