Аймгийн алдарт уяач Р.Далхсүрэн: Улаан морь уралдана гэж сонсоод л түрүүлэх нь тодорхой гэдэгсэн

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 27 -нд

-Танд олон айраг түрүү авчирсан хурдан улаан морь бий гэж дуулсан. Хурдан ажнайнхаа тухай бидэнд ярьж өгөөч?
-Миний улаан морь 15 түрүү авчирсан хурдан буян байгаа юм. Аймгийнхаа наадамд хоёр түрүүлж, нэг айрагдан, сумынхаа наадамд ес түрүүлж, хоёр айрагдсан. Зэргэлдээх Хөхморьт болон Ховд аймгийн Дарви сумын наадмуудад 3-4 удаа түрүүлж байсан ажнай даа. Харамсалтай нь сүүлд Ховд аймгийн даншигт аравдаар ирээд, яг бариан дээр хөлөө авснаас хойш дахин уралдаагүй. Уг нь 13 нас гэдэг чинь ид л уралддаг үе шүү дээ.
-Улаан мориныхоо угшлын талаар дэлгэрүүлээч. Хаанахын хэний адуу вэ?
 -Миний өөрийн унаган адуу. Миний аав Гэндэнсүрэн гэж хурдан морь уядаг, адуу малтай хүн байлаа. 1958 онд нэгдэлд орсон юм билээ. Дээр үед аавын бор морь Баян-Уул, Хөхморьт сумдад дээгүүр давхидаг байсан гэдэг. Ер нь бага бага морьдын уяа их сайн тааруулдаг хүн байсан. 1960-аад оны үед аавын уясан морьд Баян-Уул, Хөхморьт сумдын наадамд байнга л айрагдаж, түрүүлдэгсэн.
Улаан морины эх нь миний аавын унаган адуу, эцэг нь Хөхморьт сумынх гаралтай азарга байгаа юм. Дааганд манай нутагт их зуд болоод уяагдаагүй, шүдлэнгээсээ эхэлж уягдаад хязааландаа  сумандаа гурав түрүүлж, Хөхморьт, Ховдын Дарви сумдын наадамд арын морины сураггүй түрүүлж байлаа. Нутгийн хүмүүс “улаан морь уралдана гэж сонсоод л түрүүлэх нь тодорхой” гэж ярьцгаадаг байлаа шүү дээ. Хязааландаа Ховдын Дарвийн наадамд тасраад давхичихаж, хүүхэд нь хаширлаад явуулахгүй татаастай байгаад байхаар нь нэг жийптэй хүн дөхөж ирээд “явуул, явуул” гээд хашгирч л дээ.  Хашир хүүхэд танихгүй хүний үгэнд орохгүй шүү дээ. Татаатай явсаар дараагийн мориноос 1,7 км зайтай түрүүлэхэд нөгөө дагаж явсан хүмүүс хязаалангийн рекордыг эвдлээ  гэж байсан гэсэн.
-Улаан морь уяаны ямар онцлогтой вэ?
-Уяа голдоггүй юм. Бусад морьтой адил тэжээл энэ тэр иднэ гэхгүй амар амьтан даа. Би нэг агсааж тарлаад, ер нь 15 хоног л уядаг юм. Зуншлага ямар болж байгаагаас шалтгаалаад заримдаа өдөр бүр, заримдаа өнжөөд үсэргэнэ. Өвс ногоо элбэг цагт өдөр болгон үсэргэнэ. Ногоо гандуудуу бол өнжиж үсэргэнэ. Хөхморьтын даншиг болдог тээр жил ногоо муутай байсан болохоор энд тэндээс өвс зулгааж хормойлж ирээд л уралдуулсан. Тэгэхэд Хэнтий аймгийн буурал морь ард нь ирж байсан. Ер нь ясны хурдан адуу даа. Цатгалан байхад нь барьж аваад ан авд явахад үнэгийг бол нохой шиг л бултуулсаар байгаад гүйцчихнэ. Манай нутгийн Хүйсийн говь гэдэг чинь их уудам, цэлгэр хоолой шүү дээ. Тэр хоолойгоор чинь алдуул мал хайгаад өдөртөө 100-120 км явах юу ч биш. Улаан морьтой явахад сульдана гэж л байдаггүй юм.
-Улааныг “мандаж” байхад хүчтэй өрсөлдөгч хаананых адуу байсан болоо?
-Сэлэнгэ зүгийн халзан морь, Хэнтий аймгаас ирсэн буурал морь хоёр ана мана үздэг ч ард нь үлддэг, сүүлийг нь ч  дэрлэж ирдэггүй байсан юм. Энэ жил Хэнтийгийн тэр буурал морь улсын наадамд явсан ч уралдаж чадалгүй буцсан байна лээ. Ер нь 1995 оноос хойш манай аймгийнхан зүүн аймгуудаас морь их авчирдаг болсон. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Гантөмөрийн зүүн талаас авчирсан нэг хээр морь нь аймгийн наадамд гурван жил түрүүлж, даншигт айрагдсан. Тэр морьтой 2007 онд манай улаан морь уралдаад түрүүлж, хээр морь ард нь ирж байлаа. Энэ мэт сайхан хурдан хүлгүүд олон бий.
-Хөл нь гэмтэхээс өмнө сайн давхиж байхад яагаад улсын наадамд уралдуулаагүй юм бэ?
-Бодоогүй биш бодож л байлаа. Тэр жил сонсохнээ 2005, 2006 оны наадам их будлиантай болсон сурагтай байсан. Тэгээд над шиг нь ч чадахгүй биз дээ гэж бодсон юм. Одоо харин сайхан болж дээ.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болж байв?
-Би 2006 онд аймгийн Алдарт уяач болсон. Одоо ганц хүү маань морь уяж байгааг хараад сэтгэл өөдрөг явдаг юм. Одоохондоо хүү маань нутаг орондоо л наадаж байна. Яваандаа улсад “үзэх” л байх даа.
-Сүүлийн асуултыг танд үлдээж байна. Баярлалаа.
-Баярлалаа. Нутаг нугынхандаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна