Сувдан зээрд

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 30 -нд

Төв аймгийн Лүн сумын уугуул, "Агт-Эрдэнэ" галын цяач Б.Баасанбазарын улс бүсийн наадамд гурав түрүүлж нэг айрагдсан хурдан ажнай Сувдан зээрд азаргийг найргийн хэлээр урлалаа.

Жийжүү мөнгөн дөрөөн дээрээ босоо хийморьтой өвгөдийн

Жиндээгүй ирмэг хатыг сүлдтэйгээ дэврээсэн хүлгэд

Зул задарсан хурдны айргийн торгон майгнай дээр

Зуузай дараатай суналзах нь Сувдан зээрд

Төрийнхөө сүлдэнд давхилтайгаа мөнхөрсөн ажнай

Туг дэлийг зоригтойгоо аргамжсан монгол эрчүүд

Давхил дундаа уухай түрлэгтэй сүргийнхээ

Дөрвөн туурайг хурдаар зангидсан Сувдан зээрд

          Уяач эзнээ мэлмэрүүлж давхина Сувдан

          Уулсан цаанаас тоосрон давхина Сувдан

          Хөх монголоо хуйлруулж давхина Сувдан

          Халх наадмаа хурдаар тамгалана Сувдан зээрд

Сарьдаг ууландаа туурайн дардастай монголын

Суусар салхийг гийнгоогоор уяраасан унаачид

Агт эрдэнийн нум шиг татсан уяан дээр

Амгайнхаа үууүайг саранд дагуулна Сувдан зээрд

          Уяач эзнээ мэлмэрүүлж давхина Сувдан

          Уулсан цаанаас тоосрон давхина Сувдан

          Хөх монголоо хуйлруулж давхина Сувдан

          Халх наадмаа хурдаар тамгалана Сувдан зээрд

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна