Адууны намар цагийн арчилгаа

Сэтгүүлч
2022 оны 9-р сарын 26 -нд

Намар адууны тарга чамбайран өөхөлж гүйцэн улмаар махлах тул энэ үеийн маллагаа өвөл, хаврыг өнөтэй давах суурь болдог. Тиймээс ус хужиртай ойр, нам дор, тал хөндийн сөл сайтай газар нутаглавал сайн. Өвс ургамлын тухайд суль, хазаар, ерхөг, агь таана, хөмөл элбэгтэй, өтгөн өвс ургамалтай газрыг сонгох нь илүү. Зарим тохиолдолд говьд оруулж өөхөн тарга авахуулах бөгөөд ая таваар нь хариулан хүргэдэг. Ер нь намрын хайлган цагт адууг ширүүн хөөж туун хөлөргөхийг цээрлэдэг. Учир нь энэ үеэр адуу хөлөрөмтгий болох ба хэт их хөлөргөвөл тарга саатаж, цаашлаад турах тул аль болох хөдөлгөөн багатай, зөөлөн тогтуун маллахыг сургасаар иржээ. Тарга тогтож байгаа энэ үеэр хэнз ногоо, сөл сайтай бэлчээрт салхи сөргүүлэн бэлчээрлүүлэхийг сайн хэмээдэг. Мөн жилийн эрчим хүчээ нөөцөлж буй намрын цагт адууг хүйтэн бороонд цохиулах, цувуулж алс явуулах, хурааж хумихдаа ширүүн туухыг цээрлэж, бэлчээр ус нь тохирсон нутагт тогтвортой идээшлүүлэхийг хичээдэг. Энэ үед баас задгай хэвээр байна. Мөн цас ороогүй үед хад чулуу ихтэй, хатуу хөрстэй газар нутагт удаан маллавал улдаж, тарга хүч нь саарна гэж үздэг. Намар адууг өглөө бүр нар мандаж хяруу үгүй болсон хойно, орой нар шингэх хүртэл 2-3 удаа услах хэрэгтэй. Түүнчлэн энэ үеэр хээл авсан гүүг ширүүн хөөж туух, худаг усанд оруулахдаа шахцалдуулах, ялангуяа хөөж хөлөргөөд услах, азаргыг солих, азаргаа унахыг цээрлэдэг байна. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна