МОРИНЫ НҮДНИЙ ГЭМТЭЛ, ХАЛДВАР

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 29 -нд

Моринд тохиолддог эмгэгүүдээс нүдний гэмтэл, халдварт өвчин илүүтэй зонхилдог. Иймээс эзэн хүнээс ямагт хянамгай байхыг сануулах байна. Жижиг гэлтгүй нүдний өвчинг анхаарахгүй орхих нь цаашид нүдийг сохлох хүртэл аюултай байж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв нүдний халдварт өвчин хүндэрвэл нүдний бүтцийг бүхэлд нь гэмтээдэг.
Шинж тэмдэг  
Эрүүл нүд цэвэр, тунгалаг, зовхи нь нээлттэй, зовхины дотор тал чийглэг, цайвар ягаан байдаг. Хэрэв таны морины нүдний зовхи нь цуурч хагарсан, хавдсан, нүдэнд илэрхий гэмтэлтэй, нүд бүхэлдээ буюу хэсэг газарт цагаан бүрхүүл үүссэн, нүд болон түүнийг тойрсон эдүүд, склер /нүдний уургийн бүрхүүл/, зовхи зэрэг нь улайсан, үрэвссэн, нулимс урсаж байвал (энэ нь нулимсны суваг урагдсан, эсвэл бөглөрсөн байж болно), бас зовхины хавдар нэмэгдэж байвал яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Энд тэмдэглэхэд унаганы нүдний сормуус буруу ургаснаас нүдээ үрэвсүүлэх нь бас бий.
Эмчилгээ
  Энд гарын доорх материалаа ашиглаж давсны уусмал бэлтгэж болно. Нэг аяга усанд ¼ халбага давс хийнэ. Бэлтгэсэн уусмалаараа тэр хэсгийн талбайг нь зөөлөн арчиж нүдийг цэвэрлэнэ. Бас зуны цагт ялаанаас хамгаалах маск зүүлгэж, аль болох бүдэг гэрэлтэй газарт байлгана.
Харин гэмтлийн улмаас нүдний зовхи эсгэгдэж, урагдсан бол малын эмчид хандах хэрэгтэй. Мөн нүдний болор гэмтсэн эсэхийг шалгахаа мартаж болохгүй. Ингээд эмчийн зааварын дагуу бичиж өгсөн эмчилгээ төгс хийх хэрэгтэй юм. Шинж тэмдэг арилахын төдийд эдгэлээ гэж үзэж болохгүй, курсээр нь хийхийг сануулах байна. Нүд нь өвдсөн үед морины харах чадвар буурсан байдгийг сануулъя.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна