Герман адуу

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 29 -нд

Герман адууны ихэнх үүлдэр үүссэн газар нутгаараа нэрлэгддэг учир Германы баруун хойд бүс нутаг Ханновераас үүссэн морь ч дээрх л уламжлалыг дагажээ. Ханновер морь нь XVIII зууны эхээр бий болсноосоо хойш янз бүрийн цагт өөр өөр хэрэглээнд тааруулах гэсэн хүмүүсийн “туршилт” болж байсан гэдэг. Уг үүлдэр нь 1735 онд Келль мужийн сүрэгт эзэн хааны тушаалаар байгуулагдсан. Дундад зууны үеийн дайны морьдоос угшил авсан нутгийн гүүнүүдтэй Холлстейний азаргыг эвцэлдүүлснээр хөдөө аж ахуй, ахуйн хэрэглээнд тустай Ханновер морь үүсчээ. Цаашид Thoroughbred, Кливленд Бэй гэсэн морьдтой нийлж, XVIII зууны сүүлээр Андалуз морьдтой бас эвцэлдүүлжээ. 1867 онд “Угшлын бүлэг” байгуулагдаж тэрэг, цэргийн зориулалттай морь үүсэх зорилго тавьж үүний үр дүн нь гайхалтай сайн байсан ч Дэлхийн I дайны дараагаар ийм морьдын хэрэгцээ алга болов. Тиймээс тус бүлэг фермер, уналга, тэргэнд тохирох морь бий болгохыг зорьж азаргануудыг хурд, хүч, тэсвэрээр нь шигшин шинэ удам бий болгож эхлэв. Дэлхийн II дайн дууссанаас хойш фермерийн болоод тэрэг чирэх морины хэрэгцээ бараг алга болсноор “ер бусын чадвартай” уналгын морь үүсгэх шинэ зорилт тавигдлаа. Thoroughbred, Тракенер, Араб цусны морьд уг үүлдрийг шинэчлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэснээр дээд зэрэглэлийн, хүчирхэг, гоёмсог, тайван уралдааны морь Ханновер бий болжээ. Ханновер морь нь уралдааны бүхий л төрөлд гайхалтай сайн зохицох болж олон улсын тавцанд алдаршсан байна. Тэмцээн уралдаан гэсэн гол үүргээс гадна шинэ үүлдэр үүсгэхэд Ханноверийг хэрэглэнэ. Араб, Thoroughbred цусны морьдыг Ханновертэй нийлүүлснээр
Вестфаль хэмээх сайн уналгын морь бий болсон нь эдүгээ Германд ихэд түгсэн.
Зүс: голдуу дан Өндөр: 150-170 см
Галбир: янз бүр, хүчирхэг бие, богино булчинлаг хөл Зан төрх: ухаалаг, мэдрэмтгий, номхон, зоригтой
Гол хэрэглээ: тэмцээн, ерөнхий уналга
Угшил: Дани морь, Холстейн, Thoroughbred, Кливленд Бэй, Андалуз, Тракенер, Араб, Ханновер

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна