Уяач Ч.Мөнхдэлгэр: Хурдан буян хайрласан Ганбаатар ахдаа баярлаж явдаг

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 27 -нд

-Морь сонирхоод удаагүй ч амжилттай сайхан наадаж байгаа залуу уяачдын нэг нь  таныг гэсэн. Чухам юу таныг хурдан моринд оруулсан бэ?
-Монгол хүний цусанд адуу байдаг гэдэг үнэн юм билээ. Хэрвээ тиймгүйсэн бол хотод өссөн мал мэдэхгүй хүүхэд уралдаж буй морийг хараад самсаа нь шархирна гэж юу байхав. Тэгээд ч эрийн хийморь сэргээсэн наадамгүйгээр Монгол орныг төсөөлөхийн аргагүй. Миний хувьд багадаа хурдан морь унадаг унаач хүүхэд байсан. Тэгж яваад л адуу гэдэг хийморилог амьтантай холбогдсон доо. Харин уяач хэмээн дуудуулж адууны хөхөл сүүл боосоор гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
-Адуу хурдан үе? гурван жил гэдэг цолонд хүрэх хугацаа. Таны хувьд?
-Хараахан үгүй ээ. МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатар ахын маань бэлэглэсэн хуран шарга үрээ бий. Уралдсан болгондоо түрүүлж айрагддаг урамтай сайхан хүлэг байгаа юм.
-Тод манлайтай ямар хамааралтай вэ?
-Ганбаатар ах манай эхнэрийн ойрхон хамаатан байгаа юм. Тэгээд надад энэ шарга үрээг дааганд нь бэлэглэсэн юм. Ийм сайхан хурдан буян хайрласан Ганбаатар ахдаа баярлаж явдгаа “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан илэрхийлмээр байна. Энэ дашрамд бас нэг сонин түүхийг ярихад миний шарга үрээ гурваар давхихад ах нь бас айрагдсан.
-Ах дүү хурдан хүлгүүд айрагдсан бахдалт наадам хаанахын хэдэн оны наадам байсан бэ?
-Миний шарга үрээ 2011 онд Увс аймагт  болсон баруун бүсийн даншиг наадамд  айргийн гурваар хурдлахад, ах нь Өвөрхангайн 80 жилийн ойд бас гурваар давхисан.
-Бэлгэшээлтэй сайхан нааджээ. Ингэхэд таны шарга үрээ ямар амжилт үзүүлсэн бэ?
-Надад ирээд дөрвөн түрүү, хоёр айраг хүртээд байна. Өнгөрсөн жил Увсад айрагдаад, аймийнхаа наадамд түрүүлсэн. Мөн Ховд болон сумын сургуулийн 80 жилийн ойд түрүүлсэн.
-Одоо хэдтэй адуу юм бэ?
 -Энэ жил хязаалан үрээ.
-Баян-Уулын уяач харчууд зургаан  гал уяанд хамаардаг юм байна. Та аль айлын уяач вэ? 
-Би “Морьт галуут” гал уяанд хамаардаг. Найз нөхөд, ах дүүс хамтарсан 7-8 хүний бүрэлдэхүүнтэй шинэхэн хамт олон байгаа юм. Манай гал уяаныхны морьд аймаг бүсийн наадамд амжилттай сайхан наадаж байгаа.
Та бүхнийг хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна