Еншөөв багийнхан “Адуучин” тэмцээний хошой аварга болж амжилтаа бататгалаа

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 14 -нд

Жил бүр уламжлал болон зохиогддог “Адуучин” тэмцээн усан луу жилийн шинийн 10-нд болж өнгөрлөө. Дорноговь аймгийн Эрдэнэ суманд болсон энэхүү тэмцээнд тус сумынхан болон Замын Үүд, Улаанбадрах сумын нийт 9 багийн шилдэг адуучид оролцож, уран уургач, бугуйлч, эмнэг сургагч, адуу дэллэн авхаалж самбаагаа сорьсон юм. Энд уран бугуйлчаар Еншөөв багийн  адуучин У.Батбаяр тэргүүлсэн бол удаах байран мөн багийн н адуучин Ц.Батсүх, Замын Үүд сумын оролцогч Батмөнх удаалсан  юм. Харин уран уургачаар Улаан Уул багийн  адуучин Э.Ганбаярыг нэрлэсэн ажээ. За бас Еншөөв багийн  адуучин С.Мөнх Алдар, Еншөөв багийн  адуучин Ж.Даваадорж нар хоёр, гуравдугаар байрын эзэн болов. Эмнэг сургагчийн төрөлд мөн л Еншөөв багийн  адуучин  З.Доржнамжил тэргүүлэн, Еншөөв багийн  адуучин  Ишдорж, Улаанбадрах сумын  адуучин Доржпүрэв нар амжилтаараа жагссан юм. Бас Еншөөв багийн  адуучин Ц.Довчиндорж, Дөрвөлж багийн  адуучин Д.Ганзориг, Улаанбадрах сумын адуучин А.Батгэрэл нар  адуу дэллэхдээ гаргууд гэдгээ харууллаа. Ямартаа энэ удаагийн “Адуучин” тэмцээнд Еншөөв багийнхан одтой  байж ширүүхэн өрсөлдөгч гэдгээ төвөггүй харуулж, шилжин явах цом авснаар Эрдэнэ сумын “Адуучин” тэмцээний хошой аварга болж амжилтаа бататгалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна