Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь нь давхина даа

Сэтгүүлч
2023 оны 9-р сарын 10 -нд

Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6-р багийн харьяат, “Эрчим” галын гишүүн Дэрэмийн Цолмонг уншигч танаа уулзуулъя. Морь уяхыг соёл хэмээн үздэг тэрээр гурав дахь үеийн уяач. Урмаар тэтгэж өсгөсөн аавынхаа залгамж халаа болж, удам залгах хүүдээ сэтгэлийн дэм өгөхөөр морь уяж буй тэрээр ийм нэгэн амтат яриа өрнүүллээ.

-Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадам хаяанд иржээ. Хэдэн насны хичнээн морь уяж байна вэ?
-Азарганаас бусад таван насны найман морь уяж байна. Даагандаа аймгийн наадамд гурвалсан хүрэн шүдлэн, өнөө жил хоёр ч уралдаанд зургаалсан Содномдорж гээд найзын маань өгсөн буурал даага гэгчлэн найдлага тавьж байгаа үрээнүүд бий. Төв аймгийн Зуунмод сумын Эрчим хүчнийхэн маань тусдаа гал уяатай. 
Эрчим галыг 1996 онд тухайн үеийн дарга Баярсайхан санаачлан байгуулж байлаа. Дундуур нь дарга маань өнгөрөөд, бас би хот руу шилжээд гал уяаны зохион байгуулалт түр алдагдсан. Тэгээд 14 жилийн дараа буюу 2016 оноос  бид дахин нэгдэн морьдоо уяж байна. Галын даргаар Ёндонжамц гуайн хүү Үүрцайх ажилладаг. Аав нь морь сайн таньдаг хүн байсан юм. Харин галын зөвлөх уяачаар аймгийн Алдарт Отгон ажилладаг. Манай галаас хоёр аймгийн Алдарт уяач төрсний нэг талийгч Баярсайхан дарга маань. Морь уяна гэдэг багийн хамтын хөдөлмөр. Санаа зорилго нэгтэй галын хамт олон маань үүнийг маш сайн ойлгож хэрэгжүүлдэг. 
-Таатай сонсогдож байна. Таны хувьд хэзээнээс хурдан морь уяж байгаа юм бэ?

-1996 оноос эхэлж хурдан морь уясан. Тэгээд 2002-2016 оны хооронд түр хугацаагаар завсарласан. Яагаад гэхээр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит компанийн хяналтын албаны даргаар  томилогдсон. Хотод мал хуй байлгахгүй, дээрээс нь ажил ихтэй учраас завсарлахаас өөр аргагүй байсан л даа. Тэгээд 2016 онд Төв аймгийнхаа эрчим хүчний салбарын даргаар ирснээсээ хойш салбарынхаа моринд дуртай залуусыг дэмжин гал уяаныхаа ажлыг идэвхжүүлээд байна. Би аймгийнхаа шагайн холбооны тэргүүнээр ажилладаг. Нүүдэлчин ахуй соёлын нэг том бүрэлдэхүүн болсон шагайн харваа, үндэсний морин уралдааныг хөгжүүлэгч уяачдаа дэмжих нь байгууллагын удирдлагын үүрэг гэж боддог. 
-Морь уях нь соёл хэмээн үздэг хүнтэй уулзах сайхан байна. Хэн таныг энэ соёлд сургасан бэ? 

-Манай дээдчүүл Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын улс. Миний өвөө Лувсандамба гэж адуунд хайртай, морь уях дуртай сайхан буурай байлаа. Өвөөгийнх буурал голдуу адуутай. Сум орон нутгаараа түлхүү нааддаг. Ганц нэг удаа улсад явж байсан байх. Аав минь багадаа өвөөгийн уясан морийг нь унаж уралддаг байсан гэдэг. Хожмоо сургууль соёлоо төгссөнийхөө дараа буюу 1973 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд эмнэлгийн эрхлэгчээр томилогдож очоод дөрөв, таван жил хурдан морь уясан. Тэр үед би жаахан хүүхэд аавынхаа хүрэн үрээг унаж уралдаж байснаа мартдаггүй юм. Сүүлд морь уяхдаа аавынхаа адууны буурал гүүний төлүүд болон  найз нөхдийнхөө бэлэглэсэн адуунаас уясан. Баянжаргалангийн Бат-Очирын Саранхүүг таних уу?
-Танилгүй яах вэ. Улсын цолонд ойрхон яваа уяачдын нэг. 

-Бид нэг ангийнхан. Найзын маань өгсөн бор морь эвтэй л байгаа.
-Морьтны соёлд сургасан өвөө, аавынхаа талаарх дурсамжаас хуваалцаач?

-Намайг 16-тайд өвөө, 40-тэйд аав маань бурхан болсон. Хүн чинь эцэг эхийг мөнх сэрүүн байх юм шиг санаж, амьд сэрүүнд нь асууж сурагладаггүй юм байна. Өвөөг морь уядаг байхад би долоо наймхан настай байсан учраас уяа заслынх нь нарийн ширийнийг анзаардаггүй байж. Ямар ч байсан манай өвөө буурал адуугаа хурдан гэж ярьдаг. Буурал зүсмийн адуу цуглуулдаг хүн байсан. Аав өвөө хоёртой холбоотой дурсамж гэхээр 1973 оны наадам санаанд орж байна. Аав маань 1970 хэдэн онд юм уу даа Хэнтийгээс нэг хүрэн үрээ авсан нь их хурдан байлаа. Баяндэлгэрийн гурван сунгаанд гурвууланд нь түрүүлдэг юм. 

-Та унаж байсан уу?
-Үгүй айлын хүүхэд унадаг. Намайг дадал муутай гээд өөр нэг хоргодоо хүрэн үрээ унуулдаг. Нөгөөх маань олигтой давхихгүй ээ. Аавтай цуг эмнэлгийн машинаар айлын хүүхдээр унуулсан хүрэн үрээгээ түрүүлэхийг хэд хэдэн удаа харчихсан би яг уралдахынх нь өглөө “Аав аа би өөрийнхөө хурдан морийг уная” гээд гуйсан. Угийн зөөлөн аав маань зөвшөөрлөө. Тэгээд морьд гарах болсон би буруу эргэж давхиад, аав минь хойноос  ирж буцааж байсан юм. Тэгээд араас нь нэхсээр арван хэдээр орж иртэл өвөө наадмын талбай дээр аавыг “Хүүхдээ буруу эрхлүүллээ. Морь унаж сураагүй хүүхдээр хурдан байгаа үрээгээ унуулаад” гэж зэмлээд ташуураараа цохиж билээ. Тухайн үед аав минь юу ч хэлээгүй. Орой гэртээ ирсэн хойноо надад “Хойтон хоёулаа хурдан хүрэнгээ түрүүлгэнэ ээ” гэсэн юм. Даанч тэр өвөл нь Төв аймгийн эрүүлийг хамгаалах газарт томилогдоод морио уяж чадаагүй.
-Хүлээцтэй зөөлөн хүн бололтой.
-Манай аав хүүхдийн эмч мэргэжилтэй. Хүүхэд загнахыг мэдэхгүй. Харин ч боломж гарвал магтаж байдаг хүн. Харин өвөө маань хатуу талдаа. Айлын том болохоор ч тэр үү надад барагтай үг хэлэхгүй. Ер нь би ааваасаа хатуу үг дуулалгүй 40 хүрсэн хүн. Надад “Миний хүү түмэнтэйгээ, зөв яваарай” л гэж захидаг байсан. 
-Цолмон уяачийн магнайг тэнийлгэн хурдалсан хүлгүүдээ танилцуулаач? 

-1996 онд Үүрцайх маань нэг хээр даага бэлэглэсэн нь аймагт арван хэдээр давхиж ихээхэн урам өгсөн. Түүнээс хойш өвөг дээдсээс үлдсэн буурал гүүн дээрээ нэмээд энд тэндээс үрээ, байдас нэлээд авсаан. Галшарын Бямбаа  ах зүүн талаас хэд хэдэн адуу авчирч өгсөн. Манай эрчимийн дарга байсан Баярсайхан нэг үрээ өгсөн. Энэ мэтчилэн сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар сайн адуу цуглуулж хэдэн жил сайхан наадсан. Шинэ залуу уяачид морь арав гаргаж давхих хүртэл сайхан санагддаг юм шүү дээ.
-Монгол наадмын үнэ цэнэ морь хүүхэд мэнд сайхан наадахад оршдог гэдэг шүү дээ.
-Хамгийн чухал нь тэр. Хэсэг завсарлаж байгаад буцаад морь уясан Ганболдын Энхбаатар гээд залуу надад эмнэг хязаалан бэлэглэсэн юм.  Тэр маань 2017 онд аймагтаа  хол түрүүлсэн. Морины цагаан хийморь ивээсэн нь тэр. Ер нь тэгээд уяач хүн зөв бодолтой байвал морь нь давхина даа. 
-Дүү нар морь уях уу? 
-Би эхээс тавуулаа. Эрэгтэй дүү маань автын инженер мэргэжилтэй. Морь малнаас хол оо. Харин гурван эмэгтэй дүүгийн маань хамгийн том нь болох бүсгүй Амгаа зааны том хүү Шижирболдтой гэр бүл болсон юм. Амгаа ах морь уядаг болохоор тэднийхэн харин мал хуйтай ойрхон. 

-Хүү тань моринд дуртай бололтой юм билээ. 
-Миний хүү моринд дуртай, дуртай. Бараг надаас илүү дуртай шүү. Хоёр гурван жилийн дараагаас Мөнхбаяр маань морь уях байх. Миний хүүг өвөө нь өсгөсөн. Өвөөтэйгээ ойр байсан болохоор бусдаасаа илүү адуу маланд сонирхолтой. Би олон жилийн дараа дахин морь уяж байгаа маань хүүдээ л нэмэр болох гэсэн хэрэг. Монголчууд хэдэн зуун жилийн турш ийнхүү үе дамжин морь уяхад суралцаж, морьтны соёлыг түгээсээр ирсэн. Бид тэрхүү уламжлалыг хадгалж, хойч үедээ өвлүүлж үлдээх учиртай. 
-Өвлүүлж үлдээх гэснээс өвгөдийнхөө нутаг руу явж нааддаг уу? Нэлээд хэдэн уяач морь уяад хамгийн түрүүнд дээдсийнхээ нутаг руу явж уралдана хэмээн боддог байсан тухайгаа ярьж байсан юм. 
-Ноднин уржнан хоёр Сэлэнгэ рүү явж наадсан. Миний өвөө 1917 оны хүн. Одоо таньж мэдэх хүн цөөрсөн ч би дотроо “Өвөөгийн минь морь малаа уяж байсан нутаг” хэмээн сүсэлсэн болоод ч тэр үү хоёр морь маань хоёулаа айрагдсан. Нутгийнх нь уул, ус түшсэн байх аа. 
-Тэгэлгүй яах вэ. 
-Мөн аавынхаа морь уяж байсан Баяндэлгэр суманд нэг очиж уралдах бодолтой байгаа. 
-Улсын наадамд оролцож байв уу? Төв аймгийн уяачдад газар ойр давуу тал бий. 
-Би ер нь улсын баяр наадамд морь мордуулж үзээгүй. Энэ жил улсынхаа наадамд морь уралдуулъя гэсэн бодолтой байгаа. Манай аймгийн наадам найман, есөнд болчихно. Хоёр гурван хоногийн амралттай уралдуулахад гайгүй байх гэсэн тооцоо хийсэн. 
-Том уяачид Төв аймагт уралдуулж багцааг нь харчихаад улсад ирдэг шүү дээ.

-Манай Төв аймгийн дош улсын наадмын өнгийг тодорхойлдог. Тэр бол бүр тогтсон жишиг. Тиймээс л эхэлж аймагтаа уралдана гээд байгаа юм. Энэ жил ногоо эрт гарсан наадам сайхан болох байх аа.
-Хаа сайгүй дэлгэр зун болж байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд амжилт хүсье. Төр түмнийхээ их цэнгэлээс хишиг хүртээрэй.   
-Ерөөл бат оршиг. Намайг тоож ярилцлага авсан танай сэтгүүлийн хамт олонд “Эрчим” галынхныхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. 
-Баярлалаа. 

"Тод магнай" сэтгүүлийн Зуунмод сумын тусгай дугаараас...


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна