Д.Баяраа:Манай сумаас улсын наадамд анх удаа морь айрагдаж байгаа нь миний хүрэн үрээ

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 29 -нд

-Түүхт ойн наадамд одтой наадсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Энэ бол ганц миний баяр биш, нутаг усныхны маань баяр болж байгаагаараа ихээхэн онцлог юм. Яагаад гэвэл миний төрсөн нутаг Завхан аймгийн Дөрвөлжин сумаас улсын наадамд анх удаа морь айрагдаж байгаа нь миний хүрэн үрээ юм. Түүнээс өмнө 1997 онд Сар хайрханы Бат-Оршил даншиг наадамд Туяагийн халиун түрүүлж, дараа нь 19??? онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд болсон даншиг наадамд манай нутгийн ???? р давхисан нь бүсийн наадмуудад нутаг усныхаа нэрийг гаргасан сайхан үйл явдал байсан юм. Харин энэ удаа улсын наадмын дэвжээнд нутгийнхаа нэрийг гаргалаа.
-Тэр тусмаа түүхт ойн жил гэдгээрээ илүүтэй онцлог байсан байх?
-Тэгэлгүй яахав. Дөрвөн их тэгш ой давхцсан онцгой баяр наадамд морь айрагдуулсандаа үнэхээр их баяртай байгаа.
-Д.Баяраа гэдэг хүн хурдан морь сонирхох болсоор тийм ч удаагүй санагдана. Богино хугацаанд амжилт гаргаж байгаа нь юутай холбоотой вэ?
- Мэдээж санаа сэтгэл нийлсэн гал уяаныхантай маань салшгүй холбоотой. Би хурдан морь сонирхоод удаагүй ээ. Хамгийн анх 2008 онд энэ жил улсын наадамд хээр азарга нь аман хүзүүдсэн Сүхбаатараас нэг шарга үрээ авсан юм. Тэр маань өнгөрсөн жил Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд гарсан цагаасаа өнгөлж явсаар байгаад үзүүр дээрээ унжиж зургаалсан.
-Яаж яваад “Унаган хурд” галын гишүүн болсон юм бэ?
-Найзаараа дамжуулаад л. Миний найз Буяннэмэх надаас нэг жилийн өмнө морь уяад эхэлсэн байсан. Тэгээд л найзыгаа дагаад “Унаган хурд” галынхаа гишүүн болсон доо. Манай гал уяа энэ жил тун өнгөтэй наадаж улс бүсийн наадмаас 12 айраг түрүү хүртээд байна.
-Шувуухай хүрэний эзэн ч гэсэн чамлахааргүй амжилттай наадсан байх шүү?
-Морь сонирхоод удаагүй ч одоогийн байдлаар улс бүсийн наадмаас нэг түрүү,  таван айраг хүртээд байна. “Дүнжингаравын хурд-2011”  хаврын бүсийн уралдаанд хонгор халзан соёолон маань айргийн тавд хурдалж, дараа нь Булганд болсон бүсийн наадмаас хоёр ч айраг хүртсэн. Шувуухай хүрэн маань л гэхэд улсын наадамд дөрөвлөөд, Архангай аймгийн Тоглохын талд болсон бүсийн наадамд түрүүлсэн.
-Үрээний чинь нэр их сонин санагддаг л даа. Яагаад “Шувуухай” гэж нэрлэсэн юм бэ?
-Их жижигхэн биетэй ш дээ. Тэгээд л “Шувуухай” гээд нэрлэчихсэн юм. Сая Архангайд түрүүлчихээд цоллуулах гэтэл “даага цоллох болоогүй байна” гээд оруулахгүй байсан. Ер нь их жижигхэн биетэй шүү.
-Үрээнийхээ угшил гарвалын талаар танилцуулаач?
-Манлай уяач Одгэрэлийн бага гурван насандаа улсын наадамд айрагдсан Ухаа азарганых нь төл байгаа юм. Гэрэлээ ах маань энэ хавар надад бэлэглэсэн. Даагандаа гурван ч жижиг наадамд түрүүлж, энэ хавар Төв аймагт болсон шүдлэнгийн уралдаанд эрлийзүүдтэй уралдаад еслөөд дараа нь дан Монгол үрээний бооцоот уралдаанд даагаа нэхэж түрүүлсэн дээ.
-Наадмын өмнөх сунгаануудад ямархуу байсан бэ?
 -Ер нь өнгөнд л давхиж байсан.
 - Найз нөхдийн нөлөө байсан ч  адуутай огтын хамааралгүй хүн моринд дурлах нь ховор байдаг. Танай удам сударт уяачид бий юу? 
-Байлгүй яахав. Нагац ах нар маань сум орон нутагтаа бүгд л морь уядаг. Тэр хавьдаа амжилттай сайхан нааддаг хүмүүс бий. Аав маань ч гэсэн төрийн ажил хийдэг байсан хэдий ч сайн адуунд гар татдаггүй байсан гэдэг. Миний хувьд зургаан настайгаасаа эхлэн долоон жил хурдан морь унасан. Хамгийн сүүлд 13 настайдаа улсын наадамд ирж уралдаж байлаа.
-Унаачийнхаа хувьд ямар амжилт гаргаж байсан бол?
-Нарийн сайн санахгүй байнаа. Айраг түрүү авч л байсан.
-Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Би ер нь нутаг амьтай хүн. Хүний амьдралын гэрэл гэгээ болсон хүүхэд насаа өнгөрөөсөн нутаг  усаа цаг үргэлж сэтгэлдээ тээж явдаг. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад сум орон нутгийнхандаа мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

"Тод магнай"сэтгүүл дугаар 19

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна