Сумын Алдарт уяач Ц.Батцэнгэл: Гурав дахь айргаа авахад найз маань ирээд “чи хэлсэндээ хүрдэг юм байна аа” гэсэн

Сэтгүүлч
2021 оны 9-р сарын 06 -нд

Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6-р багийн харьяат, сумын Алдарт уяач Цэндээхүүгийн Батцэнгэл сүүлийн хоёр Дорнод аймагт амьдарч, хүлэг морьдынхоо уяа сойлгыг тааруулж байна. Төрийн наадмыг түчээлж асан нагац талаа дуурайн моринд элэгтэй болсон ах дүү Алдартуудын отгон тэрээр 1984 оны зун мэндэлсэн юм. Бид түүнтэй утсаар холбогдож дараах яриаг өрнүүллээ. 

-Морь хурдан, уяа эвтэй, зуншлага тавтай юу? 
-Морь хурдан, уяа эвтэй сайхан байнаа. АХ-ын 98 жилийн ойн баяр наадамдаа зориулан хоёр их насны морь, нэг хязаалан үрээ уяж байна.Би Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ирээд хоёр жил болж байна. Морьдоо Булган сумын уяачидтай хамт сунгадаг. Сунгаануудад морьд маань гайгүй л байна.
-Дорнодод уяад улсад ирж уралддаг юм уу?
-Өнгөрсөн жил энэ хавиараа наадаж, их нас, хязаалангаа айрагдуулсан. Өнөө жил мөн энэ хавиараа наадангаа, зүүн бүсийн уралдаандаа оролцоно доо. 
-Дорнод газрын гарц сайтай. Уяаны арга барилын зөрүү гарч байна уу?
-Газар сайхан гарах ч нүгэлтэй халах юмаа. Түүнийгаа дагаад ялаа шумуул элбэгтэй. Тэр нь л жаахан хэцүү. Бусдаар дажгүй дээ. 
-Ах дүүс цөм морь уяж, цол хэргэмд хүрэх нь тийм элбэг бус. Та бүхнийг морь уяхад хэний нөлөө байсан бэ?
-Манай аав морь уядаггүй. Харин ээжийн талд сайн уяачид олон бий. Та бүхний хамгийн сайн мэдэх Баянцагааны нэрт уяач Тожил, Банзрагч нар бол манай нагац талын хамаатнууд. Ах бид нар багадаа хурдан морь унаж байгаад сүүлдээ морь уядаг болсон. Ц.Батболд ах маань Нийслэлийн Алдарт, Ц.Батбилэг ах маань сумын Алдарт уяач цолтой.
-Та хэдий үеэс морь уясан юм бэ?
-13 настайгаасаа эхлээд 18, 19 хүртлээ Даваахүү, Батчулуун нарын нэрт уяачдын туслахаар ажиллаж морь уяхад суралцсан. 
-Мундаг уяачдаас суралцжээ. Батчулуун Манлайгаас юуг сурсан бэ?

-Батчулуун Манлай бол их насны морьдын уяаг илүүтэй тааруулдгаараа алдартай. Байнга морьтойгоо харьцаж, ярихаас бусдыг хийдэг хүн. Тийм хичээнгүй хүний дэргэд байгаа хүн хичээхээс аргагүй болдог юм билээ. 
-Тэгвэл Зууны манлайн дэргэд байхдаа юуг  ойлгож мэдэрсэн бэ?

-Даваахүү Манлай бол агуу хүн шүү дээ. Өөрөө л овсгоотой анзааргатай байвал ихийг сурна. Миний хувьд бага залуу байсан болохоор тэр мундаг хүнээс багыг сурсан байна лээ. 


-Хэдий үеэс бие даан морь уяж байгаа юм бэ?
-2005 оноос. 2006 оны Төв аймгийн наадамд их морь, даага, шүдлэн аман хүзүүнд хурдлуулсан. Хар морь Шунхлай группийн захирал Батхүү агсны аав Пүрэвийн адуу. Уг гарал нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу юм билээ. 
-Шүдлэн нь...
-Борлог шүдлэн Шунхлай угшлын адуу. Би Шунхлай группийн адууг олон жил малласан. Харин хээр даага маань манай өөрийн адуу. Хээр үрээ шүдлэндээ Баян-Өнжүүл сумын ойд таваар давхисан. 
-Төв аймгийн наадамд айрагдсан морьд улсын наадамд дээгүүр давхидаг гэдэг. Давхар уяагаар хаана уралдсан бэ?
-Улсад уралдаагүй ээ. Түүнээс хойш хэдэн жил Булган аймгийн Баяннуур суманд морь уяж, тэр хавиараа сайхан наадсан. Ухаа соёолон морь аман хүзүүдэж, найзын маань хоёр үрээний нэг нь түрүүлж, нөгөө нь дөрвөөр давхисан. Соёолондоо  Баяннуурт аман хүзүүдсэн ухаа морь дараа нь Өндөрширээт, Эрдэнэсантын наадамд айрагдаж, Максын ойд аман хүзүүдсэн. 
-Ухаа морь хаанахын адуу юм бэ?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу. Даагандаа Пүрэв гуайн хар морьтой цуг ирж байсан юм. Соёолон болсон хойно нь сургаж уяад Баяннуурт айрагдуулж хурдан гэдгийг нь мэдсэн юм. Түүнээс хойш хавар, зуны уралдаануудаас хэд хэдэн айраг авсаан. 
-2018 онд сумын Алдарт уяач цол хүртэж байж. Залуу Алдарт сүүлийн жилүүдэд хэрхэн наадаж байна вэ?
-Уржнан Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд очиж азарга түрүүлгэсэн.   
-Одоо ямар хүмүүсийн морь уядаг вэ? 
-Одоо өөрийнхөө морьдыг л уяж байна. 
-Наадам хаяанд иржээ. Ярилцлагаа таны хувьд тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе. 
-2006 оны наадам л юм даа. Эхний өдөр их морь, шүдлэн хоёр аман хүзүүнд хурдалчихаад байхад манай нэг найз ирээд “Одоо чи болсон юм биш үү” гэсэн юм. Тэгэхээр нь би наргиан болгоод “Болоогүй ээ, маргааш ахиад нэгийг авна” гэсэн. Маргааш хээр даага маань аман хүзүүнд  хурдалсны дараа нөгөө найз маань ирээд “Чи ч хэлсэндээ хүрдэг юм байна аа” гэж байсан. 
Ийм баяр бахдалт наадмууд олон байх болтугай. Та сайхан наадаарай. 
-За баярлалаа. 

Д.Энхтуяа  /2019 оны 6 сар/

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна