Тод манлай уяач Д.Мөнхбат: Хүч нь таарчихсан учраас нар, бороо алийг нь ч тоохгүй давхих байсан

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 12 -нд

-Төрийнхөө их цэнгэлд их насны морь түрүүлгэлээ. Баяр хүргэе. Уяачийн хамгийн том бахархал байдаг юм шиг санагддаг.

-Тэгэлгүй яах вэ. Морь уяж буй хүн болгон энэ мөрөөдлийг тээж явдаг. Жил өнжиж хүлээлт үүсгэсэн энэ наадмаар их насны морь түрүүлгэлээ. Үнэхээр их баяртай байна.  

-Их насны морь түрүүлгэх бахтай сайхан. Түрүүлгэхдээ ингэж хол тасарч тарлаж орох нь гайхамшигтай байлаа.

-Тэглээ тэглээ. Морины уяа ингэж сайхан таарсан нь хувь юм. Хүний амьдралд ганцхан тохиох 100 жилийн ойн баяр наадамд их насны морь түрүүлгэх их хувь надад тохиолоо. Уяач болсны минь хэрэг гарлаа. 


-Аав хүү хоёр төрийн наадам их насны морь түрүүлгэдэг байжээ.

-Тийм. Хэдэн жилийн өмнө хүүгийн минь уясан Амарбатын  хул морь түрүүлж байсан.

-Хэдэн жилийн дараа ийнхүү уяач болсны хэргээ бүтээж байна вэ?

-Гучаад жил морь уяжээ. Морь уясан цагаас эхлээд төрийнхөө наадамд их насны морь түрүүлгэчих сэн  хэмээн нууцхан хүсэл тээж явснаа ийнхүү 100 жилийн ойгоор биеллүүлээ.

-Хөлсний хашаанд хамгийн түрүүнд ирсэн байсан. Лавхан айрагдана гэдэгт итгэлтэй байжээ дээ.

-Тийм. Хээр морио айрагдана гэдэгт итгэлтэй байсан. Ер нь гурваас урагш орох байх гэж бодож байсан юм. Тэгээд  морио мордуулчхаад, дээл хувцсаа өмсөөд хүлээж байлаа.

-Хээр морь сунгаануудад өнгөнд байсан уу?

-Тэгсээн. Ер нь хурдан байсан шүү.

-Хээр морийг соёолон цагаас нь хойш уяж байгаа байх аа.

-Тийм ээ, сүүлийн гурван жил уяж байгаа. Анх соёолонд нь уяад улсын наадамд айрагдуулж байлаа. Өнгөрсөн жил хавчиг морь Ховдод түрүүлгэсэн. Энэ жил долоон настай морь улсад түрүүлгэлээ.

-Хээр морь хурдан адууны ямар шинж байдлыг агуулсан бэ? Уяа сойлгын хувьд ямар онцлогтой вэ?

-Хөнгөн уяатай, эм махтай адуу. Айхтар нухаад байвал ширгэчих гээд байдаг адуу. Ер нь зөөлөн аргадаж уядаг. Анх уяанд нь зөв шургуулчихбал болчихдог юм. Өнөөдөр хээр морь тарган ч биш туранхай ч биш дунд ирэн дээрээ сайхан түрүүллээ. Өөрөөр хэлбэл хүч нь таарчихсан учраас нар, бороо алийг нь ч тоохгүй давхих байсан.

-Дараагийн уралдаан шигшмэл морьдын “Их хурд” уралдаан уу?

-Тэгэх байх. "Их хурд"-даа мордуулчихаад аль бүс рүү явахаа шийдэх байх.

-Өнөө жилийн баяр наадам шинэ дүрмээр зохион байгуулагдаж байгаа. Баяр наадмын талаар ямар бодолтой байна вэ?

-Ингээд нэг талдаа гарчихсан нь зөв. Тэрнээс үүлдэрлэг байдал харахаар гадны нөлөө орчихоод байдаг.

-Ярилцсанд баярлалаа.Сайхан наадаарай.

-Баярлалаа.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 102.89.39.86

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply