Өнөөдөр “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”

Сэтгүүлч
18 цагийн өмнө

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей хэлэлцэн баталсан. “Дэлхийн адууны өдөр”-ийг 2025 оны 7 дугаар сарын 11-ний энэ өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй адуу байна.  Дэлхий даяар адууг уналга, ачлага, спорт уралдаан, аялал жуулчлал, амралт зугаалгын зориулалтаар эдлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр ашиг шимийг нь хүртдэг.  

Харин сүүлийн жилүүдэд хүний амьдралын хэв маягийн өөрчлөлт, технологийн дэвшил, эдийн засгийн төрөлжилт, уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн улмаас дэлхийн адууны тоо толгой, үүлдэр угсаа, аж ахуйн хэрэглээ буурах хандлагатай байна. Иймд эрт дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, ач холбогдол болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг санаачилсан байна.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтний өнгөрсөн, өнөөгийн ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй асар их үүрэг, хувь нэмрийг тодотгон тэмдэглэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил дэх адуу, адууны аж ахуйн ач холбогдлыг нэмэгдүүлэх тодорхой үйл ажиллагаануудыг дэмжих, адууны өв соёл болон бэлчээр, нүүдлийн аж ахуйн хэв маягийг хамгаалж, хадгалахыг уриалах индэрийг бий болгоход Дэлхийн адууны өдрийн ач холбогдол орших болно” хэмээн онцолжээ.

Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Бүгд Найрамдах Австри Улс, Бахрейны Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Катар Улс, Лесотогийн Хаант Улс, Мароккогийн Хаант Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Туркменистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгджээ. 

Эх сурвалж: https://president.mn/

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна