АДУУ СУДЛААЧ, ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР А.БАЯРМАГНАЙ: МОНГОЛЧУУД ЯМАР МОРИЙГ ШИЛЭН СОНГОЖ УЯДАГ ВЭ?.

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 27 -нд

Монголчууд эрт цагаас эхлэн чухамхүү хурдан морины уралдааныг эрхэмлэн дээдлэж, эрхлэн хөгжүүлж ирсэн уламжлалтай.
Аль тааралдсан морь бүхнийг уяж уралдуулдаггүй, адуун сүрэг дундаасаа хурдан хурцыг нь шилэн сонгож уралдуулдаг энэ уламжлал олон зууны түүхтэй.
Тэгвэл эрхэм залуу уяач та ямар морийг шилэн сонгож уявал зохих вэ?
 Уяачид голдуу:
  -хурдны шинжтэй
  -хурдан угшилтай
  -хурдан нь нэгэнт тодорсон
 морийг уядаг байна.
А )  ХУРДНЫ ШИНЖ БҮРДСЭН МОРИЙГ УЯХ НЬ МЭДЭЭЖИЙН ХЭРЭГ.
Хурдан морийг гадаад, дотоод, нууц гурваар шинжинэ гэж шинжний судруудад өгүүлсэн буй. Гадаад 51 шинж, мөн гадна 10 зүйлийн (толгойн, туурайн, сүүлний, дууны мөрний, усны, идэшний, шүдний, шөрмөсний, бүх биеийн) шинж, дотоод таван цулын шинж, нууц (шүд, цөгцөнд илрэх) өчнөөн шинжийг тэдгээрт өгүүлсэн байдаг.
 Гэвч эдгээр шинж нэг адуунд цогцлон бүрдэх нь ховор, зөвхөн гадаад шинж л гэхэд нэг моринд нилээд хэсэг нь байх мэт харагдавч, мөн нилээд хэсэг нь дутуу мэт санагддаг, дотоод шинж ч мөн ялгаагүй, нууц шинжийг орж харах, таних тодорхойлох нь бүр ч төвөгтэй шүү дээ.
Тэгээд ч хурдан морины шинжний тухай өгүүлсэн судрууд бол нилээд хэдэн зуун жилийн өмнө, өөрөөр хэлбэл биологи, мал эмнэлгийн шинжлэх ухааны мэдлэг манайд түгэн дэлгэрэхээс өмнө буюу танин мэдэхүйн нилээн гэнэн түвшинд гарсан бүтээлүүд гэдгийг дээр дурдсан.
Гэхдээ үүнийг ор тас үгүйсгэж болохгүй, ямар ч байсан малчин түмний, хурдан морь уяач, шинжээчдийн олон зуун жилийн мэдлэг, туршлагын хуримтлал гэдгийг анхаарч үзвэл зохино. Хурдан морийг зөв сайн таньж авсан уясан тухай баримт олон байдаг.
Хардал жанжин бэйс Пүрэвжав өөрийн Зандан хүрэн гэдэг нэрт хурдан азаргаа дуугаар нь таньж авсан гэдэг домог мэт яриа байдаг. Тэр их эрдэмт уяач Хонгор зээрд гэдэг азаргаа анх харж шинжээд “Хэр баргийн шинжээч үүнээс өө олохгүй ээ” гэж байсан гэдэг. Үнэхээр ч хонгор зээрдэд халхын олон шинжээч өө өгөөгүй юм гэнэлээ. Тэгээд ч түүний дүр зураг Монголын хурдан морины шинжийн туйл /идеал/ болж эдүгээ улсын Алдарт, Манлай, Тод манлай уяач нарын малгайдаа зүүсэн цул мөнгөн тэмдгэн дээр сүлд мэт гялалзаж байна.
Хардал жанжин бэйс өөрөө сайн зураач байсан. Хурдан морийг уран сайхны аргаар дүрслэх эртний монголын дүрслэх урлагийн тиг сургууль ХХ зууны эхэн хүртэл уламжлагдан ирснийг түүний бүтээлүүд гэрчилнэ. Тэрбээр өөрийн уяж хурдлуулж байсан “Номин цэнхэр”, “Элбэг хээр”, “Арслан хул”, “Шөвгөр хүрэн” зэрэг хүлгүүдийн зургийг өөрийн гараар дүрслэн зурж үлдээсэн нь одоо цагт олны танил болжээ. Учрыг эс ухсан хүн анх хараад “Морь хэзээ ийм байсан юм бэ?” гэмээр сонин содон морин толгойтой мэхийсэн тахийсан амьтад мэт. Гэвч учрыг мэдэх хүн тогтоон харвал уясан хурдан морь жинхэнэ торгон ир орсон үедээ л ийм байж таарах нь, давхиж ирээд юмуу, шөнөдөө л өнгө зүс, галбир төрх нь хувирна гэж ухаармаар. Өөрөөр хэлбэл уясан хурдан морь ердөө хэдхэн цагийн туршид л ийм дүр төрхтэй байгаад тун удалгүй шал өөр болно гэсэн үг. Ингээд үзэхээр хурдан морины шинж гэдэг тун нарийн төвөгтэй зүйл.
 Өвгөн ноён морины зураг зураад “Яг ийм морь олж ир” гэж шадар зайсангуудаа явуулдаг байжээ. Тэд нь явж явж  “таны зурсан шиг морь таарсангүй, харин үүнээс л яг морь гарна даа” гээд гүү хөтөлж  ирж байсан гэсэн дам үг байдаг юм. Өнөө цагт ийм шинжээч ховор боловч бий л дээ.
 Хурдан морийг сайн таньж авсан тухай ердөө орчин цагийн жишээ нэгийг хэлье. Дуулиант хурдан хүлэг Ононгийн хээр морийг түүний зээ дүү Сугар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд хаврын багавтар уралдаанд түрүүлээд байхад нь аргагүй л “алагаараа хараад, арваараа тэмтрээд” авсан байгаа юм.  Энэ нь хурдан морь шинжин таньж авахын хамгийн ойрын бодит жишээ мөн. Сайн уяач болгон ч морь шинжин таниад байдаггүй, нэрд гарсан том уяачид алдаж таниад амьтны инээд барсан явдал ч нэг бус.
 Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, улсын Алдарт уяач З.Хүрэлбаатар” …. морь олон янз, хурдан морь, сайхан морь, жавхаалаг морь, дорвитой морь, …. заримдаа эд бүгдийг ялгахад ч хэцүү” гэж ярьж байсан. Эдний сум Сүхчулууны халиун азарга хонгор зээрдийн зурагтай тун ч адилхан юм шиг надад санагддагсан. Ер нь морь адууны хувьд унаган торгон мэдрэмжтэй, жилийн дөрвөн улиралд малын дэргэд байдаг, хурдан морийг өөрөө гардан уядаг гярхай ажигч хүн юуг ч таньж болно. Манай аавын өмнөх үеийн “ноорой” ЗАГД гэгч их уяач нэгэн хээр морийг “Мөн ч их гарын эд юм, даанч нэг л их цангаачихаж дээ, үүнийг” гэсэн нь үнэн байсан тухай яриаг би багадаа сонссон юм. Малч хүн гэдэг малын аль нэгэн үед ангасан цангасныг нь хүртэл мэдэхээр болдог юм байна.
 Ховдын Балсан тайж гаднаа өөрийн хүний олон хурдан морь уячихаад тэднийг олон өдрийн турш тойрч харж шинжиж байгаад шинжний судраа бичиж байжээ.
 Дундговь аймгийн Дэрэн сумын “шорон хуруу” хэмээх нэрт уяач ХАЙНЗАН 1936 онд улсын наадамд түрүүлсэн халиун морио айлын хонины морь байхад нь таньж авсан гэдэг. Хонгор морьтой Цэнд гуай ч 1954, 1960 онуудад түрүүлсэн зээрд морио мөн л битүү морь таньж авсан билээ. Дээр дурдсан жишээнүүдийг бүхэлд нь авч үзэхэд цөм ихээхэн туршлагатай хүмүүсийн тухай байгаа биз. Тэгэхээр хурдан морийг шинжиж танина гэдэг их л туршлагажсан хашир хүмүүсийн ажил болж таарах нь ээ дээ.
 Залуу уяач та түүнд бүү яар, хөдөлмөрч агаад гярхай байж чадвал танд тийм цаг ирнэ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна