Түрүү соёолонгийн эзэн М.Бадамдорж: “Уртын Дамдинжав гуайн хул азарганы угшилтай үрээ байгаа юм”

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 02 -нд

Дорнод аймгийн морин спорт уяачдын холбооны 15 жилийн ойн баяр наадамд хурдан соёолонгуудаа айрагдуулсан эздээс баярын сэтгэгдэл хуваалцлаа.

Холбооныхоо ойд соёолон түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
 -Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Би Хэнтий аймгийн Норивлон сумын 1-р бригадаас ирж оролцож байгаа юм. Намайг Мөнхдоржийн Бадамдорж гэдэг. Дорнод аймгийн МСУХ-ны 15 жилийн ойн наадамд хоёр соёолонтой ирээд нэг нь түрүүлчихлээ.
-Нөгөө нь ?
-/инээгээд/ Онгирч гүйж яваад хэдэд орсныг нь мэдсэнгүй.
-Уяачийн эрдэмд шамдсан залуусын төлөөлөл юм байна. Морь уяад хичнээн жил болж байгаа вэ?
-Миний аав морь уядаг байсан. Харин миний тухайд гэвэл 2-3 жил л  болж байна.
-Удам дамжсан уяач байх нь ээ?
- Тиймээ, миний аавын нэг будан морь байсан юм. Би түүнийг сумынхаа наадамд унадаг байлаа. Бас ч үгүй хэд хэд түрүүлсэн шүү. Тиймээс багийн л хурдан моринд сонирхолтой байсан гэж хэлж болно. Тэр сонирхлыг минь аймгийн Алдарт уяач Шижир гэж миний хамаатны ах анзааран хажуудаа авч морь уях замд эргэлтгүй оруулсан юм. Тэгээд энэ  жилээс хонгор, хүрэн хоёр соёолон авчирч уяад сумандаа хурдлуулж эхэлсэн. Тэгсэн энд хүрэн үрээ маань түрүүлчихлээ.
-Түрүүлсэн соёолонгийнхоо талаар дэлгэрүүлээч?
-Хүрэн соёолонгийн эх тал нь Уртын Дамдинжав гэдэг хүний улсад түрүүлж байсан Толин хул хэмээх хул азарганы угшилтай хүрэн гүү байдаг юм. Харин эцэг нь миний өөрийн унаган адуу ухаа буурал азарга бий. Сумандаа 5-6 айрагдсан бас  ч үгүй хурдан буян.  Тэгэхээр хоёр талаасаа хурдны цустай байгаа биз.
-Тийм байна. Энэ уралдаанд хэдүүлээ ирсэн бэ? Бусдын чинь адуу яаж давхив?
-Манай найз дөрвөн их морьтой ирсэн. Баян-Адаргаас бас нэг найз маань Дүнжингаравт гайгүй давхисан морьтойгоо ирсэн. Бас нэг найзын маань соёолон 13-аар давхилаа.
-Сайхан л наадаж байгаа юм байна. Та бүхний дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. Мөн энэ завшааныг ашиглаад Дорнод аймгийн МСУХ-ны гишүүддээ баяр хүргэж, өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулсанд нийт уяачдынхаа өмнөөс баяр хүргэе.

Залуу уяач Д.Бат-Эрдэнэ: Саарал үрээ өмнө нь аймгийн 80 жилд түрүүлсэн
-Таны уясан соёолон аман хүзүүнд хурдаллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Дорнод аймгийн Булган сумаас гурван насны морьтой ирсэн юм. Азарга маань санаанд хүртэл давхисангүй. Харин соёолон маань аман хүзүүнд хурдаллаа. Миний энэ үрээ Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бямбасүрэн гэдэг хүний унаган адуу байгаа юм. Өнгөрсөн жил аймгийнхаа 80-н жилийн ойд түрүүлсэн. Түүнээс гадна сумын чанартай наадамд 3-4 түрүүлсэн хурлан буян байгаа юм.
-Морь уяад хэр удаж  байна даа?
-Хөдөөний хүүхдийн жишгээр багаасаа л хурдан морь сонирхож байгаа. Бие дааж уяад 6-7  жил болж байна даа. Миний аав Дэмчиг гэж моринд хорхойтой сайхан буурал байсан. Аав маань надад морь уяхыг анх сургасан хүн байгаа юм.
-Залуучууд энд тэндээс адуу их зөөж байгаа дуулдана. Таны хувьд?
-Би ч нэг их зөөдөггүй. Нутгийн адуугаар голдуу уралддаг. Гэхдээ  бас ч хоосонгүй. Сүхбаатараас ганц нэг юм авсан.
Ярилцсанд баярлалаа. Таны хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.

 

Нямжаргал: Хоёр жилийн дотор 40 гаруй айраг түрүү хүртсэн 
-Соёолон айрагдуулсанд баяр хүргэе. Аль сумын уяач вэ?
- Би Дорнод аймгийн Халх гол сумын уяач. Намайг Нямжаргал гэдэг. Энэ наадамд соёолонтой ирээд айргийн таваар давхиуллаа. Сэтгэл их өндөр сайхан байнаа. /инээв/
-Соёолонгийнхоо угшил гарвалын талаар яривал?
-Миний унаган адуу. Сумандаа хоёр аман хүзүүлж, хоёр айрагдсан.
-Таны нэрийг гаргасан өөр ямар хурдан буянгууд байна вэ?
-Өвөг дээдэс маань цөм моринд дуртай хүмүүс байсан. Миний хувьд сүүлийн хоёр жил морь уяж байна. Энэ хугацаандаа сум, аймгийн чанартай уралдаанаас 45 айраг түрүү хүртсэн байна лээ. Аймагт хоёр жилийн өмнө өөрийн унаган үрээ аман хүзүүдүүлж байсан. Түүнээс хойш хурдан тууртын буян ивээж, зөндөө айраг түрүү авсаан.
Цаашид улам олон айраг түрүүний эзэн болохыг ерөөе.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна