Аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбат: Өөрийн гараар хийсэн төхөөрөмжөө уралдаанд ашигладаг

Сэтгүүлч
3-р сарын 22 -нд

Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант” III багийн харьяат Даваанямын Эрдэнэбат 1966 онд сумынхаа хүн эмнэлэгт мэндэлжээ. Тэрээр ММСУХ-ны “Уяачийн алдар” одон, ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны “Уяачийн алдар” тэмдэг, АХ-ын 80,90 жилийн ойн медалийн эзэн юм. 

-“Шувуун саарал” МСУХ байгуулагдсан түүхээс яриагаа эхлэх үү?
-Миний хувьд 1987 оноос хойш л адууны дэл сүүл шууж байгаа хүн. Тухайн цагт уяачдын маань амжилт төдийлөн үнэлэгддэггүй байлаа л даа. Үүнээс үүдэн уяачдын хөдөлмөрийг үнэлдэг, цолыг нь олгодог байя гэж үзээд 2004 онд холбоо байгуулах ажлыг санаачилсан юм. Тэгэхэд би аймгийн төвд байсан ч медаль, өргөмжлөлөө бэлдээд Галтын морь уралддаг газраа анхны уралдаанаа зохион байгуулж байлаа. Энэ бол холбоо байгуулагдаад хийсэн анхны ажил болсон түүхтэй юм. Тухайн үедээ холбооны тэргүүнээр сонгох гээд бодож явсан хүн маань уяачдын холбооны дарга болоод явсан. Би чинь байгуулчихаад буцаж таарсан юм. Ингээд 2007 онд ахиад холбооны үйл ажиллагаагаа сэргээж, тавдугаар сарын 25-ны өдөр 25 уяач цуглаад тэргүүнээ сонгож байлаа. Түүнээс хойш 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн энэ хугацаанд бид дөрвөн удаа шилдэг холбоогоор шалгарлаа. Үүнээс өмнө уяачдын маань амжилт эндээ дарагдчихаад өөдөө болдоггүй. Анх чинь дөрөвхөн аймгийн Алдарт, сумын Алдарт уяач гуравхан л байсан. Тэгвэл өнгөрсөн 10 жилд 70 гаруй сумын Алдарт, 20-иод аймгийн Алдарттай боллоо. Уяачдын маань идэвх, урам зориг ч нэмэгдсэн. 
-2008 онд анх удаа сумын уяачийн энгэрийн тэмдэгтэй болсон гэсэн байх аа. Тэр тухайгаа яриач? 

-2008 онд манайх сумын Алдарт уяач 20, 30-тай болоход энгэрийн тэмдгийг давхар өгч байлаа. 
-Яагаад “Шувуун саарал” нэрийг онцолсон юм бэ? 
-Аймгийн “Дэлтэй цэнхэр” уяачдын холбоотойгоо уялдуулаад ”Шувуун саарал” гэж нэрийдсэн юм. Нөгөө талаар Хөвсгөлд Дархадын цэнхэр, цагаан адуу гэдэг чинь их хурдан удамтай. Тэр утгыг бас оруулсан хэрэг. 
-Өнгөрсөн 10 хэдэн жилийн хугацаанд таны санал санаачилгаар хийгдсэн ямар ажлууд байна вэ?

-Миний хувьд уяачдаа ордог, гардаг газартай, тэндээ ном сэтгүүл үзээд, мэдээ мэдээллээ солилцдог байгаасай гэж хүсдэг юм. Холбоо байгуулагдсан цагаас зохион байгуулалтын ажлыг түлхүү явуулж ирсэн. Хүүхэд гэхэд хамгаалалтын хувцас бүрэн, уралдаан гэхэд яг дүрмийн дагуу явагдана. Уяачдын холбоонд овоо тахилга нийлсэн жижиг, том янз бүрийн уралдааныг зохион байгуулж өгөхийг хүссэн хүсэлт, санал ирнэ. Энд эмх цэгц хамгийн чухал. Би өөрийн гараар хийсэн төхөөрөмжөө уралдаандаа ашигладаг. Сумдаасаа бид хамгийн түрүүнд төхөөрөмж ашигласан. Ноднин гэхэд аймагт би төхөөрөмжөө ачиж ирсэн. 
-Унадаг төхөөрөмж үү?

-Унадаг нь. 
-Хэдэн метр вэ?
-Зургаан метрийн зургаан ширхэг төхөөрөмж угсардаг. Хэдэн онд билээ, би чинь баяр наадмын талбайг бүрэн тохижуулж, түрүүлэн ирж байгаа морьдын бичлэг хийх пост, төхөөрөмжтэй болгосон. Мөн эхний таван морийг пайзтай болгосон. Бөхийн засуулыг дээлтэй болгосон. Тулгамдаад, зарим нэг нь санаанд орж ирэхгүй байна. Ямар ч байсан барианы газар, төхөөрөмжийг санаачилж өөрийн гараар бүтээсэн. 
-Та удам залгасан уяач уу?
-Үгүй ээ, манай дээдчүүлд уяач үгүй. Би Төв аймагт цэрэгт гурван жил болохдоо мал маллаж байсан юм. Тэнд морь тэжээдэг, унадаг, гүү саадаг гэхчилэн есөн шидийн ажил хийсэн. Энд байхдаа адуунд татагдаж эхэлсэн л дээ. Халагдаад сумандаа ирсэн, 14 хоноод сувай үхэр авч, хоёр жил малласан. Дараа нь нэгдлийн адуу хариулж байгаад хувьчлалаар 1990 онд тарчихлаа. Гэхдээ цэргээс ирээд л морь уяхаар оролдсон. 
-Одоо сум, орон нутгийн наадмаас хичнээн айраг, түрүүтэй байна вэ. Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн юм бэ?

-Уяачдын холбооны 10 жилийн ойгоор буюу 2017 онд аймгийн Алдарт уяач болж байлаа. 
31 жил морь уяжээ. Сүүлийн 10 жилд нь уяачдын холбооны ажлыг давхар хийж ирлээ. Энэ хугацаанд 2004, 2005 онд сумандаа одтой наадсан шүү. Миний хоёр халтар морь их сайн давхисан. Зургадугаар сарын 1-ний дааганы бооцоот уралдаан зохион байгуулж эхлээд удаагүй байсан үе. 2008, 2009 онд нэг даага түрүүлгэж, нэгийг айргийн дөрвөөр давхиулсан. Сумын баяр наадамдаа хоёр, гурван морь түрүүлгэсэн. Бас нэг даага түрүүлгэж, хоёр, гурван морь айрагдуулсан. Ингээд сүүлд уяачдын холбооны дэд тэргүүн болсноос хойш уяаны ажил суларсан тал бий. Сумын 90 жилийн ой болох гээд гадуур давхиж, давхиж шөнийн хоёр цагт очиход миний морь уяатай л байна, хөөрхий. Ямар сайндаа хэдэн уяачдадаа ч хэлж байх вэ. Холбоо гэж явсаар морио уяж чадахаа болилоо гэж. Гэхдээ уяачдын холбооны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хөдөлмөрийг маань үнэлж, морь уясан амжилттай нэгтгэн аймгийн Алдартыг өгсөн болов уу. 
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ. Хүүхдүүдээ моринд уруу татаж орхисон уу?

-Хоёр хүүхэдтэй. Нэг нь эрдэм ном хөөгөөд явсан. Нөгөө нь оюутан болж яваад эхнэр авч тусдаа гарсан. Ирж надад лав морь уяж өгөхгүй бололтой. Одоогоор ганцаараа л морио уяж байна. 
Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сум орон нутагтаа ирсэн биднийг ажлаа явуулахад бүх талаар дэмжлэг үзүүлсэн танд хувийн зүгээс талархлаа илэрхиилье. 
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. 

Д.Энхтуяа


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна