Олны морь түрүүлгэсэн анхны уяач болсон нь...

Сэтгүүлч
2023 оны 6-р сарын 14 -нд

Нар хүлхэж, наадам хүлээсэн өдрүүд үргэлжилсээр... Будсан мэт нов ногоон талын сэргэлэн дэнжид уяа дүүрэн морьд багширч, уралдаанч бяцхан хүүхдүүдийн гийнгоо дуу хадах нь дэндүү сайхан. Ийм л нэгэн өглөө тэртээ холд алсарсан тээр жилийн наадам, тэнгэрт хөөрөг зөрүүлэн суугаа хөх өвгөдийг дурсмаар санагдав.

1960 оны төмөр хулгана жилийн баяр наадмыг багш шавь хоёул зорин очиж, хоёр түрүү, дөрвөн айраг хүртэн хавтай сайхан наадсан билээ. Эд бол Их, Бага хангай, Айраг нуураар нутагладаг Цэндийн Лувсанчойндон, Дамдинсүрэнгийн Гарамжав нар юм.

Ц.Лувсанчойндон уяач насаар ахимаг. Сонссон дуулсан юм ихтэй, туршлага арвин, нутгийн нэртэй, тулхтай сайн уяач. Бага залуудаа Жанчивлан хийдэд шавилан сууж байсан тул барагтай хий гаргахгүй. “Хэлж буй үг нь тэр чигтээ баринтагтай судар болохоор” хэмээн нутгийн хөгшчүүл үнэлнэ.

Харин энэ жил 30 насны босго давсан Дамдинсүрэнгийн Гарамжав  уяач бол барга ястан. Уг нь баян айлын ганц хүү болон мэндэлж, балчир насаа дутагдахын гачлангүй, дуусахын зовлонгүй жаргалтай өнгөрүүлсэн ч арваадхан настайдаа хагацлын сүүдэрт даруулж, хоёр эгчийнхээ дэмээр гар ганзага, хөл дөрөөнд хүрсэн билээ.

Д.Гарамжав багаас морь уях эрмэлзэлтэй. Түүндээ хөтлөгдөн аав, ээжээс үлдсэн хэдэн адуугаа туугаад нутгийн тулхтай буурал Лувсанчойндонг бараадан  уяаны эрдэмд суралцах болсон бөгөөд “адууны багш минь” хэмээн чин сэтгэлийн угаас хүндэтгэн, эмээнэ.

Ийм түүхтэй хөгшин, залуу хоёр эр Буянт-Ухаагийн буурал дэнжид ирж буугаад Ц.Лувсанчойндон уяач хонгор азарга, хонгор халзан шүдлэн, хонгор даагаа аман хүзүүнд хурдлуулж, харин шавь нь хээр шүдлэн, саарал даага түрүүлгэн, ногоон даага дөрвөөр давхиулав.

Төрийн наадмын 30 айраг, түрүүний зургааг нь багш, шавь хоёул хуваан хүртэж. Бахтай, сайхан.

Баярлаж хөөрсөн залуу эр “Багш аа, хоёулаа дундаа нэг авдар архи аваад энэ улсыг баярлуулъя” хэмээгээд “Муу дээрээ шүдтэй үхэр. Хар усаар яадаг юм” гэх зэмийг хүртэн дуугүй болов.

Тэр үеийн уяачид архи, адуу хоёул нэг саванд багтдаггүй хэмээн ихэд цээрлэдэг байсны дээр Ц.Лувсанчойндон уяач архи огт амсдаггүй хүн байж. Багшаасаа зэм хүртсэн Д.Гарамжав 24-ийн чихрээс хормой дүүрэнг аваад хүмүүст тараан баяраа хуваалцаж санаа нь амарсан гэдэг.

Түүний ийн догдлох нь ч бас учиртай. Наадмын өмнө нэгдлийн дарга “наадамд битгий яваарай” хэмээн үүрэгдсэнсэн. Төлөвлөгөө нормоо тасдаж, төрийн ажил цалгардуулахвий хэмээн эмээснийх л дээ, хөөрхий түүнээс моринд хайргүй, наадамд дургүй монгол хүн хаа байхав.

Үрээ, дааганы уяа зөв аятайхан байх тул даргын захиасыг зөрчин, толгой мэдэн наадамд мордохдоо Д.Гарамжав гэргийдээ “Миний хөгшин радиогоо чангахан тавиад чагнаж байгаарай. Яагаад нэгдлээс нэг морь түрүүлж болдоггүй юм. Би саарал даагаа түрүүлгэнэ” гэж хэлээд явж.

Тэгээд хэлсэн ёсоороо “Алтан өлгий” нэгдлийнхээ нэрээр саарал даагаа түрүүлгэж, нийгэм, олны морийг уяж түрүүлгэсэн анхны уяач болсон юм. 

А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.