Морин спортын шилдгүүд

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Өндөрт харайлтын аварга


Олон улсын морин спортын холбоонд албан ёсоор бүртгэгдсэнээр  1949 онд Винья дель Мар морин тойруулга дээр ахмад Альертэ Ларрагибелийн унасан Уаса нэртэй морь 2,47 метрийн өндөрт харайн дээд амжилт тогтоосон нь одоо хүртэл эвдэгдээгүй байна.

Уртад үсрэлтийн аварга


Харин уртад харайлтын аварга морийг Самтинг гэдэг байжээ. Тэрээр өмнөд Африкийн Йоханесбург хотноо Андре Феррейра гэдэг жокей хамтаар 8,40 метр өргөн устай шуудуун дээгүүр харайн дээд амжилт тогтоож байжээ.

Хурдны аварга

1945 оны 2-р сард Мехикод болсон 402 метрийн уралдаанд Биг Рэкет нэртэй морь цагт 69,62 км хурдлан дээд амжилт тогтоосон юм. Түүнээс хойш тавь шахам жилийн дараа Онион Ролл нэртэй морь энэ амжилтыг нь АНУ-ын Кливлэнд дахь Тистлдаунд дахин давтаж байжээ.

Хөгшин аваргууд


Морин уралдаанд хамгийн өндөр настай түрүүлж байсан таван морь байдаг. Тэд бүгд 18 настай байжээ. Хамгийн анхных нь 1790 онд Англид болсон морин уралдаанд 18 настайдаа түрүүлж байсан Рэвенж. Үүний дараа мөн Англид болсон уралдаанд 18 настайдаа түрүүлсэн Марксмен. Дараа нь 1826 онд Австралид болсон уралдаанд 18 насандаа түрүүлсэн Жоррокс. 1919 онд саадтай уралдаанд зургаан өдрийн дотор гурав түрүүлсэн Уайлд Астер мөн л 18 настай байсан бол 1980 онд хоёр дараалан түрүүлсэн Сонни Соммерс бас л 18 настай байжээ.

Шилдэг дасгалжуулагчид


Хурдан хүлгийнхэээ уяа сойлгыг тааруулдаг уяачийг бусад оронд дасгалжуулагч гэдэг. Гэхдээ яаж ч нэрлэлээ гэсэн дасгалжуулагч болгон аль болох олон ялалт байгуулахыг л хичээнэ. Ингээд үзэхээр нэг жилийн дотор хамгийн олон ялалт байгуулсан дасгалжуулагч нь АНУ-ын Жек Чарлз Ван Берг гэгч юм. 1976 онд түүний уяа сойлгыг нь тааруулан дасгалжуулсан морьд 496 удаа түрүү авч байжээ.
Харин дасгалжуулагч хийсэн хугацаандаа уясан морьдоо 7200 удаа түрүүлж байсан Дейл Бейрдын амжилтыг одоо ч гэсэн давж гараагүй байна. Тэрээр 1962 оноос 1996 он хүртэл морьдын дасгалжуулагчаар ажиллаж байжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна