Аймгийн алдарт уяач Б.Чимэддорж: Хурдан саарлыг дааганд нь 50 мянгаар зарчихсан байсан

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 08 -нд

-Сайхан наадаж байна уу? Хэзээнээс морь сонирхож эхлэв ээ?
-Сайхан наадлаа. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат хүн. Малын эмч мэргэжилтэй. Би олон жил морь сонирхож байна. Хорин хэдэн жил болж байна даа. Би энэ сайхан хийморьтой амьтны тоосонд яваадаа баярладаг юм. Мөн миний морийг уяж олон сайхан амжилт үзүүлсэн Дорнод аймгийн Алдарт уяач Санжаажамцын Алтангэрэлдээ баярлаж явдгаа энд хэлмээр байнаа. Учир нь би өөрөө морь сайн уядаггүй.
-Энэ уралдаанд хэдэн морь хурдлуулав?
- Саяны наадамд манай хүү нэг их морь, нэг соёолон адуу тавилаа. Соёолонгийн нь бие нь жаахан эвгүйрээд нэг л их морио уралдууллаа.Сүүлийн үед миний хүү уядаг болсон. Өнгөрсөн жил Эрдэнэбат гээд хүү минь аймгийн алдарт уяач болсон доо.
-Өө тиймүү. Аав хүү хоёр алдарт юм байна.Таны өвөг дээдэс морь уядаг хүн байсан уу? Хүмүүс аавыгаа дагаж моринд их хорхойсдог гэдэг?
-Миний аав морь уядаг хүн байлаа. Би 15-16 хүртлээ үрээ  унасан. Ингээд л моринд хорхойтсон доо.  Аавын минь үед захиргаадалтын үе байсан учраас морь уях зав зай байдаггүй байсан гэдэг.
-Та морьдынхоо амжилтын талаар яриач?
-Аймагт би Дорнодын Жамбын Алтангэрэлийн угшилтай нэг азарга дараалан 4 түрүүлүүлж, нэг аман хүзүүдүүлж байлаа. Миний тэр азарга аймагта? даагандаа тавлаад, хавчиг үрээ болтлоо дөрөв түрүүлсэн. Түүний үр төл болох хурдан саарал азарга  улсад соёолондоо зургаалаад, Говь-Алтайд 4 түрүүлсэн сурагтай.  Тэр саарлыг дааганд нь Алдарт уяач Цэдэв манай хүүгээс аваад, түүнээс УАУ Золбоо авсан юм байна лээ. Золбоо надад баярласан гэж хэлж байсан.
-Та дааганд нь зарсан юм байна. Нууц биш бол хэдэд зарсан бэ?
-Манай хүүгээс 50 мянгаар авчихсан байсан.инээв Энэ азарганы төрсөн ах дүүс нь аймагт дараалан түрүүлсэн хурдууд байдаг даа. Гайхагдаж байсан нь Ванчингаравын хурдан азарга гэж байлаа. Жагийн Алтангэрэлийн хурдан хонгор морь гэж байлаа. Эх, эцэг нэгтэй ийм ах дүүс байсан. Эх нь Сүхбаатар Халзан сумын, эцэг нь Халзан сумын Базарсад гэдэг хүнийх  байгаа юм.
-Саарал азарганы үр төл танд бий юу?
-Байгаа. Гэхдээ уяж уралдуулаагүй байна. Харин  миний саарал азарганы төл болох Амгаланбаатарын саарал  азарга аймагт гурав түрүүлчихлээ. Ер нь миний унаган адуугаар наадаж байгаа Сүхбааатраын Мөнхөө, Батжаргал, Амгаланбаатар  нарын хүмүүс байна. Сүүлийн үед Балчингарав гэж хүн  манай гүүний төлийг сайн уралдуулж  байна.
-Таны хувьд энд тэндээс морь авдаг уу? Өөрийнхөө унаган адуунаас зарж байна уу?
- Хурдан адуутай болно гэдэг чинь байнгын цус сольж байх асуудал юм. Байнгын л сольж байх хэрэгтэй юм. Энэ нь 20-30 жилийн ажиллагаа шүү дээ. Ганц хоёр жилийн дотор хурдан адуу гарна гэж байхгүй. Сайн ч адуу байна, муу ч адуу байна. Цусыг нь сайн солиод байвал хэзээд хурдан адуу гарна. Би Дорноговийн Дэлгэрэхээс  цоохор азарга морь авсан маань аймагт ганц хоёр шөвөг авч байсан шүү. Би аймаг дотроо  олон морь зарж байсан. Миний адуу энд тэнд хурдаллаа гэж  их сонсогддог юм.
-Өнөөгийн уяа, таны үеийн уяа хоёр мэдээж ялгаатай шүү дээ?
-Бидний үеийн морь цагаан өвсөөр уралдаж байлаа. Энэ нь ямар ч гэмтэл согоггүй. Уядаг морийг тусгай эдэлнэ. Унах улирал гэж байна. Монгол хүн бол уях морио өөрөө эдэлж өөрөө унаж гэм согоггүй байлгаж байж л хурдлуулдаг ёстой юм. Хурдан моринд эмзэг л суувал хурд буурна. Хурдан морь чинь өөрөө их эмзэг байдаг юм. Одоо ч тэжээл өгч уралдуулдаг болжээ.
-Та малын эмч хүний хувьд залуу уяачид болон морь сонирхогчиддоо анхааруулж хэлэх зүйл юу байна?
-За анхааруулах ч юу байхав. Гэхдээ хэлмээр санагддаг нэг ийм асуудал байдаг юм. Адууныхаа  эрүүл мэнд, тэжээл хоёрт нь анхаармаар байна. Тэжээл хэрэглэнэ гэдэг чинь мэргэжлийн хүний мэдэх зүйл байгаа юм. Оросын жор шүү дээ. Мал таргалуулах, үнээнд сүү гаргах жор байдаг юм. Миний бодлоор бол хурдан морины тэжээлийн жор гэж тусгайд нь гаргамаар байна. Манай эрдэмтнүүд байна шүү дээ. Энэ жорыг гаргаж өгмөөр байна. Тэжээлийн хордлого гэж гарч байна. Олон сайхан морьд үхэж байна. Тийм болохоор мэргэжлийн хүмүүсийг уяачдын холбоонд оруулж өгч байвал яасан юм бэ гэж боддог доо.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Уяачдын холбооны хуралд суулаа. Манай энэ байгууллага их зөв бодлоготой ажиллаж байгаа юм байна. Морины тухайд их гоё үг дууллаа. Манай монголын холбоо азийн холбоонд орно гэнэ. Их баяртай байна даа. Тэгээд энэ хүүхдүүдийнхээ болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна