С.Ганболд: Улсын наадамд анх удаа оролцохдоо хязаалангаа айрагдууллаа

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 29 -нд

-Түүхт ойн наадмын хишиг хүртсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу? 
-Баярлалаа. Танай сэтгүүлээр дамжуулаад нийт монголчууддаа энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Анх удаа төрийнхөө их баяр наадамд оролцон, айраг хүртсэндээ баяртай байна.
-Улсын наадмыг зорих болсон нь эрлийз адууг ялгаж уралдуулах тухай шийдвэртэй холбоотой юу?
-Тэгэлгүй яахав. Эрлийз болон Монгол адууг ялгаж уралдуулах тухай шийдвэр над шиг олон уяачийг Хүй долоо худаг руу зүглүүлсэн байх. Хүн амьтантай уулзаж учирч явахад тийм л юм ярьж байна. Тэгш ойн жил гэдгээрээ мөн эрлийз адууг ялгаж байгаа гэдгээрээ энэ жилийн баяр наадам нэлээд өргөн дэлгэр сайхан болж байна. Газар дэлхий ч гэсэн нүд алдам сайхан байна шүү дээ. Өнөөдөр бороо ороод газар нэлээд дэвтчихсэн адуунд бага зэрэг зүдэргээтэйг эс тооцвол шүү дээ.
-Наадмын  зохион байгуулалтын талаар юу хэлэхсэн бол?
-Зүгээр дажгүй сайхан байна. Өмнө нь зурагтаар харж, боломжтой үедээ үзэгчийн суудлаас үздэг байсан. Харин энэ удаа бол оролцогчийн байр сууринаас үзэж байна. Сайхан л байна.
-Энэ хүртэл зорьж ирсэн хүн ганц үрээтэй ирээгүй байлгүй. Хичнээн насны хэдэн адуутай ирсэн бэ?
-Нас насны адуутай ирсээн. Ах нь Монгол адуугаараа нааддаг хүн. Ний нуугүй хэлэхэд өмнө нь над шиг монгол адуутай хүнд уралдах боломж муухан байлаа шүү дээ.
-Танай аймгаас хэр олон хүн ирсэн бэ?
- Өмнө нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын хүн байгаа юм. Энэ жил аймгийн маань ой тохиож байгаа учраас ихэнх уяачид маань тэр хавьдаа уралдах сонирхолтой байгаа байх.
- Хязаалангийнхаа өмнөх амжилтын талаар ярьж өгөөч?
- Эцэг нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын харъяат, аймгийн Алдарт уяач Буянжаргал гэж хүний адууны угшилтай. Эх нь Хэнтий аймгийн Галшир сумын засаг дарга байсан Дриллаа гэж ахын маань унаган адуу. Харин үрээ маань миний унаган адуу. Өмнө шүдлэндээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотхоны наадамд түрүүлж байсан.
-Хязаалангийн айраг С.Ганболд уяачийн төрийн наадмын анхны айраг уу?
-Тиймээ, аймаг сумын наадмын айраг түрүү бол цөөнгүй бий.
Баярлалаа, таны дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл дугаар 19

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна