Сумын Алдарт уяач Ч.Мөнхбат: Унаган адуугаараа хоёр түрүү, нэг айраг авна гэдэг тэр бүр давтагдахгүй амжилт

Сэтгүүлч
2020 оны 4-р сарын 06 -нд

 “Манхан” V багийн харьяат, сумын Алдарт уяач Чадраабалын Мөнхбат 1973 оны зун сумынхаа эмнэлэгт мэндэлсэн бөгөөд 2011 оноос морь уях төрийн хэрэгт шамдах болжээ. Таван жилийн дараа таван түрүү, 26 айргийн амжилтаар сумынхаа шилдэг уяачаар шалгарсан тэрээр 2017 онд 12 түрүү, 14 айраг хүртэн мөн л амжилтаараа тэргүүлсэн байна. Ч.Мөнхбат сайн уяачаас гадна эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж ЭМЯ-ны хүндэт жуух бичгээр шагнуулж, аймгийн Тэргүүний ажилтан болсон аж.

-Мөнхбат уяачийг морь уяхад хэн нөлөөлсөн бэ?

-Аав минь залуудаа 1970-1980 онд морь уядаг байсан юм. Чойжилсүрэнгийн Чадраабал гэж одоо 81 настай хөгшин бий. Чадраабалын хээр гэж хурдан мориороо сайхан наадаж байсан юм билээ. 1991-2000 онд албан ажил хийж төв суурин бараадаад морь уяхаа байсан.

-Чадраабалын хээр суманд хэд түрүүлж, айрагдсан морь юм бэ?

-Гурав түрүүлж, дөрөв айрагдсан гэдэг байх аа. Аймаг руу уралдаж байгаагүй. Алаг-Эрдэнэ, Сүмбэр, Хатгал энэ хавиараа уралддаг байсан.

-Таны хувьд багадаа аавынхаа хурдан морийг унасан байх?

-Би хурдан морь унаж байгаагүй ээ. Манайх төв газар байдаг учраас хөдөө өсөөгүй. 2011 оноос морь сонирхож Хэнтий аймгийн Буяндэлгэрийн Жинст хонгорын охин төлөөс гарсан хонгор азаргыг Төмөрбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баясгалан гэдэг ахаас намар 10 дугаар сард шүдлэн үрээ авсан. Өвөл нь тэжээгээд, 2012 оныхоо Алаг-Эрдэнэ сумын Даахийн өвлийн бооцоот уралдаанд хязаалангаа соёолонд уралдуулж түрүүлгэн гараагаа эхэлсэн дээ.

-Түүнээс хойш зургаан жилийн хугацаанд хэр амжилттай наадсан бэ?

-Энэ зургаан жилийн хугацаанд аймаг, бүсэд явж наадаж байгаагүй ээ. Зургаан жилийн амжилт гэвэл сумын статустай болон багийн, бооцоот уралдаанаас 101 айраг, түрүү авсан байдаг юм. Үүнээс сумын чанартай наадмын амжилт нь долоон түрүү, 13 айраг.


-Сумын баяр наадмын долоон түрүүгээ нэг бүрчлэн яриач.

-2012 онд Алаг-Эрдэнэ сумын баяр наадамд хонгор азаргаа хязааланд нь аман хүзүүдүүлж, унаган хар шүдлэнгээ түрүүлгэсэн. Түнэлийн ойд хар шүдлэнгээ 10, хонгор хязаалангаа долоогоор давхиулсан. Дараа жил нь 2013 онд хонгор соёолон Хатгалын баяр наадамд түрүүлж, хар хязаалан Хатгалын сургууль болон Ноосны үйлдвэрийн ойд гуравлаж, хүрэн халзан соёолон морь дөрвөөр давхисан. 2014 онд хонгор азарганы анхны төл хүрэн даага суманд орж чадаагүй ч бага наадамд олон орсон. 2015 онд Тариалан сумын цаг уурч Батаа гэдэг залуугаас цэгээн сүүлтэй их насны морь худалдаж авсан юм. Тэр морио Алаг-Эрдэнэ сумын баяр наадамд аман хүзүүнд хурдлуулсан. Мөн Сэлэнгэ гаралтай хээр үрээ худалдаж аваад сумынхаа наадамд айргийн дөрөвт давхиулсан. 2016 онд хонгор азарганы төл саарал, хул даагыг Хатгалын баяр наадамд түрүүлгэж, айрагдуулсан. Дараа нь Арбулагийн баяр наадамд хул даага нь түрүүлж, саарал нь айрагдсан. Тэр жил 90 жилийн ойдоо хул нь зургаа, саарал нь 12-т давхисан. Ингэж нэг жил хоёр даагаа ес уралдуулж, наймд нь айрагдаж түрүүлснээс төрийн наадамд хоёр айрагдаж, хоёр түрүүлсэн. 2017 онд хул шүдлэн Алаг-Эрдэнэ, Хатгалын баяр наадамд түрүүлээд, мөн хонгор азарганы төл хонгор халзан даага сумынхаа баяр наадамд түрүүлсэн. Хүрэн хязаалан аман хүзүүдсэн.

-Хонгор азарганы төлүүд сайн давхиж байгаа байх нь ээ?

-Хонгор азаргандаа Мөнхбаяр гуай, Монгол Улсын Алдарт уяач Галбадрах гуай зэрэг сумынхаа сайн, сайн ахмад уяачдын хурдан адууны охин төлүүдийг авч тавьсан. Тэднээс гарсан төлүүдээр наадаж байна. Хонгор азарганы эхний төл нь энэ жил соёолон болж байна. Хүрэн соёолон, саарал, хул хязаалан, хонгор халзан шүдлэн гээд төлүүд нь бүгд сайхан хурдалж байгаа. Харин энэ жилийн даага тодорч гарч чадсангүй, есөөр давхилаа.

 -2018 он гарсаар яаж наадсан бэ?

-Даахийн хөндийн хаврын бооцоот уралдаанд анхны төл хүрэн соёолонгоо түрүүлгэсэн. Тэгээд баруун уулын тахилга, Баян-Өндөрийн тахилга наадамд тус тус аман хүзүүдсэн. Манай бооцоот уралдаан Эрчилийн хөндийд болсон. Тэр уралдаанд хул, саарал хоёр хязаалангаа айрагдуулсан. Мөрөн суманд болсон 2018 оны Ирээдүйн хүлэг шалгаруулах бага гурван насны уралдаанд саарал шүдлэн долоогоор давхисан. Зургадугаар сарын 20-нд Чандмань-Өндөрт болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд саарал шүдлэн 10-аар давхилаа. Өнөөдөр энэ баяр наадамд саарал нь түрүүлж, хул нь айрагдлаа. Тэмээн даваанд долдугаар сарын 2-нд болсон тахилга наадамд хул хязаалан, хонгор халзан шүдлэнгээ аман хүзүүнд хурдлууллаа.

-Харьцангуй залуу уяач, дээр нь жил бүрийнхээ амжилтыг тодорхой ярьчихсан учраас миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Ярилцлагаа сэтгэл дүүрэн наадмын дурсамжаар өндөрлөе?

-2016 оны сумынхаа баяр наадамд бага гурван нас буюу хязаалан аман хүзүүдүүлж, шүдлэн, даага түрүүлгэсэн. Тэр их сайхан наадам байсан даа. Унаган адуугаараа төрөлх сумынхаа баяр наадамд хоёрыг түрүүлгэж, нэгийг аман хүзүүнд хурдлуулна гэдэг тэр болгон байдаггүй амжилт юм уу гэж боддог. Тэгээд тэр жилээ Сумын Алдарт уяач цол авсан даа.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Энхтуяа 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.