Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний амжилтын оргил үе

Сэтгүүлч
2023 оны 3-р сарын 02 -нд

Сүхбаатар аймгийн Онгон сумын Нүдэн багийн харьяат Ёндонжамц ажлаа завчлан хоёр хээр мориныхоо нэгийг уяад сумынхаа наадамд айрагдуулж. Түүний дөрвөн хүүгийн нэг Төгсмандах нутгийн уяачийг даган морь уяхад суралцсаар  20 хэдхэн насандаа анхны айргаа хүртэн урамшаад дээдчүүлийнхээ хэрэглэж байсан нүдэн чандмань тамгыг сэргээн хээр зүсмийн адуугаар одтой наадах болжээ. Энэхүү товч түүхийн эзэн бол Сүхбаатар аймгийн 70 жилийн ойд хоёр морь айрагдуулсан, аймгийн Алдарт уяач, улсын Аварга малчин Ё.Төгсмандах юм. Тэрээр 1974 оны өвөл айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлсэн гэдэг.

-Одоогоос найман жилийн өмнө Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, зүүн бүсийн уралдаан болж, Онгон сумын уяачид гурван айраг хүртсэний хоёр нь таны нэртэй хүлгүүд. Сэтгэлийн гүнээс үргэлж халуун дулаанаар төөнөж байдаг тэр сайхан дурсамжаар ярилцлагаа эхэлье. 
-2012 он миний хувьд маш сайхан жил болж өнгөрсөн. Тэр жил сумынхаа наадмаас хоёр түрүү, хоёр айраг авчихаад Түвшинширээгийн 80 жилийн ойд очиж халтар морио түрүүлгээд, зүүн бүсийн наадмыг зорьж, хоёр айраг хүртэж байлаа. 
-Үнэхээр сайхан нааджээ. Сумынхаа баяр наадамд ямар насны морьд түрүүлгэсэн юм бэ?

-Хээр азарга, халтар хязаалан түрүүлж, халтар морь, хээр соёолон айрагдсан. Халтар морины уяа арай дутуу байсан тул Түвшинширээгийн 80 жилийн ойд аваачиж уралдуулаад түрүүлгэсэн. Мөн суманд айрагдсан соёолонгоо Баяндэлгэрт аваачиж уралдуулаад бас түрүүлгэсэн. Тэгээд аймгийн 70 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд азарга, их морь, хязаалантай очиж, азаргаа 20 хэдэд, халтар морио аман хүзүүнд, халтар хязаалангаа айргийн дөрөвт хурдлуулан сайхан наадсан. Анх удаа аймагт очиж уралдаад ийм амжилт үзүүлнэ гэдэг ховор байх шүү. 


-Аймгийн чанартай уралдаанд оролцож байгаагүй хэрэг үү?
-Халтар морио соёолон байхад “Жавхлант шарга”-д уралдуулаад дундуур давхиулсан.
-Зүүн бүсийн уралдаан хязаалангаар эхэлсэн. Халтар үрээгээ айрагдана гэж бодоогүй байсан бололтой. 

-Бодоогүй. Хязаалангаа гаргачихаад майхандаа ирээд удаагүй байтал “морь ирлээ” гэдэг юм. Тархины дөрвөн адуу их хол тасраад хязаалан нэлээд цувж ирсэн шүү дээ. Хүн чинь цагаа тулахаар итгэдэггүй золиг байна лээ (инээв). Наанаас очиж байхад хэдэн адуу орчихсон юм. Араас нь яваад очсон дүү дөрвийн пайз барьчихсан бөөн баяр зогсож байсан. Халтар үрээ чинь даага, шүдлэн уягдаагүй. Хязааландаа анх уягдаж сумандаа ганц түрүүлсэн адуу. Бараг битүү шахуу адууг чинь тэр том наадамд айрагдчихна чинээ боддоггүй юм билээ. 
-Унаган адуу гэж байсан санагдана. 
-Эх нь манай жинхэнэ үндсэн адуу. Эцэг нь манай сумын, аймгийн Алдарт уяач Баатар гэж хүний Шүүлэн угшилтай хээр азарганы төл. Халтар үрээ маань тэгж сайхан өм нээгээд, маргааш нь хээр азарга тавд явж байгаад 20 гаргаж давхин, халтар морь аман хүзүүдсэн. Халтар мориндоо горьдлого тавьж байсан учраас уралдааныг нь дагасан юм. Арханаас сайхан туулсаар, үзүүр дээрээ нэг өнгөлөөд  аман хүзүүднэ лээ. Зоримог, араас нэхэж уралддаг, халшрахыг мэддэггүй адуу л даа. Яг л тэр зангаараа тувт урагшилсаар байгаад айрагдана лээ. 
-Халтар мориныхоо удам угшлыг танилцуулаач. 

