Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал

Сэтгүүлч
2023 оны 12-р сарын 25 -нд

12 жилийн өмнө өдийд...

Тод манлай уяач Т.Батцоож, Ш.Мөнгөншагай нарын уяачид ярилцаж суугаад "Сайн их насны морьтой болох нь эрхэм" гэдэгтэй санал нэгдэж.

Тухайн үед ид морь сонирхон хорхойсч байсан Ш.Мөнгөншагай "Хаана сайн их морь байна. Авъя л даа" гэхүйд Т.Батцоож "Сүхбаатарын Баяндэлгэрт нэг сайн буурал морь бий. Даанч эзэн нь зардаггүй юм гэнэ лээ" гэж.

Энэ яриа явсаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач, улсын сайн малчин, хожмоо Хөдөлмөрийн баатар болсон Санзайжавын Чулуунбаатарынхыг зүглэхэд, галын гишүүн Хүрэлчулуун эмч Аварга Чулуунбаатар өөрийнх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар дуулгаж, замыг нь шулуутгажээ.

Тэр жил 11 нас хүрч байсан буурал морь орон нутгийн чанартай наадмаас айраг, түрүү алдсан удаагүй. Аргагүй тэр хавийн БОСОО хүлэг байв.

Эрдэнэцагаан сумнаа зохион байгуулагдсан Егүзэрийн хутагтын нэрэмжит бүсийн чанартай уралдаанд аман хүзүүнд хурдлахад нь уралдааныг дагаж үзсэн улсын Манлай уяач уяач Б.Цэндбаатар санал тавьсан ч хүссэн хариултаа сонсож чадаагүй гэдэг.

Энэ мэтчилэн Аварга Чулуунбаатарын буурал моринд санаархаад аятай хариу дуулаагүй улс олон.

Харин яагаад ч юм тэр өдөр Ш.Мөнгөншагай тэргүүтэй эрхмүүд эмнэлгийн өрөөнд нь хүрч очоод санал тавихад хүлээн аваад, 25 сая төгрөгийн наймаа хийхээр тохирч, урьдчилгаа 10 саяыг авахаар болжээ.

Энэ үйл явдал 2011 оны өвөл болж. Хэдэн сарын дараа Ш.Мөнгөншагай үлдсэн өртгөө өгөөд буурал морио өөрийн болгож, Тод манлай уяач Д.Одгэрэлийн уяан дээр авчирч.

Баяндэлгэрийн буурал морь ирсэн сургаар эргэн тойрныхон ирж, ил далд шинжээд чамлангуй мэдрэмжтэй буцсан нь олон.

"Үе муутай, галуун сагагтай, тэмээн тавагтай адуу юм" гэх тэдний шүүмжлэлийг эрс няцаах аргагүй. Гэсэн ч толгой сайтай. Зовхи бүр онцгой. Арьс хөрс хөнгөн нимгэн, голоороо бүдүүн, яс хөнгөн зэрэг сайн талууд олон байв.

Сайн шинжүүд нь давамгайлж, тэр олон уралдахдаа хөл гартаа хүрчихдэггүй байсан гэлтэй.

2012 он. АХ-ын 91 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд буурал морь 22-д хурдлав.

Давхар уяагаар Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд шандас шалгахаар болж, өмнө зүгийг зорьж 178 хурдан хүлгийн магнайд хурдалж, түмэн эхээр цоллуулах нь тэр.

Ийнхүү аймгийнхаа наадамд уралдаж үзээгүй ажнай хүлэг ардын төрийн зарлигт наадамд түрүүлэн, уугуул нутгийн түмнээ, уясан эзнээ, хурсан олноо цэнгүүлж Ш.Мөнгөншагайд их насны мориор ид хаваа гайхуулан наадахын сайхныг мэдрүүлсэн юм.

Түүнээс хойш буурал морь том наадамд дахин айрагдаж, чадаагүй ч 2014 оны зүүн бүсийн уралдаанд өнгөлж явсаар зургаалж, хэдэн жилийн дараа 19 настайдаа Дорноговийн хойд бүсийн уралдаанд айрагдаж, өнгөрсөн жил тэнгэрийн хүлэг болсон гэнэ лээ.

Цагийн эрт, хүлгийн шандастайд том дов бараадсан бол Баяндэлгэрийн буурал морь баахан хэрэг тарьж мэдэх дэг шүү.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.