Сумын Алдарт уяач А.Ганбаатар: Одоогоос 26 жилийн өмнө Биндэр сумынхаа уяачдын холбоог байгуулж явлаа

Сэтгүүлч
2022 оны 11-р сарын 28 -нд

Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат, сумын Алдарт уяач А.Ганбаатарын ярилцлагы хүргэе.

-Ганбаатар уяачийн хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье. Таны дээдчүүл уяа сойлго тааруулж байв уу?
-“Тод магнай” сэтгүүлийг шимтэн уншигч Монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж амьдарч буй нийт уяачдадаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Уяачдын ихэнх нь удам залгасан байдаг даа. Харин миний хувьд үгүй ээ. Аав маань морь уях нь битгий хэл унааны адуу хэлцээртэй, /байхгүй гэсэн үг л дээ/ нэгэн явлаа. Би чинь 18 хүүхэдтэй айлын 11 дэх хавьцаа нь. Одоо ч цагийн эрхээр зарим нь “буцаад” 13-уулаа үлдсэн байна. Манайхнаас нэг дүү Хурхын сангийн аж ахуйд морь уядаг. Бас Ганшүхэр  ах маань сумын Алдарт уяач бол эгчийн хүүхдүүд ч адуу маланд дуртай, уяж хурдлуулдаг нөхөд бий. 
Багадаа би чинь эмнэг сургана. Бас хурдан морь унана. Үеийнхнээ бодвол оройхон морь унаж сурсан ч сайн унаач явлаа. Ингээд наймдугаар ангид орох жилээ анх морь уяж эхэлсэн юм. Тэр үед аав маань нэгдэл адуунаас идшинд 200 мянган төгрөгөөр хүрэн үрээ авсан нь их хурдан байж билээ. Би чинь аавынхаа хоёр нүдний дурангаар хууз Рэнцэн гэдэг хүнээс охин даага сольж авч байлаа. Тэр маань  гүү болоод хурдан адуунууд гарсан. Ийнхүү адуунд дуртай хүүдээ аав маань хар Гарам гэдэг өвгөнөөс сайхан унагатай хээр гүү худалдаж авч өгч билээ. Эр хүний хийморийг адуу сэргээдэг болохоор аав маань ихэд бэлгэшээсэн хэрэг л дээ. Хар Гарам гэж манай садангийн өвгөн, морь сайн уяна. Хоёр хурдан бор морьтой. Нэг нь түрүүлэхэд нөгөө нь аман хүзүүдэж байдаг мундаг уяач явлаа. Тэр үед манай ах сумын начин Ганшүхэр сумандаа түрүүлж,  байны шагналд буурал даага авдаг юм. Өнөө даагаа хүний улаан даагаар сольж хожмоо азарга тавьж, хээр гүүгээ хураалгаад хэдэн сайхан улаан адуутай боллоо. Манай Хэнтий аймгийн “Түмний эх” номонд бий. Зогоодаш гэдэг хүний адууны удмын азарга байсан юм. 
-Уяачийн баяр жаргалыг мэдрүүлсэн анхны айраг түрүүгээ хэзээ авч байв? 

-Би 1980 оны цэрэг. Тэр жил АХ-ын ойн баяр наадамд Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйн Тонгоон Балгансүрэнгийн том халзан азарга нь түрүүлж, бага халзан азарга нь аман хүзүүдэж байсан юм. Түүний хүү Ганболд надтай хамт алба хааж явсан найз маань байгаа юм. Ингээд халагдсаныхаа дараахан моринд хорхойтой найз дээрээ очвол хонгор халзан, сартай хүрэн хоёр үрээнээс дуртайгаа ав гэнэ. Би ч сартай хүрэн үрээг нь сонголоо. Тэгэхэд аав нь “энэ залуу хонгор халзан үрээг л авах байх. Харахад зүс сайхантай” гэж бодсон гэсэн. Тэгсэн хүрэн үрээг нь авчихсан чинь “яггүй буриад байна. Энэ хүрэн үрээ их гоё адуу байсан, аваад явчихлаа“ гэж шүүрс алдсан юм гэнэ лээ. Ингэж л би хурдан хүрэн азаргатай болж, хожмоо олон сайхан хурдан төлөөр нь наадсан. Сүхбаатар аймгийн Орлой гурван зээрдийн угшилтай адуу л даа. Надад хязаалан үрээ ирээд соёолон уяж чадаагүй юм. Ингээд хавчиг азарга сумандаа түрүүлгэж  билээ. Би хурдан хүрэн азарганыхаа төл хоёр хүрэн халзан мориор тун ч одтой наадсан хүн. 2008 онд зургаа түрүүлж, нэг гуравласан. Аймгийн наадамд үүдэн хоймор хэртэй хол зугтааж ирээд айргийн гурваар орчихож билээ. Миний халзан морь “Их хурд-5”-ын мандат авсан ч даанч би явж чадаагүй юм. 


Тэр жил 1985 онд Биндэр сумын “Бүтээлч” нэгдэл байгуулагдсаны ой давхар тохиож, би таван айрагтай наадсан. Зээрд азарга маань түрүүлж яваад барианд ойртоход шогшоод дөрөвлөчихсөн. Харин хязаалан бор халзан үрээ 2-3 км хэртэй хурдалсаар түрүү магнай болж, шүдлэн цавьдар халзан үрээ, улаан үрээ хоёр дөрөв, таваар  давхисан. Түрүүлсэн үрээ болохоор дээр өгүүлсэн улаан азарганы төл байлаа. Тэр улаан азарганаас дэлтэй улаан морь, хонгор халзан морь гээд сайхан хурдан буянгууд төрж намайг мөн ч их баярлуулсан даа. Түүнээс хойш олон ч жил морь уяж, том жижиг наадмуудад олонтоо айраг, түрүү хүртлээ. 
-Хүрэн халзангуудынхаа тухай жаахан тодруулаач?

-Ах нь буруу талынхаа гуян дээр том мэнгэтэй болохоор Мэнгэт халзан гэдэг юм. Нөгөөг нь нутгийнхан Буурал духт хүрэн халзан, Баавгай халзан гэж нэрийддэг байлаа. Мэнгэт халзан Баян-Адарга, Биндэр, Гурванбаян, Хэнтий аймаг, тойргийн хэдэн сумдаар олон айрагдаж, түрүүлсэн. 2008 онд найман настай аймагт очиж айрагдаад, 2010 оны “Их хурд”-ын мандатны эзэн болж байлаа. Хөөрхий одоо байхгүй л дээ, өөд болсон. Харин дүү нь хамгийн сүүлд Баян-Адарга сумын өвлийн наадамд 22-той айргийн гурваар хурдалж байлаа. Одоо байвал 25-тай байх байлаа, даанч хулгайд алдчихсан. Энд сонирхуулахад Өвгөн зээрд азарга 19 настай түрүүлж байсан бол манай нутагт 18-тай морь Биндэр сумын 60 жилийн ойгоор айргийн дөрвөөр орж байсан. Өр өвдмөөр атлаа бахархмаар шүү. 
Өөр бас нэг бор халзан азарга маань үрээндээ их хурдан байлаа. Өвгөн зээрд азарганы төл гүүнээс гарсан юм. Түүнчлэн Өвгөн зээрд азарганы төл нэг соёолон морийг суманд гурваар давхиулж байлаа. Би чинь сайн адуунд хөрөнгө оруулалт бол хийнэ шүү.Сүүлд миний нэрийг гаргасан Наран хул азаргаа Гурванбаян сумаас соёолонд нь худалдаж авч байсан юм.  Надад ирээд хавчиг азарга Биндэр сумын 70 жилийн ойгоор гуравлаж, Дадал суманд зохиогдсон өвлийн уралдаан, Биндэр суманд зохиогдсон өвлийн уралдаанд тус тус түрүүлсэн. Мөн өвөл хаврын уралдаануудаас хэд хэдэн айрагтай. 
-Сум, аймагтаа л наадаж байв уу?
-Тийм ээ. Мэнгэт халзанаа  ид хурдан байхад хоёр ч удаа аймаг явсан. 2007 оны өвөл очоод өвлийн сар шинийн уралдаанд зургаалуулж, 2008 оны зун айрагдуулсан. Үүнээс гадна аймагт болсон жижиг наадмуудад олон очсоон. Хэнтий аймгийг баруун, зүүн бүс гэж хоёр хувааж уралдахад Жаргалтхаан суманд болсон уралдаанд миний Мэнгэт зургаалж, манай галын Алтангэрэл даргын бор морь тавлаж байлаа. 

-Ганбаатар уяачийн хувьд хурдан хүлгүүдээ уяж хурдлуулахаас гадна морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэгэн гэх юм билээ. Энэ талаараа яриагаа үргэлжлүүлье?
-За баярлалаа. Би чинь 1988 онд Биндэр сумынхаа уяачдын холбоог үүсгэн байгуулж, 25 жил тэргүүнээр нь ажиллалаа. Бүүр ММСУХ-ноос өмнө шүү дээ. Гэхдээ холбооны тамга тэмдгээ аваад долоо, найман л жил болж байна. Бид чинь анхдагчид байгаа юм. Монголд морин тойруулга байна уу. Тэгэхэд манайхан хэдийнэ хийчихсэн байлаа шүү дээ, 2000 оны эхээр. Хэнтий аймгийн уяачдын холбоо байгуулагдаад арван хэдэн жил болж байхад Биндэрийн уяачдын холбоо 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Намайг тэргүүнээр ажиллаж байх хугацаандаймгийн Алдарт уяач долоо, сумын Алдарт уяач гучин хэд төрлөө. Энэ хугацаанд нутгийнхаа адууг үржүүлэхэд  өөрийнхөө хэмжээнд багагүй юм хийсэн гэж боддог. Зэргэлдээ Сүхбаатар, Дорнод, Төв аймгаас адуунууд авчирч байлаа. Одоогоос зургаа долоон жилийн өмнөөс Сүхбаатарын уяачидтай шифийн холбоо тогтоож, тэд манайд, бид тэднийд очиж нааддаг байлаа. 
1988 онд холбоо байгуулагдаж байхад уралдаан тун ч цөөхөн байлаа. Тэгэхэд бид буриадын постерной цохих гэж бооцоот уралдааныг зохион байгуулдаг байсан. Эрт дээр үеэс ирсэн морьдоо сойгоод бооцоотой уралддаг наадам л даа.  Энийгээ тавдугаар сарын нэгэн буюу Майн баяр, гуравдугаар сарын 8 буюу Март, дөрөвдүгээр сарын нэгэн болох Инээдмийн баяр, өвөл сар шинээрээ явуулна. Уяачид маань ч тэсэн ядан хүлээнэ.
-Бооцоо нь юу байх уу?
-Сүүлд ханш унаад мянган төгрөг хамна. Түүнээс өмнө бага ш дээ, тав, арван цаасаар л хамдаг байсан. Энэ утгаараа манайд морин тойруулгыг маш эрт барьсан юм. Би уяачдын холбооны дарга байхдаа Тод манлай уяач Сандуйжав гуайг урьж авчирч, уяачидтайгаа уулзалт хийсэн юм. Тэгэхэд Тод манлай “Монголд морин тойруулгатай сум байдаг гэж сонсоогүй юм байна” гээд толгой сэгсэрч байж билээ. Даанч сүүлийн нэг хоёр жил уралдахаа больчихоод морин тойруулга маань ажиллахгүй байна.
-Биндэрийн уяачдын холбооны “хуучин партизан” - уудыг танилцуулаач?
-Манай сум нэгдлийн дарга байсан Цэрэндорж, Төв аймгийн Базарын Гонгор нарын 15 хүн байлаа. Нарийн бичгийн ажлыг Цэрэндорж дарга хийнэ. Заримдаа холбооны түүхийг ингээд ярихаар хүмүүс их гайхнаа. Бүүр болоогүй Хэнтий аймгийн уяачдын холбооноос өмнө байгуулагдсан гэж үү, жаахан залаад байна уу гэсэн янзтай харна гээч. /инээв/
-Холбооны ажлаа яагаад өгөх болсон юм бэ?
-Нэгдүгээрт нас явчихлаа. Тэр хэрээр сэтгэж байгаа зүйл маань ч өөр болдог янзтай. Залуусын хүрээлэл нэг өөр, минийх бас нэг өөр гээд олон шалтгааны улмаас залуустаа өгсөн. Одооны тэргүүн Базарсад бид хоёр чинь гар нийлдэг уяачид гэж хэлж болно. Хамтдаа Дадал руу хоёр, гурван ч удаа очиж уралдаж, азарга, хязаалангийн түрүүг нь авч л явлаа. Итгэл даах залуу байгаа юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд сумын уяачдаа сайхан зохион байгуулаад Гиннесийн амжилтанд монгол адууг бүртгүүлэхэд оролцоод ирлээ. Ноднин Ерөнхий сайдын ивээл дор болсон “Адуучин” тэмцээнд манай сумын Алтаншагай түрүүлсэн бол энэ жил /2014 он/ Бат-Эрдэнэ шалгарлаа. Энэ мэтчилэн холбооны маань түүх өдрөөс өдөрт өргөжин тэлсээр л явна. 
-Та хэдэн оны сумын Алдарт уяач юм бэ?

-Уг нь ч сумын Алдартын болзлыг эрт хангачихсан ч өөрийгөө шагналтай биш дээ. Ингээд Базарсад дарга болж, өнгөрсөн жил цолоо авсаан. Одоо ч уяаны ажлыг маань хүүхдүүд үргэлжлүүлж байна. 
-Ноднин Биндэрийн 90 жилийн ойгоор сайхан наадав уу?
-Би морь уяагүй ээ. Зохион байгуулалтын ажилд гар бие оролцож, морины комиссын даргаар ажилласан болохоор завгүй байлаа. Би морины байнд 40-өөд сая төгрөгийг бүрдүүлж, сайхан л наадаад авсан. Наадам  зохион байгуулалт сайтай, бай шагнал өндөр байсанд зорьж ирсэн олон ам сайтай буцсан. 
Сүүлийн үед Биндэр суманд төхөөрөмж заавал хэрэгтэйг амьдрал харуулж байна. Би яг стандартын үйлдвэрийн төхөөрөмжийг авчирсан нь бас л анхных боллоо. Үүнээс өмнө 2005 онд Хэнтий аймгийн хойд бүсийн уралдааныг зохион байгуулж явлаа. Хоёр нас уралдсан энэ уралдааныг Жаргал даргатай “Зоригт трейд” компанийнхан, манай уяачдын холбоо хамтран азаргыг Планета-5 мотоциклиор байлж байсан юм. Харин 2010 онд “Хөвчийн жонон вангийн хурд” уралдааныг зохион байгуулж, түрүүг нь Портер машинаар байлж, Цогтбаяр гэж залуугийн хүрэн морь түрүүлж байлаа. Энэ мэтчилэн энүүхэндээ ч гэсэн  тэргүүн шугаманд зогсож, аливаад анхдагч байхыг хүсдэг. 
-Зохион байгуулагчийн албатай болчихоод морины ажлаа хойш тавиад байгаа бололтой юмаа даа?

-Гэхдээ дуртай ажлаа яалаа гэж орхих билээ. Энэ жил\2014 он\ гэхэд Баянхонгорын даншигт хүрэн даагатайгаа очоод давгүй наадаад ирлээ. Би МУ-ын Манлай уяач Пунцагийн Содном гуайн адууны Буудай азаргыг хурдан байгаад хөлгүй болоход нь авсан. Тэрний үр Буудай азарга надад бий. Түүний үр нэг үрээг  баруун тийшээ Говь-Алтай руу зарсан юм. Тэгсэн Ховдын баруун бүсийн уралдаанд болсон торгуудын баярт км хэртэй түрүүлж буйг ТВ9 телевизээр харсан юм. Эндээс үүдээд Баянхонгорт уралдъя гэж яриад ийнхүү зорьсон хэрэг л дээ. Түүнээс өмнө өнгөрсөн өвөл нэг Баянхонгорт очсон юм. Даанч цагдаагийн хамгаалалтаар хөөгдөөд ирсэн дээ. 

-Яагаад тэр вэ?
-Би уяачдын холбооны тэргүүний хувьд нутгийнхаа адууг сурталчлахаар хэдэн уяачдаа аваад очсон юм. Уг нь Монгол Улсын иргэн хаа ч уралдаж болно шүү дээ. Тэр үед зүүн аймгуудад шүлхий өвчин гарсан гэж шалтаглаад буцаасан. Гэтэл манай энд шүлхий сүүлийн 10-20 жил гараагүй л байхгүй юу. 
-Таныг бас морь цоллодог, шүлэг найраг оролддог гэх юм билээ? 
-Шүлэг гэж хэлэхэд айхтар хүмүүсийн хажууд ичмээр эд л дээ. Харин морийг бол цоллоно оо. Тойргийн хэдэн сумаа гүйцээчихсэн гэж болно. Гэхдээ том наадмуудад цоллож үзээгүй. Ямар ч байсан цоллож байгаа морио өөрийнхөө хэмжээнд тааруулаад дуудчихдаг юм. Яг өөрийнхөөрөө цоллоно. Өөрөөр хэлбэл хүн дуурайлгүй, өөрийн өнгө аясаар цоллодог гэсэн үг л дээ. Одоо ч хамаагүй болчихож. Тэрнээс түрүү морины цол нэг өөр, аман хүзүүнийх нь бас нэг өөр. Тэр бүү хэл нас насандаа өөр байдаг байлаа шүү дээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна, танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж байх болтугай. 

"Тод магнай" сэтгүүлийн Хэнтий аймгийн тусгай дугаараас...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна