МУ-н төрийн соёрхолт зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Дорж: Манай эцгийн халтар азарга

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 21 -нд

Харанхуй шуурга адууны зүүнээс исгэрвэл
Халтар азарга адууны  зүүн талд
Газар шүргэм сүрт дэлээрээ
Газар тэнгэрийг захирч зогсоно
Хүйтэн шамарга адууны баруунаас дошгирвол
Хүчирхэг халтар азарга адууны баруун талд
Тэнгэрээд хийсгэн их дэлээ босгож
Тэр талы нь халхалж зогсоно
Адууны араас ширүүн салхи хуйларвал
Адууны ард халтар азарга
Өтгөн их цацаг бацаг сүүлээ
Өргөж босгож адууны арыг нөмөрлөнө
Адууны магнай руу агаар хурмаст жаварлавал
Агуу догшин сүрт халтар азарга
Сүргийнхээ  магнай жавраас нөмөрлөж
Сүрт их биеэрээ хайрлаж хамгаалж тэргүүлнэ
Цуглааны чоно цуугиулж адуу  руу довтолвол
Цуутын цагаагчийн удмаа халтар азарга аварч
Хатан дөрвөн туурайнаасаа гал оч бадруулж
Хангайн догшин араатны сүнсий нь зайлуулна
Хаврын эхээр байдсан гүү унагалбал
Хажууд нь зогсож халтар азарга эвшээнэ
Унаганы турууг дөнгөж хатуут л
Удамт сүрэг рүү хурааж хөөж хүргэнэ
Үрс гаргаж гүү барьсан өглөө
Үймсэн сүргээ халтар азарга цуглуулна
Зэлний унага цангаж, гүүний дэлэн сэрийнгүүт
Зээргэнэ шавагт бэлчээрээс сүргээ гадаа авчирна
Унага даагандаа чоно хүргэж үзээгүй
Улаан шуурга нөмрөхөд сүргээ уруудуулж байгаагүй
Уралдаж түрүүлж цол юугаа дуудуулаагүй ч
Удамт сүргийн манлай манай эцгийн халтар азарга

2011.3.20

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна