Сумын Алдарт уяач Д.Басбиш: 2006 онд аймгийн статустай бүсийн уралдааны зургаан айраг авсан

Сэтгүүлч
2020 оны 8-р сарын 13 -нд

Төв аймгийн Зуунмод сумын  Зүүндэлгэр багийн харьяат, сумын Алдарт уяач Доржпүрэвийн Басбишийн ярилцлагыг хүргэе.

-Баян сумын уугуул юм байна. Баян сум эртнээсээ хурдтай, сайн уяач олонтой нутаг. Таны удамд уяач байв уу?

-Манай аав Төв аймгийн Баян сумын уугуул Доржпүрэв гэж уяач, ах нь Рэгжийбуу гэж хурдан морьтой аймгийн Алдарт уяач хүн байлаа. Аавын дүү Найдандорж ч мөн уяач хүн. Би бол таван настай морь унаж сураад зургаан настайгаасаа сумын наадамд унаж эхэлсэн. Миний уяаны багш бол ахын хадам аав, аймгийн Алдарт уяач Ичинноров гэж хүн байсан юм. Тэр хүнийг багаасаа дагаж хурдан морь уяж сурсан. Арван хэдтэйгээс морь тавьдаг хүүхэд байгаад тэрнээс хойш бие дааж морь уяж байгаа. 

-Аавынхаа уяаны түүхээс ярьж өгөхгүй юү?

-Манай аав Баян сумандаа айрагдаж түрүүлдэг хул азарга, саарал морь, хүрэн морь гээд хурдан адуунуудтай. Миний дээд талын ах аавын морьдыг унаж хурдлуулдаг байлаа.  Би харин саарал морийг нь ганц хоёр удаа унасан. Сүүлд хээр морийг нь унаж Баян сум, Өндөртолгойд нэлээд хэд айрагдуулсан. Аавын айраг түрүүний тоог нарийн сайн  мэдэхгүй, ямартай ч гэрт 10 гаруй медаль байдаг юм.

-Тэгвэл та анх ямар адуу уяж байв?

-Надад авга ах Рэгжийбуугийн адууны угшилтай бор азарга байсан юм. 2000 оны зуд болдгийн өмнөх жил байх аа, бор хусран даага анх уяж сумандаа түрүүлгээд, Өндөртолгойд мөн түрүүлгэсэн. Өндөртолгойн наадам дүүргийн статустай. Тэгээд Үнээгийн тахилгад очиж бас түрүүлж байлаа. Дараа жил нь шүдлэн үрээ Баян сумандаа тавлуулж, хязаалан соёолондоо олигтой давхиагүй. Хавчиг азарга Баян сумандаа дөрөвт оруулж, долоотойдоо гуравт давхиж, ямартай ч гурван жил дарааллан айрагдуулсан. Аймгийн 85 жилд авчирч 19-ээр давхиулж байлаа. Нийт долоо айрагдсан бор азарга маань надад хамгийн их хурдалсан адуу байгаа юм. 


-Дараа нь ямар адуу уяж хурдлуулсан бэ?

-Мөн Рэгжийбуу ахын адууны угшилтай хээр морь ихэвчлэн нэг жил хоёр түрүүлдэг хурдан морь байсан. Даагандаа хоёр түрүүлээд, шүдлэндээ сумандаа айрагдаад, хязааландаа мөн хоёр түрүүлсэн. Шүдлэндээ сумандаа түрүүлээд Багахангайд очиж мөн түрүүлсэн. Соёолондоо бас Багахангай, Баян хоёрт түрүүлсэн юм. Бүдүүн морь болоод Архуст сумын наадамд хоёр жил дарааллан айрагдсан.

Бас нэг хүрэн морь нэлээн олон айрагдаж түрүүлсэн. Миний санаж байгаагаар Багануурын бүсэд айрагдаж байсан.

Аавын дүүгийн адууны угшилтай хонгор азаргаа энд тэнд олон айрагдуулсан. Суманд гурав айрагдуулж, Багануурын бүсэд хоёр айрагдуулсан.

Хонгор морийг Дорнодын Хөлөнбуйраас өөрөө явж шүдлэн үрээ авчирч байсан. Хонгор морь Багануурт өвлийн бүсэд дөрөвлөж, зуны бүсэд аман хүзүүнд давхисан. Аймгийн бүсэд айргийн дөрөвт давхиж, Баян сумандаа нэг түрүүлсэн.

-Аймаг, сумын хичнээн айраг түрүүтэй вэ?

-Аймагт морь айрагдуулж чадаагүй л байна. Аймгийн бүсийн найман айрагтай. 2003 онд сумын наадмын 12 түрүү, арван хэдэн айргаар сумын Алдарт уяач болж байсан. 

-Хамгийн одтой наадсан жил гэвэл хэдэн оны наадам бэ?

-2006 онд их сайхан наадсан, морь ч хурдан байлаа. Багануурын өвлийн бүсэд нь хонгор азаргаа тавлуулаад, хонгор морийг соёолонд нь дөрөвлүүлсэн.

Зуны бүсэд дахиж очоод хонгор азарга гуравлуулаад, хонгор соёолон аман хүзүүдээд, азарга, саарал морь гуравт орсон юм. Тэр жилээ Баянжаргаланд аймгийн бүс болж миний хонгор соёолон дөрөвт орж, хонгор азарга долоолсон. Хонгор соёолон тэр жилээ аймгийн наадамд 19-д давхисан. Азарга 20 гаргаад дундуур ирж, их морь дуудуулсаар байгаад баруун үзүүрийн цаана суугаад 30 гаргаад ирсэн. Гайгүй хурдан байсан даага маань арван хэдэд ирсэн.Багануур явахынхаа өмнө сумынхаа наадамд уралдаад хонгор азарга гуравлаж, хонгор соёолон түрүүлээд, хээр хязаалан үрээ айрагдсан юм. 


-Ёстой л одтой жил байж. Нэг жил аймгийн статустай бүсийн уралдааны зургаан айраг авсан юм байна. Үлдсэн хоёр айргийг нь хаана, ямар адуугаар авч байсан бэ?

-2005 онд Архуст ойгоороо мөн аймгийн бүсийн уралдааныг хийсэн юм. Тэнд миний хонгор азарга гуравт давхисан. Сэргэлэн сумын бүсчилсэн уралдаанаар миний халзан азарга соёолондоо айрагдаж байлаа.

-Сумын Алдарт авснаас хойш найман ч аймгийн статустай бүсийн уралдааны айраг хүртсэн байна. Аймгийн цолонд дөхөж байгаа юм аа даа?

 Аймгийн цолны болзолд хүрэхэд хоёр айраг дутуу байгаа. Багануурын МСУХ-ноос намайг дүүргийн Алдарт уяач болох болзол хангагдлаа, эндээс  авах уу гэхээр нь би аймгаасаа авна гээд аваагүй. Дүүргийн алдарт уяачийн болзлоос аймгийн Алдартын болзол хоёроор илүү юм билээ.

-Танай энэ хавийнхан Төв аймаг болоод хотынхны морьдыг нэлээд уядаг юм байна. Та хүний морь уяж байна уу?

-Манай аавын дүүгийн хүүхэд Нямжавын морийг хэдэн жил уяж, морийг нь айрагдуулж түрүүлгэсэн. Тэр хүнийг моринд уруу татсан хүн нь би байгаа юм. Уржнангаас Их эед морио уяж байгаа. Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд нэг адуу тавлаж, нэг нь зургаагаар орж, бүсэд хоёр адуу нь айрагдсан сурагтай байна билээ.

-Авга ахын адууны угшлаар сайхан наадлаа гэж байна. Сүүлийн үед хүмүүс зүүн талаас их адуу авч байгаа. Дээр нь хаа сайгүй эрлийзжүүлж байна. Таны хувьд?

-Надад нэг ч эрлийз адуу байхгүй ээ. Ер нь манай адууны дээд угшил Рэгжийбуу ахын адууных. 2010 онд Баян сумаас Төв аймагт ирээд аймгийн Алдарт уяач “жоол” Доржоос “оосор” Дагва гэдэг хүний хар азарганы хүүхэд гэж бидэртэй хонгор азаргыг шүдлэн үрээнд нь авч байлаа. Хязаалан болдог жилээ их хурдан байгаад, соёолон жил нь машин дээрээс унагаад дахиж уралдуулж чадаагүй. Тэр бидэртэй хонгор азарганы төлүүд их хурдан байгаа. Сүүлийн үед Сүхбаатар, Дорнодоос ганц нэг адуу авсан. Тод манлай уяач Даваахүү гуайн Цолмон халтрын төлийн төл бий.  Сүхбаатарын Дашбалбараас хүрэн халзан даага авчраад шүдлэн, хязааландаа айрагдуулаад хулгайд алдчихсан юм. Тэгэхдээ Дашбалбараас хөгшин хүрэн азарга төлийг нь авах гэж авчирсан, төлүүд нь гайгүй давхиж байна.

-Ярилцсанд баярлалаа. Уясан хүлгүүд нь урамтай сайхан хурдлаг.

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна