“Удамт хүлэг” галын уяач И.Атарбаян: Залуу байхад айраг түрүү л бодогдоод адуугаа хайрладаггүй юм байна лээ

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 28 -нд

-Ихэнх уяачид маань удам дагасан хүмүүс байдаг. Таны хувьд тэрхүү уламжлалыг дагаж уяач болсон уу?
-Үгүй ээ, манай аав аймгийн аварга малчин Бадарч гэж хүн байсан. Аавын уядаг хоёр хул морины нэг нь Баян-Уул сумын наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан. Соёолон хүртлээ уралдаад дахиж уралдуулаагүй юм гэнэ лээ. Сүүлд бас нэг халтар морь байсан нь даагандаа гуравлаад, шүдлэндээ айрагдаад, соёолондоо Шарга суманд айрагдсан.
-Шинийн гуравны уралдаанд аман хүзүүдсэн хүрэн халзан морь таны унаган адуу юу?
- Тийм миний унаган адуу. 2004 онд даагандаа сумын наадамд зургаалаад, хоёр наадамд тавласан. Тэгээд нэг хэсэг бэртэл аваад уралдаагүй. Залуу байхад  мэддэггүй юм байна л даа. Өнгөрсөн жил Шарга сумын наадамд аман хүзүүдээд, өчигдрийн /2-р сарын 24-ний/ уралдаанд аман хүзүүдэж байгаа юм. Хүн залуу байхад айраг түрүү л бодогдоод адуугаа хайрладаггүй юм байна лээ. Нас жаахан ахиад ирэхээр нэг наадмаар хязгаарлахаа больчихдог юм байна. Болохооргүй санагдвал дараагийн наадам байгаа гээд татчих жишээний.
-Өнөөдрийг хүртэл  хичнээн айраг түрүү хүртсэн байх юм?
- Одоогоор морь түрүүлгэж үзээгүй, дөрвөн айраг л аваад байна. Нас залуу, наадам олон байна. Нэг өдөр түрүү авах байлгүй дээ.
- Тийм өдөр ойрхон байгаа байхаа. Танд баярлалаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна