Дэлхийн хамгийн бяцхан Австрали пони

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Австралид нутгийн адуу гэж байдаггүй. Өөрийн уур амьсгалд зохицсон үүлдэр гаргаж авахын тулд өөр улс орнуудаас адуу экспортолдог байсан бөгөөд тус тивд хөл тавьсан анхны адууг 1788 онд  Өмнөд Африкаас ирсэн Фест Флит нэртэй хөлөг онгоцоор авчирч байжээ.
Үүний дараа 1803 онд Индонезиос Тимор үүлдрийн Пони буюу давжаа адууг авчирсан бөгөөд тэр нь цаг хугацааны явцад өөр олон давжаа адуутай бүр тодруулбал Уэлс нутгийн уулын Пони, Шетланд Пони, Шотландын уулын Пони, Ирландын  Конненамар зэрэг үүлдрүүдийн адуунуудтай цус сэлбэсээр Австрали Пони үүссэн гэдэг.
Дээр дурдсан үүлдрүүдээс Сэр  Томас, Дэннингтон Корт нэртэй Эксмур үүлдрийн хоёр давжаа азарга, 19-р зууны дунд үеэр Австралид оруулж ирсэн Бонни Чарли  нэртэй Унгар азарга ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээдэг.
Энэ мэтээр шинэ үүлдэр гаргаж авахаар уйгагүй ажилласны эцэст 1931 онд үүлдрээ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж, Австрали Пони үржүүлэгчдийн холбоог байгуулсан бөгөөд өдгөө 27 мянга гаруй цэвэр Австрали үүлдрийн Пони бүртгэлтэй байдаг аж.
Зан чанар, биеийн онцлогоос нь шалтгаалаад баруунд Австралид Пониг хүүхдэд унуулахад хамгийн тохиромжтой адуу хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл моринд хайртай болох анхны алхмаа барууны хүүхдүүд гол төлөв Австрали пони унаж эхэлдэг гэж ойлгож болно. Үүнээс гадна Австрали пони нь давжаа үүлдрийн бусад адуунаас илүү том алхаатай, үзэмжтэй харагддаг болохоор морин спортын бусад төрөлд ч амжилттай оролцсоор иржээ. Австрали үүлдрийн морьд нь сэрвээгээр 120-140 см өндөр. Зүс нь гол төлөв саарал. Том алаг нүдтэй, толгойны хэлбэр сайтай. Нуруу тэгш, цээж булчинлаг, богино хөлтэй байдаг аж.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна