Альтер-Реал

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Альтер-реал үүлдрийн адууг өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдсэн нь “цэвэр аз” хэмээн үздэг. Олон зуун жилийн түүхтэй энэ үүлдрийн адууг анх Браганзын хааны гэр бүлийнхэн 1747 онд бий болгожээ. Тийм ч болохоор нэрнийх нь “реал” гэдэг Португали үг “хааны” гэсэн утгатай юм. Браганзын хааны гэр бүл нь Испанийн Йерез Де Ла Фронтьера хотын орчмоос Андалуз үүлдрийн 300 шилмэл гүүг Португалид авчраад Альтер Ду Чау нэртэй газар анхны үндэсний морь үржүүлгийн газрыг байгуулж газар орных нь нэрнээс оролцуулан Альтер-реал хэмээн нэрийдэх болжээ. Энэ нь цэвэр цусны адуугаар хааны гэр бүлийн гишүүдэд үйлчлэх зорилготой байсан  учраас тухай үедээ моринд хамгийн гаргууд язгууртан гэгдэж байсан Мариалва гэгч ноёнтон унадаг байсан ба ихэд нэр алдартай болжээ.
Харин Испанийн хаан ширээний төлөөх Наполеоны дайны үеэр Альтер-реал үүлдрийн адууг Англи, Араб, Норманд, Ганновер зэрэг үүлдрүүдтэй эрлийзжүүлэх болсноор цэвэр байдлаа алдах болсон байна. Гэхдээ энэ үеэр Андалуз үүлдрийн цусыг дахин сэлбэснээр үүлдрээ цэврээр авран үлдэж чадсан юм.
20-р зуун эхэлж, Португалийн хаант улс задран унасны дараагаар хааны жүчээ хаагдаж, үүлдэртэй холбоотой чухал бичиг баримт алдагдсан тул Альтер-реал үүлдэр ахин мөхлийн ирмэг дээр иржээ. Гэвч аз болж тухайн үедээ Португалийн морь үржүүлгийн шилдэг мэргэжилтэн гэгдэж байсан Руй Андраде гэгч эм хоёр азарга хэдэн хэдэн гүүг цэврээр нь авч үлдээд цаашид энэ үүлдрийг сэргээхэд ашигласан юм. Альтер-реал нь их ухаантай, сайн сургагддаг адуу ч гэлээ туршлагатай, дадалтай хүн унавал илүү зохистой гэж үздэг.
Өндөр нь /сэрвээгээр/ 152,5-162,5 см. Зүс нь гол төлөв хээр байдаг ч улаан, эсвэл хар хээр байх нь бас бий.
Биеийн бүтцийн хувьд хүзүү богино, булчинлаг, мөр ташуу, хөл чанга, эрүүний шугам тод харагдсан нэлээд том толгойтой.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна