Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 01 -нд

Шүдний гэмийг “могой ороов”, “тэмээ хэвтэв” гэх гутаг буй. Үүнд шүдийг ханаж, доод шүд хөх хар болсон бол түүнд утаатай шар эсгий угааж, баруун хамраар нэг бага цөгц хутгаж өгнө. 

Морийг тарган цатгалан үед түгшүүлбэл хар модны шогшгой боргоцой буцалгаж нэг аягыг өгнө. Шүдний ёроолоос хагарах, шөрмөс атирах, нүд нь хөнхийх зэргээр өвдөх, мөн баруун дээд шүд нь эмт эмт ойчих, баруун захын дээд дөрвөн шүдний үзүүр хагарвал намар цагийн гэм гэж үзнэ. Эсрэгээрээ зүүн захын шүдний үзүүр хагарвал хавар цагийн гэм болно. Зүдэрч ядарсан морины шүд ойчихыг өвөл, зуны гэм гэнэ. Хүйтэн бороонд даарсан морины шүд шарлан, хаг болно. Дунд дөрвөн шүд нь хэлтрээд хөхрөх, соёоны үзүүр няцрах хагарах, шүлс нь өмхий болбол гуниг гутаг болсны шинж. 
Өвөл цагийн гэм дэлүү, бөөрөнд болох тул ууцан дээр жин тавина. Намрын гэм нь дэлүү саванд болох тул харууц болон жамц давсыг цагаан гүүний сүүнд зуурч өгнө. 
Үл гүйх морины буйлыг шүдлэн насанд нь шинжилнэ. 
Морь сүүлээ даллаж шарвах нь зүрх хугарсны гэм болно. Үүнд “чонын элэг” ургамал өгвөл сайн. 
Чоно хөөсөн моринд ямааны өөх өгч утна. Хулгай унасан морийг чавга, эсвэл зээрийн шилбэ хэмээх ургамал чанаад цутгаж өгнө. 
Морины нууц нь шүдэндээ илрэх тул “гэм, гутлага” шүдэнд гарна. Шүд нь хөх хар болбол утаатай шар эсгий угааж буцалгаж баруун хамраар цутгаж өгнө. 
Морь санаа алдах нь эзэндээ гомдож буй. 
Наадамд сойсон морио уралдахын өмнөх өдөр үдэш орой тавьж, маргааш эрт барина. Идшийг сайн тохируулан тэр шөнө бага идэштэй морийг харуй бүрийд тавьж, үүрээр барь уях хэрэгтэй. Мориныхоо идэшний их багыг сайтар ажиглан, хэрвээ их идэштэй бол бага зэрэг шогшуулаад уяна. 
Соёолон насны морийг арван ес хоногт уяж засан уралдана. Анх барьж уяад нэг хоногийн дараа олон гуядалгүй, ойр газар зөөлөн давхиулна. Гурав өнжөөд нэмнэж, хатирч хөлсөлнө. Ийм байдлаар хоёр, гурав өнжөөд нэг удаа хөлс авсаар тосон хөлс гарсны дараа гурав хоноод сунгахад тохиромжтой. Хэрвээ морины нүд жартайж, үс нь хэрвийж байвал уяа засал харшиж байгаагийн шинж бөгөөд соёолон морийг шөнө дунд тавьж, үүр цайсан хойно барьж уяна. 
Хязаалан морийг арван тав хоногийн хугацаанд уяж засна. Мөн нэг өнжөөд ойрхон зайд гуядалгүй үсэргэнэ. Хоёр өнжөөд нэмнэж, зөөлөн хатирч хөлс авах нь амьсгааг задлахад хэрэгтэй. Шүдний өнгө атираад хагачвал сайн давхихын шинж буюу. 
Шүдлэн болон дааган насны морьдыг ес хоногт уяж засаж болно. Өдөр болгон зөөлөн давхиулах нь амьсгал олж сурахад хэрэгтэй. Зөөлөн хатирч, нэгээс хоёр удаа хөлс авна. Энэ насны морьдын уяа засал таарч тохирвол шүдний өнгөн дээр хээнгэ гарна. Шүд нь эмт эмт унавал уяа засал таарч буйн шинж. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна