Есөн отрын бүс нутагт 833.7 мянган мал өвөлжүүлэхээр тооцож байна

Сэтгүүлч
2022 оны 10-р сарын 10 -нд

Улсын хэмжээнд 2021 оны эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоологдож, 2022 онд 24.0 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 90.0 орчим сая мал бэлчээрлэж байна.

Зуншлагын байдал муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу зэргээс шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. 

Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд өвс 878.8 мянган тонн, сүрэл 3.4 мянган тонн, ногоон тэжээл 16.9 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 7.2 мянган тонн, гар тэжээл 23.6 мянган тонн, дарш 2.5 мянган тонн, хужир, шүү 38.9 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 59.0 хувийг эзэлж байна.

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 12.1 мянган тонн, тэжээл 3.5 мянган тонныг бэлтгэжээ. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 48.0 хувийг, тэжээлийн 28.3 хувийг бэлтгэсэн байна. Өвс, тэжээл бэлтгэлийн ажил үргэлжилж байна. 

Баруун бүсийн 5 аймаг буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээлийг өнөөдрийн байдлаар 83.6 хувьтай бэлтгээд байна. Баян-Өлгий 86.2 хувь,  Увс 95.4 хувь, Ховд 112.2 хувийг тус тус бэлтгэсэн нь бусад бүстэй харьцуулахад төлөвлөгөөний гүйцэтгэл сайн байгааг харуулж байна. Харин баруун бүсийн аймгууд аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 43.3 хувийг, тэжээлийн 30.5 хувийг тус тус бэлтгэсэн.

Отор нүүдэл нь 6 ангилалд хийгддэг бөгөөд тухайн жилийн зуншлагаас хамааралтай байдаг. Тухайлбал 2020 оны зуншлага 40 хувь гандуу байснаас 26.6 мянган өрхийн 11.7 сая мал отроор өвөлжсөн бол 2021 оны зуншлага 90 хувьд сайн байхад 19.0 мянган өрхийн 8.4 сая мал отроор өвөлжсөн. 

Энэ жил аймаг дундын 9 отрын бүс нутгийн бэлчээрийн даацад тохируулан 833.7 мянган мал оруулах тооцоотой, орон тооны бус зөвлөлийн хурлыг хийж байна.   

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.