Америкийн уналгын адуу буюу Сэдлбред

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Энэ үүлдрийг 19-р зууны эхэн үед Америкийн өмнөд мужийн газрын эзэд гарган авсан түүхтэй. Гэвч анхандаа Кентукки мужийн ойролцоох нутгаас гаралтай болохоор Кентуккийн уналганы адуу хэмээн нэрлэгддэг байжээ.
Газраа эргэж тойрохоор олон цагийн турш унахад биед эвтэйгээс гадна үзэмжтэй байх гэсэн шаардлагадаа нийцүүлэхийн тулд Наррансгетт, Канадын жороо морь, Гакнэ, Морган, Английн цэвэр цусны морьдтой эрлийзжүүлсний үр дүнд хүссэндээ хүрсэн юм.
Америкт болсон иргэний дайны үеэр энэ үүлдрийн морьдыг уналганд өргөнөөр ашигласан бөгөөд дайны дараа цэргүүдийн хамт Америк даяар тархжээ. 1981 онд Америкийн уналгын адуу үржүүлэгчдийн холбоо байгуулагдан энэ үүлдрийн онцлог шинж төрхийг тэмдэглэсэн угшлын номыг хөтлөх болсон байна.
Тайван, ухаалаг, хурдтай, тэнцвэртэй болохоор одоо ч гэсэн мал хариулгаас эхлээд, элдэв шоу үзүүлбэрт хүртэл өргөнөөр ашиглаж байгаа юм. Шоу үзүүлбэр дээр Америкийн уналгын адуу нь гурав, эсвэл таван явдлыг харуулдаг. Гурван явдалд нь алхуулах, хатируулах, цогиулах хамрагддаг бол таван явдалд нь дээр дурдагдсан гурваас гадна дөрвөн тоот удаан жороо, ба дөрвөн тоот хурдан жороо гэсэн явдлыг харуулдаг.
Сэдлбредүүд нь хурдан сурдаг, тэсвэртэй, хөдөлгөөний эвсэлтэй.
Сэрвээний дундаж өндөр 155 см. Зүс нь улаан, хээр, хар. Нүд нь том, чих сортгор, самсаа өргөн, хүчирхэг ахар нуруутай.
Өдгөө энэ үүлдрийн адууг Америкийн 50 муж улсаас гадна Канад, Англи, Герман, Голланд, Скандинав, Итали, Грек, Австрали, Япон гээд олон улсад өргөнөөр уналганд ашиглаж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна