УРАЛДААНЧ Б.БАТХҮҮ:УЛСЫНХАА НААДАМД АНХ УДАА УРАЛДАЖ, ХЯЗААЛАНГАА АЙРАГДУУЛЛАА

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 10 настай, 1019 дугаартай уралдаанч Б.Батхүүгийн унасан хээр үрээ аман хүзүүнд хурдаллаа.  Бид түүнийг барианы цэнхэр хашаанд орж ирэхэд баяр наадмын сэтгэгдлийг хуваалцсан юм .

-Сайхан наадаж байна уу? Өөрийгөө танилцуулах уу?

-Намайг Бямбабатын Батхүү гэдэг. Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны 122-р сургуульд сурдаг.

-Сая хэдэд оров?

-Улсынхаа баяр наадамд анх удаа уралдаад аман хүзүүдлээ.

-Ямар гоё хэрэг вэ? 

-Тийм шүү. Уг нь түрүүлсэн гэж бодсон.

Биднийг ийнхүү ярилцан комиссын гэр рүү алхаж явахад өөрөөс нь нэг, хоёр насаар л ах болов уу гэмээр хүү ирж “Дүүдээ баяр хүргэе” хэмээн үнсэж, хоёул уралдааны тухай яриа эхлүүлэн сэтгүүлч намайг яриа авч байгааг ч мартав орхив. Наранхүү хүү найман жил морь унаж байна гэнэ. Тэрээр маргааш азарга, их нас унаж уралдах тухайгаа хальтхан сонирхуулаад амжлаа. Сэргэлэн хөвгүүд юм.

-Дүүдээ юу гэж захиад гаргав. Анх удаа улсад уралдаж байгаа юм байна шүү дээ?

-Өглөө морь унахаар гарахад нь “Өнгөлөөд ирвэл амыг нь сайн бариарай ” гэж захисан.

-Айрагт багтаад ороод ирэхэд нь ямар санагдав.

-Нүднээс нулимс асгараад л байсан.

-Улсын баяр наадмын хамгийн гоё нь юу вэ?

-Улсын наадамд илүү олон морь уралддаг болохоор гоё санагддаг юм аа.

-Энэ баярт мэдээг хамгийн түрүүнд хэнд дуулгасан бэ?

-Ээж аав маань хөдөө амьдардаг. Ээж сая утсаар залгаад “Батхүү орчихлоо” гээд баярлаад л байна лээ.

-Та хоёр том болоод ямар мэргэжилтэй болох вэ? гэж асуувал ах Б.Наранхүү цагдаа, дүү Б.Батхүү эмч болно хэмээн цовоо хариулсаар комиссын гэрт орцгоолоо.  Ах дүүгээ гэрийн гадаа догдлон хүлээсээр...


П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна