Өвөрхангай аймгийн баруун бүсийн уралдаан боллоо

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 07 -нд

 

Усан луу жилийн шинийн наймны билэгт сайн өдөр Өвөрхангай аймгийн баруун бүсийн хурдан морины уралдаан болж дээд гурван насны  229 хурдан хүлгэд шандасаа шалган уралдлаа. Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Улаанбаатар, Дундговь аймгаас ирсэн хурдан морьдоос азарганы насанд 69 хүлэг уралдаж  Уянга сумын “Хийморийн хүлэг” галын залуу уяач Б.Шийлэгдоржийн битүү  бор түрүү магнайгаар тодорч, Баянгол сумын “Арвайн хүлэг” галын  аймгийн Алдарт уяач Т.Болдын зээрд халзан удааллаа. Зээрд халзан нь зүүн, баруун бүсийн уралдаанд нэг түрүүлж, 3 айрагдаад байгаа бөгөөд ийнхүү луу жилийн босгон дээр шандас хурдан хүлэг болохоо харуулж амжлаа. Харин айргийн гуравт Төгрөг сумын аймгийн Алдарт уяач "Арвагар хээр" холбооны дэд тэргүүн “Хонгорын хурд” галын Д.Батдоржийн бор удаалав. Хужирт сумын сумын Алдарт уяач Ц.Төмөрхуягийн хээр, Баянгол сумын уугуул “Арвагар хээр” холбооны дэд тэргүүн “Арвайн хүлэг” галын  уяач  Б.Баянмөнхийн хээр алаг айргийн тавд багтжээ.

Их насанд 92 хурдан хүлэг уралдсанаас Хайрхандулаан сум Хан хөгшиний “Хар нүдэн” галын МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасангийн сартай хонгор, Тарагт сумын уяач Балжиннямын хар, Тарагт сумын сумын Алдарт уяач О.Цэдэнсодномын хүрэн, Тарагт сумын аймгийн Алдарт уяач Тодбаярын зээрд, Төгрөг сумын “Хонгорын хурд” галын аймгийн Алдарт уяач Ганболдын цавьдар морьд айргийн тавыг мялаалаа.

Баруун бүсийн уралдааны соёолон насанд 68 хурдан хүлэг уралдсан юм. Энд Сант сумын “Хонгорын хурд” галын уяач Сумьяасүрэнгийн хүрэн түрүү магнайгаар тодорчээ. Удаах байранд Уянга сумын уяач Д.Даваажавын хээр, Хайрхандулаан сумын уяач Б.Тогоохүүгийн хул орсон аж. Харин айргийн дөрөвт Тарагт сумын уяач Алтангэрэлийн хар халзан, тавд Уянга сумын уяач Давааноровын саарал тус тус айргийн таваар орж, хурсан олныг баясган, жилийн өнгөө урамтай сайхан эхлүүлсэн нь энэ байлаа.

Нутгийнхаа дээгүүр давхисан адуунд сая сая төгрөгийг өгөхөөр зохион байгуулагчдын зүгээс шийдвэрлэсэн ажээ. Энэ дагуу Тарагт сумын унаган адуугаар наадсан Тарагт сумын 1-р багийн залуу уяач Ганбаатарын хул азарга, их насанд Тарагт сум 1-р багийн уяач Сосорбарамын хээр, соёолонд тус сумын 4-р багийн уяач Лхагвадоржийн хулыг онцолсон байна.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна