Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм

Сэтгүүлч
1-р сарын 06 -нд

-Баяр бахдал дүүрэн өдрүүдийг үдлээ. Төрийн наадамд аав хүү гурвуул цоллуулж зогсохыг харах бахдалтай байсан шүү.
-Баярлалаа. Зүүд мэт санагдсан, итгэж ядсан хэвээр л байна. Одоо ч баярлаж, хөөрсөн сэтгэл минь дундраагүй тэнгэрт хөвж яваа мэт санагдаж байна. 
-Өнгөрсөн жил мөн үрээ айрагдуулсан санагдана.
-Тийм ээ. Гэхдээ тэр манай дүүгийн нэртэй адуу байсан юм. Наадмын өмнө бид ярилцаж суугаад миний нэр дээр мордуулахаар болсон. Өнөө жилийн тухайд айрагддаг хул даага маань яг миний өөрийн адуу. Тэр утгаараа илүү санагдаж байж мэднэ. 
-Бүртгүүлсэн 242 үрээнээс 40 нь л уралдааны замд гарч чадсан. Хасагдчих вий гэсэн айдас байв уу?

-Бараг бүгд шахуу хасагдчихаар нь урам хугараад Алтанбулаг сум руу явчихсан юм. Тэнд миний даага түрүүлсэн. Тэгээд мэдээ үзтэл хул даага маань айрагдчихсан байдаг юм. Баярласан гэж. Бараг шоконд орсон. /инээв/ Тэр шок морь цоллуулах хүртэл бараг арилаагүй шүү. Түрүүн өөрийн чинь асуусан аав хүү, ах дүү гурвуулаа цоллуулж зогсох нь зүүд мэт санагдаж баяр дээр баяр нэмсэн. Ер нь тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм даа. 


-Морьтой хэр ойр хүн бэ?
-Ойр байлгүй яахав. Багадаа авга ахынхаа уясан морийг унаж сумынхаа наадамд уралддаг байлаа. Худлаа хэлээд яахав, айрагдаж, түрүүлгэж байгаагүй ээ. Цэргүүдэд хөөгдөж, ташуурдуулаад гурван жил хурдан морь унасан. Одоо эргээд бодоход тэр үе минь жаргалтай сайхан байжээ. 
-Морь уях тухайд хэзээнээс эхэлсэн бэ?
-Өнгөрсөн жилээс эхлээд илүүтэй анхаарал хандуулж байна. Түүнээс өмнө аавд туслах байдлаар оролцож, бусад үед нь ажил бизнестээ анхаарал хандуулдаг байсан. Сүүлийн жилүүдэд манай аав дүү бид хоёрт ажлаа даатгаад, бүх зүйлээ мориндоо зориулдаг болсон. Түүнийх нь ч үр шим гарч байна. 
-Танайхны багачуул адуутай ойр уу?
-Энэ албыг аавдаа даатгая гэж бодож байна. Багад ээж, аав ажлаа хийгээд, бид эмээ өвөөгөө бараадан хүн болцгоосон. Түүн шиг биднээс илүүтэй аав минь хүүхдүүдийг маань адуу малтай ойр болгож хүмүүжүүлэх байх. Өвөөд нь өгөөд хөдөө явуулж байя гэж бодоод байна. 
-Энэ ахуй соёлд багаас суралцах нь үнэ цэнийг илүүтэй мэдрүүлдэг шиг санагддаг. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна