Миний нүд алдав уу? Чи идүүлчихэв үү?

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 01 -нд

Орлой мэргэн хутагтын шавь отгийн баячууд болох Самбуу гэлэн, баян Совд, хув Дагва нарын ах дүү гурван уяач 1930-аад оны үед амьдарч байжээ. 1936 онд Хэнтий аймгийн Уулбаян сумын Л.Совдын хонгор азарга түрүүлж, хүрэн морь хоёрт орсон тухай ”Сэцэн ханы хурд” номонд тэмдэглэсэн байдаг. Энэ бол дээрх баян Совд ажээ. Ер нь хурдан удмын адуу цуглуулан, цус сэлбэн өсгөж үржүүлнэ гэдэг тухайн үеийн баян чинээлэг, боловсролтой хүмүүсийн “хийдэг” ажил байлаа. Ийнхүү Хардэлийн хошуутай залгаа Орлойн баячуудад Хардэл жанжин бээстэн нөлөөлсөн нь лавтай. Орлойнхон эндээс адууны угшлаа сайжруулдаг байсан төдийгүй Хардэлийн хошуунд байнга ирж уралддаг, сүүлдээ айраг түрүүнд нь эн тэнцүүхэн нааддаг болжээ. Нэгэн удаа ах Самбуу гэлэн шил цагаан ухаа морио уралдуулахаар Хардэлийн хошуунд ирж, Хужиртын усны урд дээр буужээ. Төдөлгүй наадмын өдөр үдийн хэрд Өвгөн ноён шогшсоор уяан дээр гарч гэнэ. Самбуу гэлэн морьдоо харуулаад Өвгөн ноёныг явахаар нь морь унадаг хүүхдээ овоодойгоор дүүрэн хиаг зулгаагаад ир гэж гэнэ. /Овоодой гэдэг нь морь унадаг хүүхдийн шөвгөр оройтой малгайг хэлнэ/ Өвгөн ноён үд өнгөрөхөд морио мордуулахад Самбуу гэлэн хүүхдээр зулгаалгасан хиагаа мориндоо идүүлээд мордуулжээ. Ингээд их насны морьд гарч ирэхэд Өвгөн ноёны гуулин хээр, Самбуу гэлэнгийн шил цагаан ухаа ээлжлэн солбисоор барианд орохын үед шил цагаан ухаа барианд оржээ. Удсан ч үгүй Өвгөн ноён бараа бологсдын хамт шогшуулсаар ирээд:
-Миний нүд алдав уу? Чи идүүлчихэв үү? гэхэд
-Ноёнтоон, би мордоход нь овоодой хиаг идүүлсэн юм гэж үнэнээ хэлэхэд өвгөн ноён ямар ч л байсан миний нүд алдаагүй юм байна гэснээс өөр үг унагаагүй юм гэнэ лээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна