Н.Базаргарьдын хонгор халзан дахин түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 07 -нд

Гурван жил тутам зохион байгуулагддаг Манлайн нэрэмжит уралдааны дөрөв дэх нь  луу жил тохиож  буй.  “Морин –Эрдэнэ” гал уяаныхан уралдааны бэлтгэлээ эртнээс базаасан тул  уралдах морьд ч өмнөхөөсөө нэмэгдсэн байлаа. Булган сүүлтэй хэмээн мориныхон бэлгэшээдэг уг уралдаан өглөө 10 хагаст эхэлж их насны морьд 17 километрээс шандас шалгасан юм. Газар газрын 70-аад хурдан буян тоосоо өргөснөөс:

1. Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Базаргарьдын хонгор халзан. “Авто импекс” ХХК-ийн захирлын хурдан хонгор морь нь Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Молор-Эрдэнийн мялаалга” наадам болон  2011 оны “Тамирын хурд” бүсийн уралдаанд түрүүлж, Булган аймгийн Могод сумын 80 жилийн ойд аман хүзүүдэж байсан эрхгүй хурдан буян юм. Хонгор халзан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Аваанаагийн адуу бөгөөд сумынхаа наадамд нэг түрүүлээд байхад нь одоогийн эзэн нь авчээ.
2. Төв аймгийн Лүн с?мын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Баасанбазарын Дөлгөөн хонгор.  Шигшмэл морьдын “Их хурд-5” уралдааны түрүү энэ хурдан хүлгийг моринд хайртай монгол түмэн андахгүй бизээ. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ш.Батжаргалын унаган адуу хонгор морины уяаг Манлай уяач Д.Оюунбилэг тааруулдаг билээ.
3. Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Базаргарьдын хүрэн. Булган нутгийн хийморилог хүү Н.Базаргарьд энэ жил тун одтой байгаа. Энэ удаагийн наадмаас гэхэд л тэрээр нэг түрүү, гурван айраг хүртэн бахтай сайхан наадсан юм.  Айргийн гуравт хурдалсан хүрэн морь нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Санжаагийн унаган адуу бөгөөд сумынхаа наадамд айрагдсаныг эс тооцвол битүү морь юм.
4. Говьсүмбэр аймгийн уугуул Ц.Төмөрзүрхийн хүрэн халзан.  Говьсүмбэр аймгийн Тайвангийн унаган адуу. Энэ жил 12-тай хүрэн халзан морь орон нутгийн чанартай наадмуудаас 10 гаруй медальтай бөгөөд “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн даншиг наадамд есөөр давхиж байсан юм.
5. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул  “Аргалын уул” ХХК-ийн захирал Отгонжаргалын буурал. Буурал морины уяаг олноо “Дааган” хэмээн алдаршсан Нийслэлийн Алдарт уяач Ц.Цэнд-Аюуш  тааруулдаг бөгөөд түүний уясан нэг морь зургаад хурдалсан юм.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна