Р.Бадрахын бор амжилтаа бататгаж түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 07 -нд

“Морин-Эрдэнэ” галын нэрэмжит уралдааны хязаалангийн ангилалд 50 гаруы хурдан хүлэг шандас сорьсон бөгөөд Р.Бадрахын бор түрүүллээ.  МУ-ын Алдарт уяач Бямбадорж тэргүүнтэй Төмөр замын уяачдын холбоо энэ уралдааныг ивээн тэтгэсэн бөгөөд түрүү морийг 1,5 сая төгрөгөөр байлжээ.

1. Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Р.Бадрахын бор. Хэдхэн хоногийн өмнө “Нийслэлийн хурд” уралдаанд айргийн  дөрвөөр хурдалж байсан бор үрээ Манлайн нэрэмжит уралдаанд тод магнай торгон жолоогоо өргүүлэн түрүүллээ. Дорнодын Зоригоо буюу аймгийн Алдарт уяач Батзоригийн угшил сайт бор гүүний төл бор үрээг дааганд нь одоогийн эзэн нь авчээ.  2009 оны улсын наадамд хул шүдлэнгээ трүүлгэж, давхар уяагаар Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гисйний 370 жилийн ойд аман хүзүүдүүлж байсныг хурдан морь сонирхогчид санаж буй бизээ.
2. Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Базаргарьдын хул. Хэдхэн хоногийн өмнө сайхан монгол шүдлэнгийн наадамд түрүүлсэн  хул үрээ ийнхүү амжилтаа бататгалаа. Хул үрээ Төв аймгийн Заамар сумын уугуул Сүхбаатар унаган адуу бөгөөд  даагандаа 1000 долларын бооцоот уралдаанд есөлж, Булган аймгийн Могод сумын 80 жилийн ойд түрүүлж байсан юм.
3. Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Базаргарьдын  Марзан халзан. Даагандаа “Хотгойдын хурд”-д гурвалж, өнгөрсөн жил “Тамирын хурд”-д мөн л гурвалсан халзан үрээ хэдхэн хоногийн өмнө “Нийслэлийн хурд”-д  айргийн гуравт хурдалсан юм. Ийнхүү уралдсан наадам бүртээ дархан айрагдаж “гурвалдаг” халзан үрээг эзэд нь Марзан халзан хэмээн өхөөрддөг юм билээ.
4 Увс аймгийн Хяргас сумын уугуул Х.Баянмөнхийн хээр. Монгол бөхийн торгон ногоон дэвжээг эзэгнэн явсан 20 зууны Манлай бөх, Дархан аварга Х.Баянмөнх сүүлийн үед хурдан морины уяа эвлүүлэх болсон. Том жижиг наадмуудын нэлээд хэдэн айраг түрүүн эзэн Дархан аварга энэ өдөр хээр үрээгээ айрагдуулан магнай тэнэгэр байлаа.
5. Төв аймгийн Архуст сумын уугуул Энхтайваны хонгор.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна