Байнгын уншигч Ж.Цэнд-Очир:Тод магнай сайтын мэдээний давтамж эрс сайжирсан

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 23 -нд

-Та хэзээнээс манай сэтгүүлийг унших болсон юм бэ?
 “Талын хүлэгч” гал уяаны гишүүн,  Босоо дэлт хүрэн азарганы  эзэн Ганбат ахын ярилцлага гарсан дугаараас эхлээд уншдаг болсон.  Галынхаа хороон дарга байсан жилээ өгсөн ярилцлага байсан л даа.  Тухайн үед би яг ид морь сонирхож, “Талын хүлэгч” гал уяаныхантай дотносож байсан юм.  Залуу уяачдын цээжний мухарт байдаг асуултуудын хариултыг туршлагатай уяачдаас асуусан байдаг нь их таалагддаг. Би өөрөө Сүхбаатар аймгий хүн л дээ. Алдарт Нийгмийн хонгорын дошны хүүхэд байгаа юм. Тэр утгаараа нутгийн хурдан буянгууд, уяачдынхаа тухай материалыг шимтэн уншдаг. Манай нутгийн Бураа хэмээх Пүрэвжав гуайн ярилцлага сэтгэлд их тод үлдсэн. Өнгөрсөн зун миний хээр морь хооллох шөнөө яг тэгж унтаж байгаад маргааш нь урамтай сайхан уралдан айрагдаж байлаа.Тэгэхэд тэр ярилцлага өөрийн эрхгүй санаанд орж билээ.
 -Ингэхэд хэдэн оноос морь уяж байгаа юм бэ?
-Моринд шинэ хүн шүү дээ. 2004 онд оюутан болж ирээд зуныхаа амралтаар багшийнхаа  морьдыг уядаг болсон. Түүнээс хойш сургуулиа төгсөөд багшлахын  зэрэгцээ морь уяад л явж байна. Гэхдээ нас залуу ч чамлахааргүй амжилт гарган айраг түрүү хүртэж явна. Миний өвөө Сүхбаатар аймгийн Алдарт уяач “шилбэ” хэмээх Дамдинсүрэн гэдэг хүн байсан. Тонгоон адууны гол цусыг хадгалж явсан хүн гэдэг юм. Харин аав маань Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын  уяач  Жанцан гэдэг хүн бий. 
-Сэтгүүлийн маань байнгын уншигч гэдгийг эртнээс мэднэ. Сайтын тухайд юу хэлэхсэн бол?
-Санаандгүй орж үзээд тэрнээс хойш байнгын уншигч нь болсон. Нэг хэсэг мэдээллийн давтамж жаахан удаан байсан ч сүүлийн үед эрс сайжирч байгаа. Уралдаануудын мэдээг цаг тухайд нь дамжуулаад л.  Гэхдээ цаашид монгол адууны өнөөгийн  байдал, хөгжлийн хандлага болон хэт туйлширсан цус сэлбэлтийн талаар хөндөж бичвэл илүү зүгээр юм шиг. Хэт туйлшран эрлийзжүүлж байгаа нь эргээд монгол адууны удмын санд өөрчлөлт оруулж болох сөрөг талтай. Энэ талаар нь илүү бичвэл зүгээр санагддаг шүү. Тэгээд эцэст нь хэлэхэд хурдан мориор дамжсан өргөн салбарын мэдээллийг хүргэж байгаа танай хамт олон хэрэглэгчийнхээ тоог улам бүр нэмэгдүүлж Монголын хамгийн олон уншигчтай сэтгүүл сайт болох боломж байгааг  сануулмаар байна.
Бэлгэтэй сайхан үг байна. Биелэх байхаа гэж найдаж байна. Бидэнтэй үргэлж хамт байгаарай. Танд баярлалаа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.