-Эцгийнх нь эцэг Халзан гаралтай адуу. Баяндэлгэрийн аймгийн Алдарт уяач Аварга Чулуунбаатарын адууны угшилтай хар үрээг би дүүгээс нь авч азарга тавьсан юм. Эх нь манай хадам өвгөний Ширээт угшилтай хүрэн гүү. Миний хүүд бэлгэнд өгсөн юм. Халтар морь бол хар азарга, хүрэн гүү хоёрын төл.
-Хэдий үеэс уягдсан бэ?
-Дааганаас нь эхэлж уясан. Хязааландаа сумын наадамд долоогоор давхиад, баруун хойшоо Баяндэлгэрт очиж бага наадамд нэг түрүүлж, сургуулийнх нь ойд аман хүзүүдсэн. Шар бүрдэнд болсон нэг уралдаанд бас аман хүзүүдсэн юм байна. 
-Хязаалангаасаа хурдалжээ дээ.
-Тийм. Соёолондоо дөрөв түрүүлсэн. Тэгээд хавчиг өнжиж, долоотой морь сумандаа болсон хаврын уралдаанд айрагдаад, аймаг явах гэсэн ханиаднаас болоод чадаагүй. 2012 онд найман настай морь нэг түрүүлж, хоёр айрагдсан. Тэгээд Таван толгой трансын Дагвадоржид очсон доо. 


-Тод манлай Сүхбаатар аймгаас олон хурдан хүлгийг үнэлж авсан байдаг. Нууц биш бол таны халтар морийг ямар ханштай авч байсан юм бэ?
-50 гаруй сая төгрөгөөр наймаалцсан. Мөнгө гол нь биш л дээ. Нэгэнт хурдан хурц нь тодорчихсон адууг зарах сонирхолгүй, зарлаа ч сайн хүнд өгөх хүсэлтэй байдаг шүү дээ. 2012 онд авъя гээд хүмүүс ирэхэд нь би өгөөгүй юм. Тэгсэн дараахан нь Одгэрэл Тод манлай “Өөрөө уяна” гээд биеэрээ хүрээд ирэхээр нь улсын том цолтой уяач сайн уяад, уул усны нэр гаргах байх гээд өгөөд явуулсан юм. Харамсалтай нь дараа зун нь гүйлгээд алдчихсан гэнэ лээ. Тэгээд ер сураг гараагүй. Сунгаануудад их сайн байна гэж дуулдаад байснаа улсад уралдахааргүй боллоо л гэсэн. Завханы ойд аваад явсан ч бас мордуулж чадаагүй гэсэн. . Одгэрэл уяачийг том цолтой, тэгээд итгэл найдвар тавиад, уул ус нь харна биз гэж бодоод өгч явуулсан. Тэгээд адуунд нь тавиад гүйлгээд алдчихсан юм шиг байна лээ. 
-Харамсалтай хэрэг болжээ. Эцэг, эх нэгтнүүд нь хурдалж байна уу? 
-Тэр хүрэн гүүнээс гарсан эр төлийн ихэнх нь давхисан. Хээр морины дүү хүрэн үрээ даагандаа Баяндэлгэр, Дарьгангаар айрагдаад, шүдлэндээ сумын наадамд түрүүлж байлаа. Даанч би хөлийг нь болиочихсон юм. Бас нэг дүү нь даагандаа сумын наадамд аман хүзүүнд давхисан. 
-Зүүн бүсэд айрагддаг халтар үрээ дараа нь ямар амжилт үзүүлсэн бэ?
-Аймгийн ойн дараа намар нь дахин нэг уралдаж түрүүлсэн. Соёолон болдог өвөл нь хөдөө хашаа саравч муутай дааруулчихсан юм шиг байна билээ. Шээж чадахгүй хөлөө самраад байдаг болсон. Тэгээд хавчиг азарга хүүхэдгүй түрүүлснийхээ дараа адуундаа явж байгаад эндчихсэн       байна лээ. 
-Төл үлдсэн үү?
-Ганц эр төл үлдсэн.Ноднин соёолонгоос нь эхлээд уях санаатай оролдсон. Баяндэлгэрт болсон уралдаанаас харсан, явмаар шинжтэй юм билээ. Энэ жил хавчиг азарга тэжээгдэж байна. 
-Сүүлийн 10 хүрэхгүй жилийн хугацаанд Сүхбаатар аймагт Засгийн газрын тогтоолтой улсын бүсийн уралдаан дөрвөн ч удаа зохион байгуулагдлаа. Оролцдог байх. Ямар амжилт үзүүлсэн бэ?
-Азарга маань эндээд, морь малын хөл гарт эмгэг суугаад байхаар нь хол явахаа байсан. 


-Хэсэг зуур хэл амнаас хол байхаар шийдсэн үү? 
-За бараг л тийм дээ. Халтар азаргыг хязааландаа суманд түрүүлчихээд байхад нь хотод байдаг манайхны нэг хүн авъя гэхээр нь “Ав, ав” гэчихсэн. Тэгсэн ирж авдаггүй ээ. Зүүн бүсэд аваад очсон бас ирдэггүй. Тэгж байтал наадам эхлээд халтар үрээ айрагдчихлаа. Тэгсэн нөгөө хүн маань ирээд “үрээгээ авна” гэдэг юм. Том наадамд айрагдуулчихсан тул жаахан эргэлзсэнээ “Байг нь оролцуулаад 30 сая төгрөг өгөөд ав” гэсэн больчихсон. Тэрнээс болсон уу, халтар азарга маань эвгүй болчихсон. Гутаг сууна гэдэг нь болсон байх. 
-Зүүн бүсэд айрагдчихаар нь та үнээ нэмчихсэн юм уу? 

-Өмнө нь үнэ мөнгө яриагүй байсан л даа. Би ч нэг их үнэрхэхгүй, өөрсдөө мэдээд ав гэж байсан юм. Тэгсэн ер холбогдохгүй байснаа айрагдсаных нь дараа хүрээд ирсэн. Тэгэхээр нь шагналых нь мөнгийг оролцуулаад 20 хэдээр ав гэсэн үнэтэй санагдсан уу, аваагүй. Уг нь халтар үрээ их сайн адуу л даа. Их мориноос ч илүү. Хурд ихтэй, суудаггүй, шандас шөрмөс хачин сайн. Ёстой л адуу. Тийм болохоор нь ганц үлдсэн эр төлийг нь гамнаж уралдаж байгаа юм. Ноднин хавар сумынхаа сорилгод сайн байтал азарганд уруулчихсан. Тэгээд Баяндэлгэрт болсон бүсийн уралдаанд есөөр давхина лээ. Өвлөөс тэжээсэн өнөө жил л сайн уралдуулах санаатай байна. 
-Ер нь хэдий үеэс эхэлж морь уясан юм бэ?
-1994, 1995 оноос эхлэн морь уяж, 1999 онд анхны айргаа хүртэж байлаа. Тэр жил халтар морины эцэг хар азарга сумын наадамд таваар давхисан юм. Түүнээс хойш хэдэн жил өнжөөд, 2007 онд даага, соёолон айрагдуулснаас хойш айраг тасраагүй ээ. Жил болгон нэгээс, хоёр морь айрагдаж, түрүүлдэг байсан. Хамгийн өндөр амжилт үзүүлсэн буюу оргил үе нь 2012 он болох байх. Сүүлийн жилүүдэд цус сэлбэх зорилгоор хэд хэдэн үрээ авсан. Халзангийн Буурь гуайгаас авсан үрээ өнгөрсөн жил аймгийн наадамд зургаагаар давхилаа. Одооноос дажгүй сэргэх янзтай болж байна шүү. 
-Ингэхэд танай удам сударт морь уядаг хүн байсан уу? Удам дамжсан уяачид илүүтэй амжилт гаргаад байх шиг санагддаг. 
-Манай аав уях нь уяж байсан. Гэхдээ айхтар нөлөөтэй давхиулж байгаагүй. Насаараа мал малласан хүн. Миний хувьд энэ нутгийн эрдэмт сайн уяачдын нэг Баатар гэж хуурай ахыгаа даган морь уяхад суралцсан. Баатар ахаас авсан азарганы төл нь миний хээр азарга. Даагандаа сумынхаа наадамд айрагдаад, хавчигтаа аман хүзүүдэж байлаа. Тэгээд долоо, наймтайдаа дарааллан түрүүлж, естэйдээ аман хүзүүдээд, 10-тайдаа есөд давхиад хөлний асуудлаа болоод дахин уралдаагүй.


-Халтар, хээр зүсмийн адуугаар наадах юм. Зүсэнд учир байна уу?
-Манай аавын өвөө нүдэн чандмань хээр голдуу адуутай хүн байсан гэдэг. Нэгдэл байгуулагдахад нэлээд олон тооны адуу нийгэмчилж аавд хоёр сайн хээр морь үлдэж байсан гэдэг. Аав хоёр хээрийнхээ нэгийг уяж суманд ганц хоёр айрагдуулсан гэж ярьдаг юм. Тэгээд нэгдлийн мал маллаад, морь уях завгүй болж. Би сүүлд чандмань тамгыг нь сэргээж авсан. Түүнээс хойш хээр адуу надад их давхиад байгаа юм. Манай азаргануудын дийлэнх нь хээр. Ер нь хээр голдуу адуу давхина шүү. 
-Тийм учиртай байх нь ээ. Та бүхнийг залгамжлан хээр адуугаар наадах залуучууд тодорч байна уу?

-Би хоёр хүү, хоёр охинтой. Нэг хүү маань цэргээс ирээд хээр адуугаа уяж байна. 
-Морь уяснаас хойших 25 жилийн хугацаан дахь онцлог наадмын дурсамжаас хуваалцаач. 
-Сайхан дурсамжтай наадам олон бий дээ. Наадмыг том, жижиг хэмээн голдоггүй гэдэг. 2011 онд юм уу даа Баяндэлгэр сумын Баян овооны тахилга болж гурван насны морьд уралдахад дөрвөн адуутай очоод гурвыг нь түрүүлгэн, нэгийг нь арваадаар давхиулж байлаа. Тэгэхэд бас сайхан л санагддаг юм билээ. 
-Уясан болгон айрагдаж, түрүүлэн аз од гийсэн он жилүүдэд аархмаар санагддаг уу? 
-Тийм юм байхгүй. Гайгүй шүү дээ ах нь. Чимээгүйхэн шиг сууж байгаад довны улстай ганц нэг шил юм хувааж уувал уучихаад яваад өгнө. Түүнээс тэгж аархаж саагиж байсангүй. 
-Тиймдээ ч энэ олон жил амжилттай сайхан наадаж яваа биз ээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье. Олон сайхан наадмын дурсамжаар түүхээ зузаалаарай. 
-Их баярлалаа. Ерөөлөөр болог.

Сүхбаатар аймгийн Онгон сумын тусгай дугаараас...


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна