Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан

Сэтгүүлч
2024 оны 2-р сарын 20 -нд

Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Б.Батжаргалын "Тод магнай" сэтгүүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Танайхан хэдэн үеэрээ морь уяж байгаа билээ? 
-Өвөө, аав гээд бүгд л уяж байсан улс. Аав маань багадаа Чүлтэмсамбуу гэдэг айлд өргөгдсөн юм билээ. Насаараа нэгдэлд ажиллаж байгаад, хувьчлалын дараагаас морь уях болж, 1996-1997 онд хоёр азарга суманд айрагдуулж, түрүүлгэсэн. Хонгор азаргыг нь Жамъяндорж гуайгаас манай том хүргэн хувьчлалаар авсан. Жамъяндорж гуай тэр хонгор азаргыг уяад хоёр ч удаа арван хэдээр давхиулж байсан юм билээ. Тэгээд манай ах мотоцикль, азарган үрээ өгч соёолон азарга авч байсан юм. 
Хонгор азарга хэдэн онд суманд айрагдсан бэ?
1996 онд цоохор нь түрүүлж, хонгор гуравлаад, дараа жил нь бас ээлжлээд орж байсан гэдэг юм. Би яг тэр үед нь цэрэгт явчихсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. 
-Цоохор азарга нь хаанахын адуу вэ?
-Зүүн урдаас гарч ирсэн адуу. Нямдорж гэж хүн гурван үрээ зарж байснаас манай аав нэгийг нь авсан юм билээ. Цоохор азарга бол тэрнийх нь төл. 
-Аав тань өөр ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Дараагаар нь соёолон хүрэн морь нь сумандаа айрагдаж байсан. Мөн нэг цоохор даага уяж сүүлд даяндуулж байсан. 
-Даяндана гэж юу гэсэн үг юм бэ?
-Баян ходоодны даагыг манайхан тэгж нэрлэдэг юм. 
-Таны хувьд хэзээнээс эхлэн морь уяж байгаа билээ?
Өрх тусгаарлаад 2003 оноос морь уяж байгаа ч төдийлөн амжилт үзүүлж чадаагүй л байна. 2005 онд байх аа, ах надаар нэг даага уяулсан нь овооны наадамд түрүүлж, дараа нь сумын наадамд 14-өөр давхисан. Мөн өөрөө соёолон морь уяж, 14-өөр давхиулж байлаа. 
-Сумын наадмаас айраг авч байсан уу?
-Овоонд л нэг даага түрүүлгэсэн. 
-Хүсэн хүлээсэн баярт наадмууд тун удахгүй тохиох биз ээ. Амжилт хүсье. 

"Тод магнай" сэтгүүлийн Төв аймгийн тусгай дугаараас...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна