Аймгийн Алдарт уяач С.Лувсанбалдан: АХ-ын 75 жилийн ойгоор хул даагаа айрагдуулж байсан

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 29 -нд

-Түүхт ойн наадамд одтой наадсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Уясан морьд хурдан, унасан хүүхэд нь мэнд сайхан наадлаа. Байгаль дэлхий ч өгөөж буянаа харамгүй хайрлаж, бороо хур, ногоо цагаатай сайхан боллоо, тэгш ойн наадам.  Бэлгэ дэмбэрэл дүүрэн ийм сайхан наадамд зээрд үрээ маань айргийн гуравт хурдалсан нь бүр ч сайхан байлаа. Сэтгэл өндөр сайхан байна.
-Зээрд үрээ таны унаган адуу юу?
-Тиймээ, миний унаган адуу. Баясаа гэдэг дүүгээсээ нэг үрээ авсан нь морин тойруулга гаралтай адуу байсан юм билээ. Тэрний төл байгаа юм. Даагандаа улсад болон Эрдэнэтийн даншиг наадамд долоолж байсан юм. Энэ хавар ер нь их аятайхан байгаад “Ану сервис” компаниас зохион байгуулсан шүдлэнгийн уралдаанд таваар давхисан. Сая энэ зун Дундговь аймгийн ойд гарсан цагаасаа өнгөлсөөр байгаад цагаан зураасан нэг үрээнд дайруулаад аман хүзүүлсэн. Ер нь зээрд үрээ энэ жил их хурдан байгаа.
 -Наадмын өмнөх сунгаанаа хаана хийсэн бэ?
 -Батсүмбэр  сумандаа байж байгаад уралдахынхаа урьд өдөр буюу 9-нд ирсэн. Хүй долоо худагт гарсан ханиаднаас болгоомжилж хугацааг нь тулгаж ирсэн нь оносон байна лээ.  Гэхдээ л бас агаар дуслын замаар юм болохоор хүрсээн. Ханиад хүрээгүй байсан бол Дундговьд түрүүлэх л байсан байх.
 -Зээрд үрээний амжилт улсын наадмын анхны хишиг үү?
 -Тиймээ. Жижиг наадмуудад л бол сайхан наадчихдаг юм. Сүүлийн жилүүдэд ажил төрлийн байдлаас болоод адуундаа санаандаа хүртэл анхаарал хандуулж чадахгүй байна. Гэхдээ л аймаг сум, жижиг наадмуудад гаргасан амжилтаараа 2006 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Адуутай холбогдсон түүхээсээ хуваалцвал?
-Холбогдох юу байхав дээ. Би чинь хөдөөний хүүхэд. Миний ээж хөдөлмөрийн баатар саальчин Хорлоо гэж хүн байсан. Харин  аав маань Сундуй гэж их олон жил бригадын дарга хийсэн хүн. Малчны гэрт төрж өссөн, тэр дундаа эрэгтэй хүүхэд адуу малнаас хол хөндий байна гэж юу байхав. Би хар багаасаа л хурдан морь унадаг байлаа. Нэг сонин түүх яръя л даа. АХ-ын 75 жилийн ойгоор юм байна. Манай аавын нэгдэлд үхэр малладаг Дамдинсүрэн гэж моринд сүрхий нүдтэй, адуу танихдаа гаргуун нэг хөгшин байсан юм. Тэр хүн манайд ирж “даргаа танай энэ хул даага хурдан юм. Улсад уралдуулахад гарцаагүй айрагдана. Та надад өгчих би уяад өгье” гэсэн. Тэгээд би даагаа унаад тэднийд очсон. Тэр үед даага 11-нд уралддаг байсан юм. Дамдинсүрэн  гуай наадамд явахынхаа өмнө аавд “11-ны орой 6 өнгөрөөгөөд сүүлийн үеийн мэдээ сонсож байгаарай. Таны даага айрагдах нь айрагдана. Харин манай сумын төмөр замын худалдагч Доржпаламын шүдлэн, даага хоёр бол түрүүлнэ” гэж хэлж байсан юм. Тухайн үед би гайхаж л байлаа. Тэгсэн нээрээ л тэр хүний хэлснээр болж, хул даага маань айргийн дөрөвт хурдалсан.
-Хул даага хэний нэр дээр уралдсан бэ?
-Манай унаган адуу. Тухайн үед Дамдинсүрэн гуай уясан болохоор тэр хүний нэр дээр уралдсан.  Гэхдээ тэр хүн амьд сэрүүндээ хожмоо чи морь малтай холбогдвол гээд нэг тодорхойлолт хийж өгсөн нь бий. Тэр хул дааганаас гадна 2002 оны улсын наадамд манай бас нэг хул даага долоод хурдалж байсан юм байна. Тэр даага маань наадмын өмнө зургаан сард “Макс” группээс зохион байгуулсан уралдаанд түрүүлж машинаар шагнуулсан байсан. Ер нь морь мал уяснаас хойш гээд яривал улсын наадамд 20-н дотор олон адуу оруулсан даа. 

"Тод магнай"сэтгүүл дугаар 19

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна